📅

Алдарт уяач Н.Батболд: Би магнай тэнэгэр нааддаг хүн

4-06-2017, 17:33
🕔 2017/06/04 17:34

Барилгын салбарын хүн яаж яваад хурдан моринд орчихсон юм бэ? Одоо ямар ажил эрхэлж байна.
-Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Морьт баян” компанийг ажиллуулдаг. Бас “Шунхлай ХХК”-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын менежер хийж байна.
Хөдөөний хүүхэд болсон хойно бага байхын л адуун дэл өслөө шүү дээ. Нагац өвөө, нагац ахынхаа уясан морийг унадаг байлаа. Багаасаа морины амтанд орсон болохоор орхиж боломгүй юм билээ. Өөрөө гарсан 2005 оноос морь уяаж байна. Энэ хооронд аймаг сумдын наадмаас нийтдээ 50 гаруй айраг түрүү хүртлээ. Миний нагац ах Далхсүрэн гэж аймгийн алдарт уяач бий. Нутаг орондоо нэртэй хурдан улааны эзэн байгаа юм. Миний амжилтанд нагац ахын маань нөлөө их бий. Ахынхаа заавар зөвлөгөөгөөр л морь уяж эхэлсэн дээ.
-Далхсүрэн алдартын улаан морины амжилтаас дурдвал бас сонин байх болов уу?
-Баян-Уул сумын унаган адуу. Аймаг сумандаа олон айраг түрүү хүртсэн. 18 орчим алтан медальтай байх шүү. Ховд аймгийн Дарви суманд болсон хоёр гавьяатын наадмаар хязааландаа түрүүлж байлаа. Тэгэхэд одоо манлай уяач болсон байгаа Түвдэн гуайн дүү Батмөнх давхилын хурдыг нь хэмжээд дуу алдаж байлаа. Дараагийн мориноосоо 1 км нэлээн гарангийн зайтай ирж байсан гэдэг. Даанч улсад явуулж байгаагүй.
-Та хаана хаанаас адуу цуглуулж байна вэ?
-2006 онд нагац ахтайгаа Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Дарьганга сумдаар орж, Асгат сумын Эрдэнэсүрэн гэдэг хүнээс бор азарган үрээ авчирч байлаа. Надад ирсэн жилээ аймгийн наадамд түрүүлсэн. Тэгэхэд бид 40 гаруй адуу авчирсан, бүгд сайн давхиж байгаа. Үүнээс жилийн дараа манай дүү бас Сүхбаатар аймгийн Асгат сумын Манал гэдэг хүнээс шүдлэн үрээ авчирсныг хязааланд нь би уяж аймагт түрүүлгэсэн. Энэ хоёр морь маань хаана ч очсон айраг түрүү алддаггүй буянтай амьтад. Би ч магнай тэнэгэр нааддаг хүн дээ.
Би хурдан морийг өндөр үнэ хүргэж авч үзээгүй. Зарим нэг хүмүүс хурдан морь өндөр үнээр аваад уралдуулдаг гэж боддог юм шиг байгаа юм. 2006 онд ах дүүсээрээ зүүн зүгээр явсан. Тэгэхэд адууны ханш ч гайгүй байлаа. Бид сонирхсон адуугаа дээд тал нь 1,5-2 сая төгрөгөөр авч байсан юм. Одоо ч адуу үнэтэй болж дээ.
-Аймгийн алдарт уяач цолыг хэзээ хүртсэн бэ?
- 2009 онд авсан.
-Танайхнаас олон хүн морь уяж байна уу?
-Бид эцгээс долуулаа. Аав маань барилддаг хүн байсан, аймгийн хурц арслан цолтой. Гэхдээ бид хэдээс барилдаж байгаа хүн алга. Эрийн гурван наадмын чимэг болсон морио уяж, аймгийнхаа наадмыг чимж байна.
Нэг дүү маань морь мал сонирхоно, уяна. Дүүгийн маань морьд сайн давхиж байгаа ирэх жилээс бараг аймгийн алдарт уяачийн болзол хангах дөхөөд байгаа байх шүү. Мөн манай бүл Балбаатар бидэнтэй хамтран морь уядаг юм.
Одоо хүүхдүүд ч адуунд их дуртай. Би хоёр бандитай, нэг охинтой. Манай дунд хүү зун болохоор аавыгаа дагаад л морь мал эргүүлээд явна. Хөвгүүд маань бас барилдвал барилдчихаар. Миний эхнэр улсын начин Энхжаргалын бүл байгаа юм ш дээ. Хоёр талаасаа бөхийн удамтай болохоор хөвгүүдээ барилдчих байх гэж боддог ч тэд моринд илүү сонирхолтой бололтой.
-Томоохон наадмуудад очиж байв уу?
-Боддог л юм. Одоохондоо тухайн үеийн цагийн байдал, зуншлага, өвс ногооны гарц гээд шалтгаалах юм их байна. Манай адуу голдуу Баян-Уул сумын хүйсийн говиор байдаг. Ер нь манай морьд хаана ч очсон гайгүй л давхичихдаг юм. Өөрөөсөө жаахан дээдчүүлийн яриаг сонсож байхад дээр үед манайхан адууныхаа захаас бариад л уралдахад айраг түрүү авдаг байсан гэлцдэг. Тэгэхээр бидэнд өв залгамжилсан, хурдан адууны угшил байгаа. Тэднийхээ цусыг сэлбээд зүүн талаас гаралтай азарга, гүү авчран цус сэлгээд л байна. Гэхдээ хүнээс хурд худалдаж авах нь гол биш өөрийн унаган адуугаар уралдах ч бас сайхан шүү
-Хүүхэд байхаасаа л хурдны морь дэргэд өсөж өндийсөн аж. Энэ хооронд сэтгэлд нандин дурсамж тээсэн олон наадмыг үзсэн байх даа.
-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхын л морины хорхойтой нэгэн явлаа. Наадам болох сургаар л өөрөө морьгүй хэрнээ давхиж очдог байлаа. Дээр хэлсэн дээ. Ховд аймаг болсон хоёр гавъяатын наадмаар нагац ахын улаан морь гайхалтай сайхан давхиж хол тасархай түрүүлж билээ. Их халуун жил байсан. Хөөрхий ах маань биднээс түрүүлж очоод мориныхоо уяа сойлгыг тааруулаад нойргүй шахам зүтгэсэн. Их л ядарсан харагдаж байсан ч түрүү магнай болчихоод сая нэг санаа нь амарсан байртай байхыг хараад өөрийн эрхгүй морийг ингэж сэтгэл гарган уях ёстой юм байна гэж бодогдсон шүү. Тэр наадамд бас улаан морины ахыг уралдуулсан юм. Гэтэл дундаас нь тавьсан гэж гүтгээд хасчихсан. Өөрийн эрхгүй л хүний нутгийн наадам гэж ийм л байдаг юм байна даа гэж сэтгэл бас жаахан гундуу ирж билээ. Баяр гуниг ухаарал хайрласан энэ наадмаас амьдралын бас нэг ухааны үүд нээгдсэн гэлтэй. Тийм ч болоод санаанаас гардаггүй юм.
Харин 2006 онд анхны аймгийн наадмын түрүү авчихдаа үнэхээр их баярлаж билээ. Дараа жил нь бас хязаалан насны мориор аймгийн наадмын түрүү авсан. Манай аймгийнхан намайг Батболд гэхээсээ хязаалан Батаа л гэдэг юм. Хязаалан голдуу оруулдаг болохоор тэр байх даа. Морь уядаггүй байхдаа би аймгийнхаа наадмын чимэг болсон нэг насны эхний 5 моринд аавынхаа нэрэмжит шагнал өгдөг байлаа. Одоо ч г дүү бид хоёр өгсөөр байгаа л даа.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай “сэтгүүлийн нийт уншигч уяач нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!