Бодлогын том өөрчлөлт хийх шаардлагатай
Алтайчууд маань 2014 оноос ундны усны хэрэглээндээ "Эрүүл ус”-ыг хэрэглэж заншсан. Сүүлийн саруудад "Эрүүл ус”-ны нийлүүлэлт буурч тасалдан иргэдэд хүлээлт үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус газрын үйл ажиллагаа, санхүү болон холбоотой бусад асуудалд нь шалгалт хийхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тогтоол гарч ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Дээрх асуудалтай холбоотой хяналт шалгалтын дүгнэлтийн талаар ажлын хэсгийн ахлагч, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баян-Эрдэнэтэй ярилцахаар "Тодруулга” буландаа урин оролцууллаа. Энэхүү хяналт, шалгалтын ажил нь ямар нэгэн улс төрийн асуудалтай хамааралгүй гэдгийг уншигчиддаа сануулах нь зүйтэй болов уу. "Эрүүл ус”-тай холбоотой бодит мэдээ мэдээллийг дараах ярилцлагаас хүлээн авна уу.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ бүрэлдэж, ажил үүргийнхээ дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хэд хэдэн асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээр асуудлын нэг нь "Эрүүл ус” ОНӨААТҮГ-тай холбоотой. Үйлдвэрийн газарт хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтав. Гол зорилго нь гэвэл?
Та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тогтоолоор "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын санхүү, үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 0З-ны өдөр хүртэл 21 хоног ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Нандинцэцэг, Д.Ойнбилэг, Цагдаагийн газрын Эдийн засгийн ахлах төлөөлөгч Д.Төгсбаяр, аймгийн ОНӨА-ны ахлах мэргэжилтэн З.Мөнхнасан, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн О.Аюурзана, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Ц.Баттөр, аймгийн МХГ-ын эрүүл ахуйн Улсын байцаагч О.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.Пагмадулам, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ, Санүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ч.Дулмаа, А.Бүрэндэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж ажиллалаа. Монгол Улсын "Төсвийн тухай”, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай”, "Шилэн дансны тухай”, "Төрийн хяналт, шалгалтын тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг аймгийн "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын санхүүгийн ажиллагааны баримтанд тулгуурлан шалгаснаас гадна удирдлагаас гаргасан тушаал шийдвэрүүд, иргэн, хуулийн этгээдтэй хийсэн гэрээ, хэлцэл, "Эрүүл-Ус”-ны үйлдвэрийн эрүүл ус үйлвдэрлэх шат дамжлага, ариутгал, халдваргүйжилт, ажлын байрны эрүүл ахуй, үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, албан байр, агуулахын үйл ажиллагаа нь хууль, эрх зүйд нийцэж байгаад дүгнэлт өгөхөд шалгалтын зорилгыг чиглүүлэн ажилласан.
-Ямар шалтгаанаар "Эрүүл ус” иргэдэд хүрэхгүй байгааг тогтоосон байх. Үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх болов уу?
"Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явагдана. Үүнийг ажлын хэсгийн ахлагчийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй ээ. Харин дараах шалтгаанаар үйлдвэрийн газрын үйл ажиллагаа зогссон нь тодорхой болсон. Үүнийг манай Алтай хотын иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй байна.
1."Эрүүл-Ус” тээвэрлэдэг З автомашин бүгд эвдэрсэн. Нэг нь цахилгааны утас нь шатсан, нөгөө нь мотор нь цохисон, мөн нэг машин нь дугуй байхгүй шатгаанаар усаа тээвэрлэж чадахгүй байгаа.
2.Үйлдвэрийн дансанд мөнгө огт байхгүй. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх сангийн эх үүсвэргүй.
3.Ажилчид сүүлийн 3-4 сарын цалин аваагүй бөгөөд зарим ажилчид ажлаа хаясан учраас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан.
-Ажлын хэсгийнхэн тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаатай танилцсан гэлээ. Нэн түрүүнд шийдвэрлэх ажлыг тодорхойлсон байх?
Нэн түрүүнд шийдвэрлэх хэд хэдэн ажил бий.
1."Эрүүл-Ус”-аар Алтай хотын иргэдийг хангах асуудал байгаа. Энэ талаар аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл ус эхнээсээ иргэдийн гар дээр хүрч эхэлсэн.
2."Эрүүл-Ус” түгээж байсан 56-н дэлгүүр, одоо "Эрүүл-Ус” түгээж байгаа 8 цэгтэй үйлдвэрийн газар тооцоо нийлүүлэх шаардлагатай байна. Эдгээр ус түгээх цэг болон дэлгүүрүүдээс ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн авлагатай. Үүнийг авбал эхний ээлжинд үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эх үүсвэртэй болно. Энэ талаарх гаргалгааг бид аймгийн холбогдох удирдлагуудад танилцуулсан.
3.Цаашид "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулж иргэдийг эрүүл усаар тогтмол хангахад бодлогын том өөрчлөлт хийх шаардлагатай байна. Ус бол стратегийн хүнс учраас үүнд маш зөв бодлого явуулах ёстой. Хүн бүхэн, иргэн, айл өрх бүхэн усыг өдөр бүр хэрэглэдэг. Түүнээс биш сахар, гурил, будаа, давсыг хүмүүс хэрэглэхгүй хэд хонож чадна.
-Ажлын хэсгээс гадна Аудитын байгууллага шалган зөрчил илрүүлээд байгаа. Нийт хэчнээн төгрөгийн зөрчил илрээд байна. Зөрчлийн талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?
Аудитын газар хууль бус санхүүгийн үйл ажиллагаа, зөрчилд акт тавьсан байгаа. "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ 173 сая төгрөгийн өртэй байгаа. Зөрчил гэдэг бодит зүйл. Харин зөрчилтэй асуудал гэдэг бол өөр. Зөрчилтэй асуудал байгаа үүнийг мэргэжлийн болоод хуулийн байгууллага шалгаад үнэн худлыг нь тогтооно. Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлуудыг олон байна. Үүнд:
1.Өмнө нь ажил хариуцаж байсан ажилчид нь кассаар их хэмжээний мөнгө дамжуулан анхан шатны баримтын бүрдэл туйлын хангалтгүйгээр гүйлгээ хийсэн асуудал
2.Зарим ажилчдад хууль бусаар мөнгө завших боломж бүрдүүлсэн.
3.Нийт үйлдвэрлэсэн, борлуулсан усны зөрүүгийн асуудал
4.Орон нутгийн хөгжлийн сан болон холбогдох байгууллагаас дэмжлэг, хандиваар өгсөн хөрөнгийн зарцуулалтын асуудал\280 орчим сая төгрөг\
5.Хувийн дансаар гүйлгээ хийгддэг асуудал.
6.Үйлдвэрийн газрын 5315602458 тоот данснаас хүүтэй болон хүүгүй зээл авсан байгууллага болон хувь хүмүүсийн зээлийн асуудал
7.Байгууллагын 5315602458 тоот данснаас их хэмжээний мөнгө авч валютын арилжаанд оруулсан асуудал
8.Байгууллагын кассаар их хэмжээний бэлэн мөнгө дамждаг асуудал
9.Үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгийн тооллогын зөрүүгийн асуудал.
-Дээрх зөрчилтэй асуудлын дагуу ямар нэгэн арга хэмжээ авч байна уу. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Эдгээр зөрчилтэй асуудлыг бид холбогдох байгууллага болон хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагаар шалгагдаад хэн буруутай нь нотлогдвол тэр хүн хариуцлагыг хүлээнэ.
-Ажилчдынхаа сүүлийн 3 сарын цалинг өгөөгүй байгаа гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай ямар нэгэн шийдэлд хүрэв үү?
Энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн дарга нар үйлдвэрийн газартай очиж танилцсан. Ажилчдын сүүлийн саруудын цалинг шийдвэрлэж өгнө гэдгээ албан ёсоор мэдэгсэн.
-Уншигчдад маань үнэн бодит мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
Ярилцсан: Э.Нарангэрэл
Эх сурвалж: эх орон.мн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!