ХӨНДҮҮР ЗҮРХНИЙ ЭХ ОРОН
Талын хаяа уужуу мөртлөө цэнхэртэхээ болиод
Таанын толгой цэцэглээгүй байтлаа гудайж бөхийгөөд
Талбиун цээлхэн уртын дуу шуранхайлсан байтал бүдэгтээд
Танил юм бүхэн надаас холдох шиг болоод
Хаашаа явна вэ, миний эх орон
Дээдэс оршсон энгэр ээвэр байтал харц жиндээд
Дэлгэж барьсан хадаг, хадаг байтлаа будагтаад
Дэргэж хатирах мориндоо эмээл дээр буруу суугаад
Дэндүү их гуниг сэтгэлд бөөгнөж нэвсийгээд
Хаана нь явна вэ би, эх орон минь
Горхи булагны хөгжөөнт дуу эрх хүүхэд шиг байснаа болиод
Гоё сайхан охидын нүд, хас аяны тоосонд дарагдаад
Гол зурах өнчин ботгоны дуу тэнгэрийн хаяа эсгээд
Гомдол харуусал төрөх байтлаа хэнтэй хуваалцахаа эргэлзээд
Хаана очих вэ, эх орон минь
Цаг нарны цаанаас эрт урьдын түүх санагдан сөхөгдөөд
Цалгиж давалгаалсан эрмэг салхи он жилүүдээс нэхэгдээд
Цайраад хөллөх бороо хурмастдаа эргэж эгшээд
Цавчих гэрлээр үүлсээ тарааж тэнгэр худлаа дуугараад
Цаашаа явна уу, эх орон минь
Галгүй гэрт хаврын шөнө суух шиг сэтгэл толхигноод
Газар шороо минь гомдож цэцгийн үндсээ сэгсрээд
Гараг эрхсийн чөлөөнд нутаг ус минь хөхөлзөөд
Ганцхан заяах насны хөсөг үрсээ өрөвдөж алсраад...
Нандин бүхнээ сэтгэлээсээ... эр зоригоосоо олноо
Наашаа ирнэ үү, эх орон минь
2006.06.22