📅

Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг

🕔 2017/05/31 19:04

 

1. Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

 Ээж Хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино.  Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц  ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Эдгээрээс гадна  Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад , тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий. 

2. Төрийн тахилгат Сутай хайрхан уул

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм.Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

 

3. Монгол элсний байгалийн цогцолбор газар /Эрээн нуур, Ажиг нуур, Сангийн далай нуур, Дөргөн нуур, Гүн нуур/

4. Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га.Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

5. Бурхан буудай уулын нөөц газар

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.

 

6. Гэгээн нуурын цогцолбор /Усан цахилгаан станц, Гэгээн нуур, Харандаа хад, Нарванчин гэгээний хийдийн туурь

7. ГИДЦГ-ын “А” хэсэг

8. Бигэрийн Таван элс

 Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацаргалт бүхий цахилгаан соронзон  долгион нь нил улаан туяаны мужид оршдог. Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг

 

Хүрэл морь

Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 р зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон ба нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй ажээ. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол