Я.Одгэрэл: Алтайруу эд материалын биш оюуны цуваа хөвдөг болоосой
-Сайн байна уу. Та Алтай хотод номын ажлаар очсон. Номын хандивын аян хир үргэлжилж байна?
Сайн. Сайн явж байна уу. “Оюунлаг Алтайчууд” номын аяныг дэмжиж сэтгүүлч Х.Жавзмаатай хамтран “Алтайдаа” номын хандивын аяныг санаачлан явуулсан. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Алтайн уугуул, суугуул иргэд аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж арав хоногийн дотор 1000 гаруй номыг цуглуулж чадсан. Хандиваар цугласан номуудаа нутагтаа очиж хүлээлгэж өгсөн. Хийсэн ажилдаа урамшин цаашдаа 10000 ном цуглуулах зорилготой ажиллаж байна. Зөвхөн Алтайнх гэлтгүй номыг дээдэлдэг хүмүүс ч нэгдэж байгаа. Хэдэн ном өгөөд тэр нь номын санд дарагдаад өнгөрөх биш Аймгийн номын санд хандаад очсон номуудыг хэн бүхэн уншаарай. Хүүхэд, хөгшид, залуус бүгд уншиж мэдлэг оюунаа дээшлүүлээрэй. Тэр хүмүүсийг урамшуулж хамгийн олон ном уншсан хүүхдүүдийг найрамдалд амраах, хамгийн олон ном уншсан хүнийг рашаан сувилалд амраах гээд шинэ санаачилгатай ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ дээ. Энэ ажлын буянаар нутгийнхаа олон хүнтэй уулзаж, танилцаж, ярьж хөөрч явахад нутагтаа очсон юм шиг их сайхан. Тэр олон оюунлаг хүмүүсээ нутаг нь мартаад, тэд ч нутгаа мартаад байгаа юм шиг санагдсан. Тэд Алтайгаас гараад удаж байгаагаа, сэтгэлдээ хийж бүтээж өгөх юмсан гэж санадаг сэддэг ажлаа харамгүй ярьж суусан нь сайхан байсан.Тэдэнтэй нийлж олон сайхан ажлыг нутагтаа хийх юмсан гэсэн хүсэл төрсөн.
-Нутагтаа олон очдог, очихгүй удахаар давчдаад байдаг гэж ярьдаг хүн шүү дээ. Хөгжил ямар түвшинд байна гэж харж байна?
Өөрийнхөө үеийн залуучууд дунд 10 гаруй жил очоогүй гэдэг хүний хажууд ямар ч байсан жилдээ 2-3 удаа очдог. Их хотод ажил, амьдрал гээд заримдаа түүртмээр хүнд үед хамаг юмаа орхиод гараад давхичихмаар болдог. Нутагтаа очоод долоо хоноод ирэхээр ажил үйлс бүтээд, бие ухаан сэргээд сайхан байдаг. Дандаа нутаг нутаг гээд яриад явахаар энэ нэг юм үргэлж жалга дов ярьдаг гэж найзууд, танилууд хатгадаг. Тэнд нэг тийм гэх тэмдэггүй ер бусын сайхан зүйл байдаг юм. Үүнийг нутгаа гэсэн сэтгэлтэй, уул усаа бодоод аяндаа огшдог, омогшдог хүмүүс мэднээ.
Хөгжлийг би нэг очиход нэг байшин нэмэгдсэн, нэг зам тавигдсанаар нь харахгүй байгаа. Хүмүүс нь л эхлээд хөгжөөсэй. Гудамжинд таараад мэнд мэдээд ямар ажлаар ирэв дээ, намын ажил уу гэж хардаж, сэрдэж ухаж төнхөж асуух биш, хоёр хүн уулзаж зогсоог хараад хоёр намын хүн уулзаж байна уу даа гэж харах биш зорилготой, тэмүүлэлтэй, ажил үйлс ярьдаг байгаасай. Бүх хүмүүс нь ажилтай, төрөлтэй, завгүй. Өглөө ажилдаа бөөн хүсэл санаачилга өвөртлөөд явдаг байгаасай. Хийж байгаа ажлаа тууштай, зүтгэлтэй хийгээд өөрийгөө өрөөлийг хөгжүүлэх тийм ухаалаг, оюунлаг байгаасай гэж хардаг. Аймаг маань хотоос алслагдмал. Үүнийгээ дагаад хөгжил саарч зам дагаад хөгжил гэдэг шиг удахгүй сайхан болно гэж бас хардаг. Гол нь хувь хүн бүр өөрсдөө эхлээд өөрчлөгдвөл тэр хөгжил гэдэг зүйлийг хэзээ ч бүтээчихнэ. Ялангуяа залуучууд маань хэн нэгэнд итгэж хүлээж суухгүйгээр чадах зүйлээ нутагтаа харамгүй гаргаасай л гэж хүсдэг.
-Зөвхөн дээрх номын ажил бус Алтайн залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдээ нэгтгэсэн тэдэнд чиглэсэн олон зүйлийг шинээр санаачлан эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ярьж байсан. Нэгтгэхэд ямар асуудлууд тулгарч байна?
Яагаад миний бодлын ихэнх хувийг нутаг маань эзэмдээд байдаг юм бэ гэж би өөрөөсөө олон асууж анзаарч байсан. Надаас юм нэхэж байна гэж бодоод заримдаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Алтайд очих бүртээ эгчтэйгээ нийлж суугаад хөгжил дэвшил гээд юу эсийг ярихав дээ, их ярьцгаадаг. Эгч маань нийгмийн олон талт мэдлэгтэй, туршлагатай мундаг эмэгтэй бий. Чадварыг нь ашиглана даа. Хийж чадах зүйлээ хүргэхийн тулд ганцаараа биш олуулаа зүтгэж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэний хувьд эхлээд сэтгүүлчдээ идэвхжүүлмээр байна. 4 дэх засаглалын дуу хоолой болж яваа тэд нутгаа мартахгүйгээр мандуулах хэрэгтэй. Олон зохиолчид, оюунлаг хүмүүс, салбар салбарт хүчин зүтгэж яваа хүмүүст материал биш оюун ухаанд нь чиглэсэн олон сайхан ажлыг хийх нь зөв. Очоод нэг лекц уншчих хэрэгтэй. Түүнийг нам, сонгууль гэж харах биш бидний тархийг сэргээж байна. Бодох зүйлийг нэмэгдүүлж цэнэглэж байна гэж нутгийнхан нь хардаг болох хүртэл сэтгэлгээ, сэтгэхүйг нь өөрчилмөөр. Сая номын ажил өрнүүлээд оюуныг нь цэнэглэх зүйл цуглуулаад явж байхад намын ажил, сонгуулийн ажил л биз гэж харсан байгаа юм. Ингэж бодоод байгаа тэр сэтгэхүйг нь л өөрчилчих юмсан. Лекц, сургалт семинар, илтгэл юу байдаг юм тийм цуваа нутагруу хөвдөг болоосой. Энэ бүгдийг сэтгүүлчид, зохиолчид ялангуяа залуус бид түүчээлэн хийнэ.
-Саяхан Хятад Монголын хэвлэл мэдээллийн 6-р форумд оролцоод ирлээ. Хятадын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл, эрх зүйн орчин ямар байдаг бол?
Хятад улсад болсон 6-р форумын гол сэдэв нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар байсан. “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридорыг амжилттай бий болгоход хэвлэл мэдээллийнхэн юу хийж чадах вэ, эдгээр төслийг үр дүнтэй болгохын тулд хоёр орны хэвлэл яаж хамтран ажиллах вэ гэсэн сэдвээр санал солилцсон. Улс орон дамнасан эдийн засгийн энэ хөгжлийг хурдасгах хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн зөв, хурдан шуурхай дамжуулснаар хөгжил улам л хурдан өрнөж бүтээн байгуулалт нэг өдөр, нэг цагаар ч болов урагшилна гэдгийг ярьж байсан.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд төрийн мэдлийнх. Тийм болохоор ажиллах орчин нөхцөл, хангамж бааз маш сайн юм байна лээ. Бид Шандуны радио телевизийн байдалтай танилцахад л харагдаж байсан. Тус мужийн ардын радио, кабель, цахим хэвлэл, кино хийх, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг олон салбарыг оролцуулсан бүх хэрэгслийн корорациюм. Тэнд сэтгүүлчид, уран бүтээлчид үй түмээрээ шоргоолж шиг ажиллаж байх жишээтэй.
-Зохиолч хүний зохиол бүтээлээр аялахгүй өнгөрвөл уншигчид маань сэтгэл дундуур үлдэх буй за. “Цэнхэр уруул”, “Өөр ертөнцийн залууд” гэх зэрэг номууд гаргасан. Таны тэр өөр ертөнцөөр аялахад үргэлж бахархах сэтгэгдэл төрдөг. Сүүлд ямар ном гаргав, ямар сэдвээр шүлэг бичиж байна?
“Сэтгэл чи номхрооч” шүлгийн ном гаргасан. Дахин шинэ ном гаргалгүй бас удчихжээ. Он гаргаад аав, ээж нутаг усны тухай бичсэн хөрөг номоо хэвлүүлнээ. Залуу шүлэг, залуу юм бичихийг хүсдэг. СГЗ Ү.Хүрэлбаатар ахад өөрийн бичсэн хэдхэн мөрт шүлэгнүүдээ Хайку мөн эсэхийг шалгуулсан. Хайку гэх гурван мөртийг их сонирхож оролдож байгаа.
-“Аян замын дөрөө харшуулахад даллах жимтэй
Аньсага чийгтэж, санаа алдахад түших хангай
Рашаан болсон усных нь чимээнд сэтгэл уярна
Өндөр сайхан хайрханых нь сүрэнд залуу нас минь томоожино” хэмээх таны бичсэн шүлгийн мөртүүд надад их таалагдсан. “Хасагтхайрхан”, “Хүнхэр”-ийг магтсан сайхан мөртүүд. Дэлхийд нэгдүгээрт орох хүчтэй энергитэй газар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт, “Хасагт хайрхан” уулын бэлд орших “Хүнхэр” зуслан гэж таны бичсэн тэр үеэс Алтайчуудын цөсийг хөөргөж чадсан гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Нутгаараа омогших сэтгэлээ шүлэг, зохиол, нийтлэлээр өнгө будгийг нь үгээр урлаж чаддаг нь сэтгүүлч зохиолчдын онцлог давуу тал шүү дээ?
Үнэхээр очиход өөр юм чинь яах юм бэ. Чойжамц хамба лам нэгэнтээ хэлчихсэн. Бид бүгдээрээ тэр газрыг дуу нэгтэйгээр чангаар бас хэлэх хэрэгтэй. Олон хүн тэр зүг рүү явж байна. Хүчтэй энергийг нь мэдэрч байгаа болохоороо очдог байх. Зүгээр бодоход л өөр байдаг юм. Би Хасагт Хайрханыхаа зургийг харахад л ажил үйлс бүтдэг. “Баруун зүгийн нутгаар бороотой гэхээр”, “Рашаан болох болтугай”, “Уул байтлаа аав шиг харагдаад” зэрэг нийтлэлүүд бичсэн. Хааяахан ганц хоёр мөрт холбож хадгалдаг. Нагац СГЗ. Д.Лхагвасүрэн ах маань Хасагтаа, Хүнхэрээ тултал нь биччихсэн байхад би хажууд нь юу ч бишээ. Бичсэн зүйлийг нь уншаад залбираад мөргөөд л явж байх минь зөв. /инээв/
-Тарчлаан нэртэй www.tarchlaan.bblog.mn блогийг ажиллуулдаг. Яагаад ийнхүү нэрлэх болсон юм бол сонирхол их татлаа?
2008 оноос эхлээд хувийн блог хөтөлсөн.Тэнд өөрийнхөө үзэл бодлоо ямар ч засваргүйгээр оруулдаг. Тэмдэглэл, бодол, эссэ, шүлэг, нийтлэл, өгүүллэг гээд. Сэтгүүлч С.Цогтсайханы “Тарчлаан” нэртэй нийтлэлийн ном бий. Сэтгүүлч хүний бүх зүйлд санаа зовж, сэдэж, хэлж, бүр өнөөгийн нийгмийг түрүүлж харж бичсэн хурц нийтлэлүүдтэй 1998 оны номны нэрээр нэрлэсэн. Мэргэжил, үзэл бодолдоо тэгж үнэнч хандаж тарчилж бичнэ гэдэг агуу. Тэгээд л Цогтсайхан шиг нийтлэлч болно гэсэн мөрөөдлөөрөө тэр блогтоо тарчилсан байх л даа.
-Үгүйлэгдэхсэн
Үдшийн зүүдийг нь эзэгнэхсэн
Үнсэж нэг гижигдэхсэн
Үймрүүлж орхиод л
Үргэхсэндээ... гээд СГЗ, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн сайхан зүггүйтсэн шүлгэнд би их дуртай. Танд ийм зүггүйтсэн эмэгтэй хүний ааль, аашийг илтгэсэн шүлэг бий юу?
Номын тавиур дээр жирийтэл өрөөстэй байгаа тэмдэглэлийн дэвтрүүд дунд маань ийм шүлгүүд эндээс гарахсан гээд тонгочоод байж байгаа.
Тэнүүлчин
Чи намайг харамлана
Зөвхөн минийх гэж харамлана
Заримдаа занана, захирна
Дүрийг минь, биеийг минь
Зүсийг минь харамласан ч
Бодлоороо би
Тээр тэнд тэнэчихсэн явдаг
Хоёр сэтгэлийн хооронд
Түр саатъя
Их яаруу яваа
Тэндээ сэтгэлтэй, бас зүрхтэй
Эсэргүү
Би чиний эсэргүү
Гэхдээ өстөн чинь биш
Өрөөл нэгэн ч биш
Бас энгийн нэгэн ч биш
Энхрий нэг нь ч биш
Үгийг чинь сонсдоггүй, авдаггүй
Хөөхөд чинь явдаггүй
Дуудахад чинь очдоггүй
Дураараа загнадаг
Би эсэргүү
Чиний л цэцэг
Цэцэг минь тасдуулаач
Тасдуулъя
Чиний л төлөө ургаж байгаа
Цэцэг юмсан даа...
Надад хайртай гэх түүнээс
Хайрыг нь олж харах гэтэл
Харагддаггүй , үнэртдэггүй
Өрөвдсөн харцаар харсаар байгаад
Өөрөө би түүнд
Хайртай болчих гээд...
гээд л нууцхан бичнэ ээ дээ / инээв./
-Ямар зохиолчийн, яруу найрагчийн бүтээлийг уншиж таашаал авдаг вэ?
Сая чи асуучихлаа. Яг л дотор ороод мэдчихсэн юм шиг. Гоё байна шүү. Ярилцаж байгаад дэвэргээд өдөөчихлөө. Б.Ганчимэгийн номуудыг элээтэл эргүүлж сууна даа. Өөрийнх нь ярьж байгаа зүйлийнх нь цаанаас л сэтгэл ганхуулсан нэг юм үргэлж булталзаад байдаг. 10 дугаар сард бороо орсон нэг орой Ганаа эгч цахим хуудсандаа “Гараад гүйчих юмсан. Дөрвөн хананы дунд энэ бороог мэдрэхгүй байна” гэсэн нь давчдаад нутгаа санаад эхэлсэн нь мэдрэгдсэн. Олон хүмүүс борооны тухай ярилцсаны эцэст “За за хамгийн гоё бороо манай 10-р хорооллын бороо” гэчихсэн байсан. Үүнийг уншихад л надад цаана нь байгаа юм мэдрэгдээд байдаг.
-Зочидтойгоо сэтгэлийг нь хөглөн ярилцана гэдэг амаргүй ажил. Гэхдээ хүн бүрийн ертөнцийг үзэх ижил бус үзлээр аялах нь сайхан. Мэргэжил нэгтэй залуу сэтгүүлчтэй ярилцана гэдэг нэг нь нөгөөгөө нөхөн ярилцах боломж мэт санагдлаа. Цаашид олон ажилд гар нийлэн ажиллах болтугай хэмээн энэхүү ярилцлагаа төгсгөе. Баярлалаа.
Баярлалаа. Чиний зорьсон ажил амжилттай бүтнэ гэдэгт итгэж байна. Залуучууд бүгдээрээ үзэл бодлоороо нэгдэн нутгаа хөгжүүлж, өөрчлөгдсөн байх цаг хугацаанд хамтдаа зогсоно гэж бодож байна.
Ярилцсан: Г.АНУ
Эх сурвалж: Эхорон21