“Алтайчуудын бэсрэг наадам-2” зургадугаар сарын 23-нд болно
Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар дахь Алтайчууд “Гео Мандал” амралтын газрын бэлтгэлийн талбайд бэсрэг наадам хийж, гурван үеэрээ уулзахаар зарлажээ. Бэсрэг наадмын хүрээнд
• Хөдөлмөрийн баатар Л.Түдэв тэргүүтэй нутгийн зохиолчдын номын танилцуулга, худалдаа
• Урлаг, соёлын оддын тоглолт
• Ахмад, дунд, залуу үеийн уулзалт
• Нутгийн бөхчүүдийн барилдаан
• “Наранд ойрхон Алтай” баярын нэвтрүүлгийн зураг авалт
• “Түүчээ залуус” төслийн уралдааны танилцуулга зэргийг хийхээр төлөвлөжээ.
Энэ өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, “Лорд” хамтлагийн дуучин Б.Заяабаатар, “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөж, Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй хүчит 32 бөх зодоглох юм байна.
Говь-Алтай аймгийнхан жил бүрийн баяр наадмын өмнө “Хантайшир” дэвжээний бөхчүүдээ зорин очиж, бэлтгэл сургуулилтад нь анхаарч, амжилт хүсдэг уламжлалтай бөгөөд энэ удаад “Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээг хамтатгаж байгаа юм байна.
Анх “Алтайчуудын бэсрэг наадам-1” арга хэмжээг 2009 онд доктор, профессор, хурандаа Ч.Баатар тэргүүнтэй Алтайн оюуны хөгжлийн ассоциаци зохион байгуулж байсан юм.
Тэгвэл “Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээг Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо, “Хантайшир” бөхийн дэвжээ хамтран хийхээр бэлтгэлээ базааж эхэлжээ.
2009 онд болсон “Алтайчуудын бэсрэг наадам-1” арга хэмжээний түүх хүүрнэх зургуудаас (Гэрэл зургуудыг сэтгүүлч Тайширын Сайханаагийн архиваас авав)
“Алтайчуудын бэсрэг наадам-1” арга хэмжээний нээлтэд Алтайн оюуны хөгжлийн ассоциацийн удирдлагууд болон Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав нар оролцов.
Алтайн оюуны хөгжлийн ассоциациас олгодог “Мазаалай” шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв, Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Бямбадорж, Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУИС-ийн оюутан З.Баяржаргал зэрэг 2008 оны 9 алдартанд олгож байжээ.
Сэтгүүлч, яруу найрагч Л.Сэлэнгэмөрөнгийн бүтээсэн Говь-Алтай нутаг, Алтайчуудын тухай цуврал номын нээлт болов.
“Ирээдүй-Алтай” холбооны оюутан, залуучууд хүч нэмж оролцов
www.Govialtai.mn