📅

Монголд цаазын ял ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ

🕔 2019/05/02 17:20

Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу. Нийгэм өнөөдөр энэ асуултаас болж хоёр хуваагдчихаад байна. Гэхдээ хүмүүсийн ихэнхэд нь манайд энэ төрлийн ял хэрэгждэг эсэх талаарх мэдээлэл байдаггүй аж.

Энэ тухай товч мэдээлэл өгөхөд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард нэг мөр баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг, ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ингээд манай улс энэ оноос цаазын ялгүй улсын тоонд албан ёсоор орсон билээ. Тэгвэл энэ хэр зөв алхам байв. Цаазын ялгүй болсноороо бид урагш алхав уу, эсвэл алдав уу. Үүнийг дүгнэхийн тулд хэд хэдэн байдлаар судалгаа хийх шаардлагатай ажээ.

Түүхэн баримтаас харахад, Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр өнөөг хүрсэн байна. Харин энэ ялыг 18 нас хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оноохыг хуулиар хориглосон байж.

Мөн энэ ялыг 2012 онд түдгэлзүүлэхээс өмнө долоон төрлийн гэмт хэрэгт цааз оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн гэмт хэрэг орно.

Өөрөөр хэлбэл, 2012 оноос өмнө бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдүүд цаазын ял авдаг байв.

Гэхдээ судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ сэдэв дээр цаг ямагт сөргөлдсөн байр сууриас ханддаг. Зарим нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүрт гэмт хэрэг. Тиймээс олон нийтийн цаашдын аюулгүй байдлыг харгалзан алах ял оноох ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь үүнийг хүмүүн бус шийдвэр гэцгээдэг юм.

МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

Тухайлбал, сошиал дээр олны анхаарлыг татсан 11 настай охины үхэл нийгэмд айдас хүйдэс дагуулж цаазын ялыг сэтгээхгүй бол хүчирхийлэгч этгээдүүдийг тайган болгоё гэсэн иргэд олон байв. Өнгөрсөн сарын 29-ны орой Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт оройны 23:00 цагийн орчим насанд хүрээгүй 11 настай охиныг хүчирхийлсэн С.Төмөр гэгчийг цагдаагийнхан саатуулжээ. Үүгээр ч зогсохгүй сэжигтэн этгээд насанд хүрээгүй охиныг бузарлчихаад Сэлэнгэ аймгийэ Жавхлант суманд алга болсон есөн настай У гэх охиныг хүчирхийлж нас барангуут нь ууланд булсан гэх мэдүүлэгийг ч өгсөн аж. 

Энэ бол насанд хүрээгүй цэцэг цэврүү шиг нялх амьтныг хүчирхийлж хүслээ хангасан махан толгойт. Мөн тэрбээр хүний амийг зориуд, төлөвлөж, санаатайгаар бүрэлгэсэн хэрэг. Энэ мэт гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд өнөөг хүртэл амьд байгаа. Зарим нь бүр цагааджээ. Хүний аминд санамсаргүйгээр хүрэх тохиолдол байдаг ч санаатайгаар хөнөөнө гэдэг байж болшгүй гэм нүгэл. Иймээс л цаазын ял байх ёстой гэдэг дээр маш олон хүн санал нэгдэж буй.

Мөн сүүлийн өдрүүдэд дандаа бага балчир, нялх хүүхдүүд, бүр ой зургаахан сартай охиныг хүчирхийлсэн хэргүүд шилээ даран ил болсноос үүдэж олон нийт цаазын ялыг байх ёстой хэмээн үзэж буй билээ. Энэ аймшигтай хүний ёсноос гажууд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд зүй ёсоор насыг барна гэвэл хэтэрхий шударга бус мэт. Хэрвээ Монгол Улс цаазын ялаас татгалзаагүй бол хүчирхийлэгч нар зохих ялаа үүрсэн байх ёстой. Харин одоо тэд дээрх алуурчдын адил амьд сэрүүн байгаа.

Хэдийгээр цаазын ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, сүүн шүд нь ч ургаж гүйцээгүй, хөхнөөсөө гараагүй нялх хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг өмөөрөх арга даанч байхгүй. Тиймээс Монгол Улс цөөхөн хүн амаа хямгатай, айх аюулгүй байлгахын тулд цаазын ялыг зайлшгүй бий болгох ёстой.

МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ХЭРЭГГҮЙ

Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй, хамгаалуулах эрхтэй хэмээн заажээ. Нөгөөтээгүүр цаазаар авах ял байснаар гэмт хэрэг буурдаггүй гэж хүний эрхийн байгууллагынхан үзсэн байна.

Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй ажээ. Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч зарим нь ялын дээд хэмжээ оноох хэргийн тоог бууруулжээ. Харин БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж явна.

Харин Монгол Улс сүүлийн найман жилд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тун сайн үнэлгээ авсан гэнэ. Хэдийгээр энэ ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг ч Монголд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял ногдуулсан гэсэн судалгаа байдаг. Харин түүнээс хойших мэдээлэл алга.

Гэхдээ манай улсад байсан цаазын ял маш ээдрээтэй гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд тайландаа дурдсан байх юм. Тухайлбал, хүний эрхийн Эмнести интернэшнлийн судлаачид дараах байдлаар дүгнэжээ.

Нэн түрүүнд, цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг хороох нь байж болшгүй явдал. Өөрөөр хэлбэл, Монголын өнөөгийн нийгэм хүмүүст маш их дарамт, стрессийг авчирч байгаа нь үнэн. Харин ч эсрэгээрээ ард олноо соён гэгээрүүлэх чиглэл дээр түлхүү ажиллаж эерэг мэдээлэлийг өдөр болгон түгээвэл хүмүүсийн сэтгэлгээний хандлага ч өөрчлөгдөж мэдэх юм.

Хоёрдугаарт, Монголд цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь мөнгөгүйн улмаас хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй ядуу дорой хүмүүс байдаг аж. Мөн манай улсад хөдөлшгүй баримтаар хүний гэм бурууг бүрэн тогтоож чадахгүй байна гэж олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна. Гэрчийн мэдүүлэг бүрэн нотолгоо биш тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх нөхцөл маш их байгаа гэнэ. Тэгээд ч манай улсын баримт бүрдүүлэх, нотолгоо цуглуулах арга ихэд хуучирсан гэдгийг гаднынхан хэлж байгаа.

Гуравдугаарт, шүүхийн алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих магадлал их. Бодит жишээ ч бий. Хууль дээдлэх зарчимд тулгуурласан хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоо ч гэсэн хууль зүйн алдаанаас ангид байж чаддаггүй. Эмнести Интернэшнлийн тайлангийн хамгийн төгсгөлд байгаа хэсэг үнэхээр анхаарал татах аж.

Тодруулбал, Монголд цаазын ажиллагаа нууц байдалд явагддаг. Ялтныг хэзээ, хаана, хэрхэн хороосныг хэн ч мэддэггүй. Бүр өнөөг хүртэл манай улсад хүнийг хэрхэн цаазалдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх. Цаазлуулсан хүний цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй тул хүний эрхийн байгууллагууд үүнийг тодорхой болгохыг шаарддаг. Ямартай ч махантолгойтнуудын доодоход нь анхаарлаа хандуудах бус оюун санаанд нь хувьсал хийвэл энэ төрлийн үзэн ядмаар гэмт хэрэг буурах магадлалтай ч байж болно.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол