📅

“АЛТАЙ ТАВАН БОГД” хайрханы тэнгэрийг тайж, тахилаа

🕔 2019/08/05 19:37

Намрын тэргүүн сарын Балжиннямтай тэгш сайн өдөр /2019.08.03/ Монголын ард түмэн, сүсэгтэн олон Монгол орны дээвэр болсон Өндөр их Алтайн оргил "Алтай Таван богд” хайрханы тэнгэрийг тайж, тахилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Алтай таван богд хайрханыг тахих тухай шийдвэр гарч, анх 2014 онд тахиснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдэж буй юм.

"ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛ"-ыг төр, шашны ариун үйлийг хослуулан, ёслол төгөлдөр үйлдэх дэг жаягтай бөгөөд "Ганжуур”, "Данжуур” их хөлгөн судар, 108 зул, Эрдэнийн бумба, Найман тахилгыг тусгайлан бэлджээ. 
Төрийн тахилгат их хайрханы тэнгэр тайх ёслолд  УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн үндэстэн ястнууд, гадаадын аялагч, жуулчид, элэг нэгт Өвөрмонголын ахан дүүс болон нутгийн зон олон оролцож, Алтай хайрхан уулсдаа ард олон нутаг усныхаа, элгэн садан, эх орныхоо ирээдүйг даатгаж, адис авлаа. 

Тэнгэрийн уул Таван богд хайрханы өвөр дээр эрхэлж, Тэлмэн цэнхэр Ховд гол эхийн рашаан сүүг хөхөж өндийсөн Өлгийчүүдийн амьдрал ахуй нь дэвжин дээшилж, буянт мал сүрэг нь өсөн үржиж, ашиг шим нь арвин байсныг аймгийн Засаг дарга А.Гылымхан Төрийн ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ онцолсон юм. 

Наран мандахтай зэрэгцэн Нарны тахилга үйлдэж, тэнгэрийг тайх ёслол эхлэхэд Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч Нар хур тэгширсэнд сүсэгтэн олон ихэд бэлэгшээж байлаа. 
УИХ-ын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд, төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн Х.Баделхан төрийн ёслолд оролцогчдод хандан "Ерөөл буян тэгширсэн энэхүү билэгт өдрийг зорьж, хүрэлцэн ирсэн нутгийн зон олон, нийт зочид төлөөлөгчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Их хайрханы маань тэнгэр, лус савдаг, сүлд хийморь ариун дагшин байж ард иргэд, зон олны минь хүсэл зорилго сэтгэлчлэн бүтэж түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн байхын сүүн цагаан цацал өргөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж танилцууллаа.

Ерөнхийлөгчийн илгээлт: 
"...Алтай ханы Таванбогд уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн ард иргэд Та бүхэндээ намрын тэргүүн сарын шинийн гуравны балжиннямтай билэгт сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлье. "Тэнгэр газрыг шүтэж, уул усаа түшиж ирсэн Монгол түмний цагийн цагт хадгалсаар ирсэн заншил, соёл, урьдын журмыг дагаж, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн Алтай ханы Таванбогд уулын төрийн тахилгыг үйлдэж байна. Төрийн тахилгын ёслолыг нийтээр баримтлах зан үйл, дэг журмыг мөрдөн явуулж, ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх, уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар тусгайлан мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Газрын зулай Алтай нутаг бол уулсын сүрлэг, усны цэнгэг, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, араатан жигүүртэн чуулж, өвс ургамал тэгширсэн, өнө эртнээс монгол түмний өгөөмөр баян өлгий, нөмөр халхавч болсон ариун дагшин шүтээн, ашдын заяат нутаг билээ. 
Алтайнхан уул ам бүрдээ өвөг эртний үеийн буурь бууц, үлдэл олдвор, хадны зураг, бичгийн дурсгал, булш бунхан, бугын хөшөө, хүн чулуу зэрэг хосгүй гайхамшигт түүх соёлын нандин өвийг хадгалан үеийн үед ариун, онгон оршиж байна. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг бид үеэс үед дархлан хадгалж уламжлан баяжуулан явах ёстой" гэжээ.

Үүний дараа Монгол Улсын арав дахь Төрийн тахилгат их хайрхан Алтай ханы Таванбогд уулыг уламжлалт Монгол зан үйлээрээ тахиж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн малчин н.Бямбын адуун сүргээс хөх зүсмийн морийг сонгон авч тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. 

 

 Ийнхүү Монгол орны дээвэр болсон Өндөр их Алтайн оргил Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайж, тахих үйл ёслол төгөлдөр болж лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайллаа. 

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд хайрхан нь Монгол улсын хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4374 метрийн өндөрт оршдог Хүйтэн оргил юм. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог Таван Богд уул нь таван үндсэн оргилтой, Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдогоороо онцлогтой юм. 
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтад авсан түүхтэй. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол