📅

Р.ШИНЭГЭРЭЛ:Санаачилга, эв нэгдэл, бүтээлч байдал бидэнд дутагдаад байх шиг санагддаг

🕔 2018/04/17 13:14

Бид “Алтайн залуус” булангаараа дамжуулан уншигч та бүхэнтэйгээ нутаг орныхоо түүчээ болж яваа залуусыг учран золгуулдаг билээ. Энэ удаа “Mongolian Business Guide” ХХК-ий захирал, “Шинэ зууны Говь-Алтай” ТББ-ын тэргүүн Р.Шинэгэрэлийг зочны хоймортоо урин оролцуулсан юм. Түүнтэй төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, тэр дундаа залуустаа чиглэн хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын тухай ийнхүү ярилцсанаа сонин сайтын уншигчиддаа үлдээе.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Алтай нутгийнхаа ард түмэн болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Р.Шинэгэрэл гэдэг. Цээл сумд төрж өссөн. Би маш хөдөлмөрч гэр бүлд өсч хүмүүжсэн. Аав ээж минь намайг, миний ах дүү нарыг ажил хөдөлмөрт шимтүүлж, асуудал бүр хариуцлагатай хандуулж сургасан. Миний аавыг Монгол Улсын Аварга малчин П.Рэгзэн, ээжийг Х.Туунагай гэдэг, аав ээж маань нутаг орондоо ажилсаг хөдөлмөрч байдлаараа манлайлагч хүмүүс байсан.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Би оюутан байхдаа ажлынхаа гарааг анх эхэлж байлаа. Тухайн үед Монголын хамгийн анхны бизнесийн судалгааны “Эм-Эм-Си-Жи” компанийг мэргэжлийнхээ дагуу ангийнхаа найзуудтайгаа хамтран байгуулан эхний зургаан жил удирдаж байсан. Одоо уг компани маань Монголын №1 судалгааны байгууллага болж, дэлхийн зах зээлд ажилладаг болсон байна. Анх гурван залуу дундаа нэг компьютертэй эхэлж байсныг бодвол 2017 онд компанийхаа 15 жилийн ойгоор Азийн бүх бизнесийн судалгааны байгууллагуудын “Ази тивийн форум”-ыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж чадсан. Үүнээс харахад боломжгүй зүйл гэж байдаггүй. Хүн яг болох гэж байхад нь шантардаг гэсэн үг байдаг. Тиймээс урт хугацаатай ажлыг хийхээр шийдсэн бол эцсийг нь заавал үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоогоор би өөрийн байгуулсан гадаадад оюутнуудыг сургалтад зуучлах мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mongolian Business Guide” компаниа удирдаж байна. Түүнчлэн Алтай нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, залуучуудтайгаа хамтран ажиллаж хамтдаа хөгжих зорилгоор “Шинэ зууны Говь-Алтай” ТББ-ыг байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна.

-Нутгийн хүүгийн хувьд манай аймгийн давуу тал болон сул талын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Залуучууд маань нутагтаа ажиллаж, амьдрах, хөгжих боломж хэр хангалттай гэж боддог вэ?
Манай аймаг байгалийн өвөрмөц тогтоцтой, ажилсаг ард түмэнтэй, олон сэхээтэн, хөдөлмөрийн аварга, бүтээлч хүмүүс төрсөн нутаг. Энэ нь бидний давуу тал. Бид эдгээр хүмүүсээрээ бахархаж, байнга үлгэр дуурайлал авдаг. Сул талын хувьд санаачилга, эв нэгдэл, бүтээлч байдал, аливаа зүйлийг жижгээс нь эхлэх, ямарч жижиг зүйл том өөрчлөлтийг бий болгож чаддаг гэдгийг ойлгож харах чадвар, хандлага бидэнд дутагдаад байх шиг санагддаг. Бидний өвөг дээдсийн ярьдагчлан “Суусан газраасаа шороо атгах” энэ л байдлыг бий болгох ёстой. Энэ эх захгүй сошиал ертөнцийн үнэн худал мэдээллийг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт хийн, өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа ёс зүй, бүтээлч байдал, хариуцлагыг бий болгож байж бид аймгийнхаа хөгжлийг түргэсгэж чадна гэж боддог.

-Дээр та Алтай нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс ТББ байгуулан нутаг сэтгэлтэй олон залуусыг нэгтгэж дэмжиж ажиллаж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа сонирхуулвал?
2006 оноос хойш аймгийнхаа залуучуудын холбоонд удирдах зөвлөл, дэд тэргүүн зэрэг албанд ажилласаар ирсэн. Энэ хугацаанд олон ажлуудыг залуустайгаа хамтран хийж байлаа. Алтай нутагт амьдарч буй залууст маань ажлын байрны асуудал хамгийн их тулгамдаж байна. Төрийн байгууллага тойрсон төсөвт баригдсан тоотой, хуульчлагдсан ажлын байр л бий. Цөөхөн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж буй бүлэг байдаг. Дэлхийд хөрөнгийн, санхүүгийн маш том зах зээл байдаг. Үүнд Монголчуудын оролцоо маш бага. Интернэт технологи хөгжсөн энэ үед санхүүгийн сахилга батад суралцсан залуус дэлхийн хаанаас ч том зах зээлд ажил хөдөлмөр эрхэлж, аливаа зүйлээс хараат бусаар орлого олох боломжтой. Нутагтаа амьдарч байгаа хэрнээ өөр орноос орлого олдог болох, Англи хэлний хэрэглээгээ сайжруулаад дэлхий даяар Англи хэлийг заах гэх мэт дэлхийн хэмжээнд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллахыг эрмэлзэж байна. Тиймээс ч “Шинэ зууны Говь-Алтай” ТББ-ыг өнгөрсөн жилээс залуучуудтайгаа хамтран байгуулсан. Бид 10 жилийн хугацаанд хэрэгжих “Lead Gobi-Altai” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн үндсэн санаа нь залуусын бүтээлч сэтгэлгээ, оролцоо, тэднийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн. Цаашид олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дараагийн төлөвлөж буй ажил бол аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, баруун бүсээр Хятадын жуулчдыг татах мөн нийслэлээс болон бусад аймгаас ирэх жуулчдыг залуус маань тосч аваад нутаг орноо танилцуулдаг, хөтөчийн үйлчилгээ үзүүлдэг жуулчлалын бүс нутаг болгохын төлөө төсөл хөтөлбөр боловсруулан, санал цуглуулах шатандаа явж байна. Энэ ажлын эхлэл болгон Алтайн залуусаа “Бурхан буудай” ууланд аялуулах бодолтой байна. Мөн “Нутгийн шийдэл сан” ТББ-тай хамтран “Жорлонгийн хувьсгал” ажлыг аймагтаа түлхүү хэрэгжүүлэхээр зорин ажлаа эхлүүлээд байна. Манай аймагт хамгийн сүүлд эрчим хүч орсон. Мөн засмал зам, төвийн халаалт, ундны цэвэр ус зэрэг асуудлуудаа хамгийн сүүлд л шийдэгдэх нь. Гэхдээ иргэн бүр өөрийн амьдрах орчноо эрүүл, тав тухтай, байгаль орчинд ээлтэй байхаар бүрдүүлж чадвал улсын хэмжээнд тэргүүлэгч, санаачилгатай, хөдөлмөрч аймаг болно. Тиймээс залуус маань уг хөдөлгөөний мэдээлэл сурталчилгаа, иргэдийг уриалах ажлыг түлхүү хийж байна.

-“Нутгийн шийдэл сан” ТББ-тай хамтран “Жорлонгоо өөрчилье” сургалтыг хийлээ. Уг сургалтын зорилго нь гэвэл?
Дэлхий нийт байгаль орчноо хамгаалах, эрүүл орчинд ажиллаж амьдрахын төлөө үргэлж тэмцэж байдаг. Энэ тэмцлийг яалт ч үгүй Монгол улсад хийхээс өөр аргагүй болсон. Зуны улиралд бохир жорлонгоос ямар их хорт хий ялгардаг, бороо цастайд бие засахад хүндрэлтэй байдаг зэргээс бид дэлхий нийтийн соёл хандлага руу эрчимтэй орохоос өөр аргагүй байна. Тиймээс “Жорлонгийн хувьсгал” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн эхлэл болж буй уг сургалтаар үндэсний хэмжээний төслийн сургагч багш нарыг бэлдэхэд чиглэсэн.

-Та “Залуучуудын хөгжлийн форум”-д уригдан өөрийн санаа бодол, санал санаачилгыг залуустаа хүргэсэн. Нутгийнхаа залууст хандаж юу хэлэх вэ?
Бид энгийн зүйлд хамтарч ажиллан нэгдэх ёстой. Сүүлийн 26-27 жилийг эргэж харахад хийрхсэн талцал, хэнд ч хэрэггүй улс төр л байна. Би улс төрийг улс орны хөгжлийн төлөөх хоёр гурван намын хоорондын уралдаан байхаас биш 2, 3 хүний ажлын байрны төлөөх тэмцэл байж болохгүй гэж хардаг. Залуус маань ч энэ утгаар нь хараасай гэж хүсдэг. Одоогийн нийгэмд байгаа талцлыг дагаад явах юм бол маш олон жилийн хөгжлөө алдана. Чуулганы үеэр гарсан үр дүнд эерэг хандлага, нэгэндээ бүтээлчээр хүндэтгэлтэй хандахыг хамгийн түрүүнд уриалж чадсан. Уг хандлагыг хүн бүр өөртөө, гэртээ, найз нөхдийн дунд, ажлын байрандаа хэрэгжүүлвэл өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож чадна. Энэ ч утгаараа залууст урам өгсөн, дэвшилттэй ажил болсон гэж харж байгаа.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд залуучууддаа хандаж уриалга хэлбэл?
Бид ямар ч жижиг зүйлийг хэд дахин том, муухай болгож харагдуулдаг аймшигтай нийгэмд амьдарч байна. Үүнийг маш чадварлагаар ашиглаж сурсан улс төрчид, бүлэглэлүүд бий болсон. Энэ байдлыг сөрөхөөс өөр аргагүй. Сөрнө гэдэг маань маш олон давтамжтай уулзаж, уг асуудлаа байнга ярьж байх хэрэгтэй. Ерөнхийдөө уулзана, ярина, ойлгоно гэдэг бол гарц. “Хоёр найз уулзахгүй удвал дунд нь шарилж ургадаг” гэдэг шүү дээ. Тиймээс нутгийн залуус ойрхон уулзаж асуудлаа хэлэлцэж, хэнд ямар дэмжлэг байна, юуг ойлголцохгүй байна гэдгээ ярилцахгүй бол өнөөгийн нийгэмд байгаа эвгүй хандлагыг тойрч чадахгүй. Хандлагад гарч буй сөрөг нөлөө болох нэгэнтэйгээ уулзаж учраа олохгүй, сошиалын давуу талыг буруугаар ашиглаж байгааг засахын тулд хамтарч ажиллахаас эхлэх хэрэгтэй. Энэ нийгэм чинь өөрөө их урамгүй. Бүх зүйл л болохгүй байгаа юм шиг харагддаг. Гэтэл болгоё гэвэл болдог л нийгэм. Тиймээс манай залуус нэгнээ байнга урамшуулдаг, дэмждэг байх хэрэгтэй. Биедээ итгэл өг, байнга дэмж, урамшуул, урагшаа хамтдаа хөгжлөө бий болгоё.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Ярилцсан: А.Нямбаяр

эх сурвалж:ehoron21.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол