Г.Жамц: Бодибилдинг тэвчээр шаарддаг спорт
Энэтхэгийн Мумбай хотод ирэх сард болох бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй олон улсын хэмжээний мастер Г.Жамцтай ярилцлаа.
-Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Энэтхэгийн Мумбай хотод ирэх сарын 5-10-нд болох бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаагаад тун завгүй байна. Албаныхан болон тамирчид нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явахаар төлөвлөсөн.
Саяхан болсон 48 дахь удаагийн бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд бид өмнө нь байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэмцээнд манай 14 тамирчин оролцсоноос 12 нь шагналт байрт орж, Азийн аваргатай ч болсон. Энэ удаад ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна.
-Энэ удаагийн тэмцээний зардлыг тамирчид өөрсдөе гаргаж байгаа юу?
-Сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээн уралдааны зардлыг өөрсдөө гаргаж байгаа. Энэ удаад ч ялгаагүй байр хоол, замын зардал, бусад зүйлсээ бүгдийг нь өөрсдөө зохицуулж байна.
-Та бодибилдингийн спортоор хэзээнээс эхлэн хичээллэсэн бэ?
-2000 оноос хичээллэж эхэлсэн. "Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийг бодибилдингийн багш, дасгалжуулагч мэргэжлээр 2002 онд төгссөн. 2010 онд Солонгос улсад дасгалжуулагчийн “Кочи" академид мэргэжил дээшлүүлсэн.
Улмаар 2002 оноос хойш тэмцээн уралдаанд оролцож байна. Ер нь сүүлийн таван жил тэмцээн уралдаанд тасралтгүй оролцсон. Одоогоор “Перфект” боди клубт харьяалагдаж байна.
Энэ клубийг спортын мастер Г.Ганбаатартай хамтран ажиллуулдаг. Бид олон жил энэ спортоор хичээллэсэн болохоор гар, сэтгэл нийлэн ажиллахад сайхан байдаг юм.
-Клубээ байгуулаад удаж байна уу?
-2012 оны есдүгээр сарын 1-нд клубээ нээсэн. Манай “Перфект" “Мустанг" бодибилдингийн клубийн салбар байгууллага. Бид нийтийн биөийн тамир, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхийн тулд клубээ нээсэн. Энэ спортоор хичээллэхэд хүний сэтгэл зүй их тайвширдаг юм. Бас хорт зуршлаас татгалзаж чаддаг.
-Анх бодибилдингээр хичээллэж байсан үеэ одоогийнхтой харьцуулахад?
-Мэдээж 2002 оныг одоогийнхтой харьцуулшгүй. Идэж, уух зүйлээс эхлээд маш их ялгаа бий. Бэлтгэл сургуулилт их хийдэг хэрнээ хоол хүнс маш бага хэрэглэдэг байсан. Ямарваа нэг зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хөгждөг.
Одоо бидний ууж, идэж байгаа хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн, эдэлж хэрэглэж байгаа хувцас хэрэгсэл тэр чинээгээрээ өөрчлөгдөж, нэмэгдсэн. Миний хувьд бодибилдингээр тууштай хичээллэж, өөрт хэрэгтэй амин дэм, уургаа нэмэгдүүлсэн болохоор амжилт маань өссөн.
-Бодибилдинг фитнессийн холбоонд хэзээнээс харьяалагдах болов?
-Одоо манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бодибилдингийн хоёр холбоо байдаг. Түүний нэг 25 жилийн түүхтэй Монголын бодибилдингийн холбоонд шилдэг тамирчид харьяалагддаг. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхлэх үеэсээ л холбооны гишүүн болсон.
-Та бодибилдинг фитнессийн дунд үеийнхний төлөөлөл. Алтан үөийнхний тухай болон өөрийнхөө багш, дасгалжуулагчийн тухай ярина уу?
-Монголын дөрвөн удаагийн мистер Ж.Нурлан, мистер Б.Батсуурь, Л.Баянхүү, А.Энхтайван, Н.Алтаншагай гээд дурдвал олон хүн байна. Энэ хүмүүсээс би үлгэр дууриалал авдаг.
Мөн Ч.Баясгалан багшдаа энэ спортын үнэ цэнийг мэдрүүлж, зааж зөвлөдөгт нь талархаж явдаг. Сүүлийн жилүүдэд уйгагүй хичээллэсний дүнд амжилтад хүрч, ахиж дэвшиж байгаа. Цаашид улам их амжилт гаргахыг зорьж ажиллана.
-Энэ спортыг сонгож хичээллэсний учир юу вэ?
-Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж өссөн. Бодибилдингийн спортыг сайн мэдэхгүй байх үедээ кино жүжигчин болно гэж боддог байлаа. Кино жүжигчин л ийм том биетэй сайхан залуу болчихдог юм байна гэсэн ойлголттой байсан.
Хотод оюутан болж ирснээс хойш бодибилдингийн спортоор сонирхон хичээллэх болсон. Тухайн үед энэ чиглэлээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд л элсэлт авдаг байсан юм. Одоо бол өөрийн гэсэн байр суурьтай, энэ спортод мөр зэрэгцэн яваадаа маш их баяртай байдаг.
-Энэ спортын хамгийн сайхан болон хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
-Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндэд чиглэсэн зөв зүйтэй спортын төрөл гэж хэлж болно. Тэгш сайхан, булчинлаг биетэй болдог. Хэцүү бэрхшээлтэйг тоочвол зөндөө юм бий. Жишээлбэл, хоолны дэглэм хоёр гурван жилээр барина.
Хүмүүс зуны улиралд амарч зугаалаад, аялаад явж байхад бид хоолны дэглэм бариад, зуны халуунд бэлтгэлээ хийгээд явж байдаг. Гадагшаа, дотогшоо тэмцээнд явахад хоол хүнсээ авч явах, дээрээс нь шингэнээ хасах гээд асуудал зөндөө гардаг.
Хоолоо хэчнээн зөв зохистой хэрэглэж чадаж байна тэр чинээгээр амжилт гаргахад нөлөөлдөг юм л даа. Тиймээс асар их тэвчээр шаарддаг спорт.
-Хоолондоо их л анхаардаг юм шиг ээ?
-Бэлтгэлийн үөд тахианы цээж мах, өндөгний цагаан, брокли, заримдаа хавч, долоо хоногт нэгээс хоёр удаа үхрийн гол мах болон сээрний цул мах хүнсэндээ хэрэглэдэг. Будаа төмсийг ээлжилж иддэг. Нэмэлт уураг, амин дэм нэлээд хэрэглэнэ шүү.
Бидний хоолыг хийхэд хэцүү биш болохоор өөрсдөө бэлтгэдэг. Заримдаа гэрийн хүн маань бэлтгэж өгнө. Монголд энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх эмч бараг байдаггүй. Эмч найз нөхдийнхөө хүрээнд заавар зөвлөгөө авдаг. Сүүлийн үөд долоо хоногт нэг удаа эмчийн хяналтад орж, үзүүлж байгаа.
-Сүүлийн жилүүдэд манайд бодибилдинг фитнесс эрчимтэй хөгжиж байна. Тамирчдын амжилт ч ахиж байна. Манайхны хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар орны тамирчин байдаг вэ?
-Энэ чиглэлээр бэлтгэл сургуулилт явуупдаг клубүүд өөрийн гэсэн онцлогтой, Бидний хувьд улсын болон хотын аварга шалгаруулах тэмцээнээс байнга медаль хүртдэг. Тиймээс дасгалжуулалтын хувьд боломжийн гэж хэлж болно.
Азидаа хамгийн хүчтэй өрсөлдөгч Иран. Тэднээс сурч хэрэгжүүлмээр зүйл олон бий. Бид тэмцээн уралдаанд оролцохдоо бусад орны тамирчинтай байнга туршлага солилцож, ярилцдаг. Хамгийн гол нь хувь хүн өөрөө хичээвэл ямар ч амжилт гаргаж чадна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх миний хамгийн ойрын зорилго юм даа. Ерөнхийдөө дараа дараагийн тэмцээн уралдааны төлөвлөгөө гарсан байгаа.
Цаашид Монголдоо энэ спортыг хөгжүүлж, хүүхэд залуусыг фитнессээр хичээллүүлж, эрүүл зөв биө бялдартай, зөв хүмүүжилтэй болгоход анхаарч ажиллах болно.
Монголын фитнессийн холбоо, үе үеийн тамирчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй клубүүд тэднийг ажиллуулж буй хүмүүст “Эрч хүчтэй эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээө" гэж уриалмаар байна.
Ц.Заяа