K-pop хамтлаг анх удаа Америкт хүлээн зөвшөөрөгдлөө
Энэ жилийн Billboard Music Awards арга хэмжээний Top Social Artist (Шилдэг сошиал уран бүтээлч) шагналыг Өмнөд Солонгосын BTS хамтлаг Жастин Бибер, Селена Гомез зэрэг алдартнуудыг ялж хүртлээ.
Долоон гишүүнтэй тус хамтлагийн нэр нь солонгосоор Бантан Сонёндан, англиар Bulletproof Boy Scouts буюу сум нэвтэрдэггүй залуус гэсэн утгатай.
BTS нь ийнхүү Биллбордын шагнал хүртсэн анхны K-pop хамтлаг болж байгаа юм.
Тэд R&B, hiphop хэлбэрээр дуулдаг ба дууны сэдэв нь голдуу нийгмийн агуулгатай, доромжлол, дарамтын эсрэг үзэл, сэтгэцийн эрүүл мэндийн тухай байдаг. Хамтлаг нь сошиал сүлжээнд 9.7 сая дагагчтай, YouTube видео бүр нь дунджаар 100 сая үзэлттэй байдаг юм.
BTS хамтлаг 2016 оны аравдугаар сараас эхлэн Биллбордын Сошиал 50 жагсаалтыг 25 долоо хоног тэргүүлсэн нь K-pop хамтлагуудын хувьд дээд амжилт болжээ. Тус хамтлаг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд япон хэл дээр 2, солонгос хэл дээр 3 цомог гаргасан ба одоо англи хэл дээр цомог гаргахаар ажиллаж, Лос Анжелес, Чикаго, Нью Йорк хотуудад аялан тоглох болсон байна. Хөгжмийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгос-Хятадын хооронд дипломат харилцаа муудсан нь тэднийг Америкийн зах зээлийг сонирхоход хүргэсэн байж магадгүй гэнэ.
2013 онд АНУ-д долоон K-pop концерт тоглож байсан бол дараах жилүүдэд 14 хүрч, 2016 онд 20 болсон байна. Харин 2017 он гарсаар 14 тоглолт зохион байгуулагдаад байгаа нь Америкийг зорих K-pop уран бүтээлчид нэмэгдсэнийг харуулж байгаа юм.