📅

Хаана данстай байх нь чухал биш гол нь мөнгөний эх үүсвэр чухал

🕔 2017/05/31 19:03
Ш. Раднаасэд: Хаана данстай байхдаа биш гол нь мөнгөний эх үүсвэр нь чухал
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулав. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана. Харин хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах, эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм. Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавьж байх юм гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд саад тээг болох агуулгатай зүйл хуулийн төсөлд байхгүй. Манай улсад үйлчилж байгаа одоогийн хууль тогтоомжоор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд Монгол Улсад ч, гадаад улсад ч данс эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн төсөлд заасан хязгаарлалт нь төрийн тухайн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд л үйлчлэх юм гэдгийг тодотголоо.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигчийн дансыг хэрхэх тухай асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь чухал, энэ нь эдийн засгийн агуулгаараа ч чухал бөгөөд ярвигтай асуудал учраас зөв, оновчтой тусгах шаардлагатай, УИХ-ын гишүүн Н.Оюундарь эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа ийм үед энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй, гадаад улс гэж бүх улс орныг хамааруулахгүйгээр дэлхий дахинд оффшор бүс гэж хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой улс орнуудад л данстай байхыг хориглох, түүнийг Засгийн газар жил бүр шинэчилж баталдаг байхаар зохицуулах боломжийг анхаарах санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажлын хэсэг тодорхой нэг бүс, арал, улс орон гэж ялгахгүйгээр гадаад улс гэж ерөнхий нэршлээр авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгааг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хаана данстай байхдаа биш гол нь мөнгөний эх үүсвэр нь чухал, иймээс хэрэгжих боломжтой, бодитой үр дүнтэй, амьдралд нийцсэн байлгах үүднээс хуулийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт анхаарч нухацтай хандах шаардлагатай гэдгийг хэлэв. Харин УИХ-ын гишүүн Л.Болд эдийн засаг хүнд байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчдад болгоомж төрүүлэх ийм хууль батлах шаардлагагүй тул Засгийн газар төслөө татаж авах хэрэгтэй, түүний оронд мөнгө угаахын эсрэг олон улсын конвенцид нэгдэж орох асуудлыг ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол