📅

Улс төрийн соёлгүй Монгол

🕔 2019/05/21 13:44

Хэдхэн хоногийн өмнө Японы парламентын нэг залуу гишүүн жаахан халамцуудаа болж болчимгүй үг хэлснийхээ төлөө төрийн түшээгийн албанаас саналаараа огцров. Чухам юу болсныг сонирхох юм бол өдгөө 35 настай Ходака Маруяма гэгч Курилын аралд очихдоо нутгийн нэгэн айлд зочлуулж иргэдтэй уулзахдаа арлуудын асуудлыг хөндөж, ОХУ-тай дайтах замаар буцаан авч болох юм гээд хэлчихэж. Үүнийгээ миний хэлсэн үг парламентын гишүүн хүний хэлж болох хязгаараас давсан гэдгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Уучлал ч хүсч. Тэгээд ч зогссонгүй парламентын гишүүнээс огцрох санал гаргажээ.

Энэ бол улс төрийн том соёл юм даа. Урьд нь ч гэсэн гадаад орнуудын зарим сайд, дарга нар хэлсэн үг, бага ч гэсэн хийсэн үйлдлээсээ болоод албан тушаалаа өгч байсан баримт зөндөө л бий. Мөн Японы төрийн албаны нэг хүн би хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй. Иймээс төрд алба хаах нь зохисгүй юм гээд албанаасаа татгалзаж байсан.

Хаанахын ч билээ нэг сайд эмэгтэй хүний өвдөгөнд зөвшөөрөлгүй гар хүрсний улмаас огцорлоо л гэсэн. Соёлтой улс орны дарга, сайд нарын ийм жишээг хэлээд байвал зөндөө. Гэтэл манайхан яаж байна. Зарим нь хууль зөрчиж, хөрөнгө мөнгө завшсан, элдэв хуудуутай хэрэгт орооцолдсон ч түүнийгээ юман чинээ бодохгүй суудал, сандалдаа шигдсээр л байдаг. Энэ нь Монголын төр, засгийг муухай харагдуулж байгаа юм. 

УИХ-ын гишүүд гэхэд янз бүрийн хэрэгт холбогдсон нь олон ч, халдашгүй байдал гэдэг “хана хэрэм”-нийхээ цаана нуугдсаар байгаа. Өөрсдийн баталсан хуулиа зөрчөөд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд авч завшиж, ЖДҮ-чин гэдэг нэрийг зүүсэн хүн олон бий. Зарим нь бүр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэгдээд байгаа. Бүр сүүлдээ бусадтай сүлбэлдэж эх орноо худалдсан хэрэгт холбогдох янзтай.

Тэдний чуулганы танхимдаа хийдэг хэрүүл хараалын тухай ярих юм бол бүр хэцүү. Бие биенээ авах юмгүй болтол доромжилж худалч, хулгайчаар нь дуудна. Ална хядна гэж хүртэл хэлнэ гээч. Нэгэн рүүгээ салаавч гаргах бол энүүхэнд, бүр наад захын явдал. Ажил албаа хийдүүлж тасалдаг талаар тэд жирийн иргэдээс хол илүүтэй.

Сүүлийн үед 10 сая ам.долларын хахууль авсан нэгний тухай яриа дэгдээд л байгаа. Там тум сургаар бол Засгийн газрын нэг сайд байж болох магадлалтай л гэх юм. Яалаа ч гэж би авсан гэж хэлэхэв. Яг баригдсан ч, би тэгээгүй, хийгээгүй гэж гүрийдэг нь монголчуудын зан юм чинь.

ЖДҮ гэгч баллуурдаад ч нэмэргүй ноцтой хэргийг гардан зохион байгуулсан нөхөр гэхэд гэмт явдлаа сайдын суудлаар арилжчихаад одоо цэв цэвэрхэн “амьтан” хууль ёс, шударга байдал гэж яриад л сууж байна. Зарим ЖДҮ-чий нь суудал, сандал дээшилж байгаа ч харагдах.

Энэ мэтээр Монголын нийгэмд муу муухайгийн жишээг УИХ-ынхан ёстой л өнгөтөөр нь үзүүлж байх юм. Тэгэхээр жирийн нэг амьдрахын төлөө зүтгэн яваа иргэн бусдын жаахан юмыг завших нь юу юм бэ. Хуульд тулгагдахаараа тэр УИХ-ын тэр гуайн жишээгээр би ажилласан шүү дээ гэж ч магад.

Соёлт орны дарга нарын жишгээр бол манай УИХ-ынхан өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг, хоёроороо огцорсоор байгаад одоо 20-иод нь үлдсэн байхаар л юм даа. Нөгөө талаар нийгмийн энэ буруу тогтолцоог бий болгох аргыг төр, засгийн дээдчүүл нь “багшилж” заагаад л байгаа юм уу даа. Буруу үйлдэл, гэмт явдлаа зөвтгөх гэж улайн цайм зүтгэдэг тэнэгүүдээс хол яв гэсэн үг хүртэл гарсан байх юм.

Ц.Жаргалсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол