📅

Улсын төрөлжсөн олимпиадаас медаль хүртсэн багш нарыг “Алтайн эрин” сангаас шагналаа

🕔 2018/04/15 17:10

 

2016-2017 оны хичээлийн жилд Улсын олимдиадад Говь-Алтай аймгаа төлөөлөн оролцож, медаль хүртсэн Тонхил сумын багш Махбалын Хүүхнээ, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн багш Гүнсэнгийн Золзаяа нарт оюуны хөгжлийг дэмжигч “Алтайн эрин” сангаас тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо. 

 “Алтайн эрин” сангийн тэргүүн Мягмардашийн Батбаяр шагналыг гардуулахдаа, ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын дунд Улсын төрөлжсөн олимпиад жил бүр болдог. Сум, дүүргээсээ шалгарсан шилдэгүүд аймаг, нийслэлд оролцож, тэндээсээ түрүүлбэл Улсын олимпиадад оролцдог шатлалтай. Энэ дагуу Монголын 21 аймгийн 330 сум, есөн дүүргийн нийт 800 орчим сургуулийн багш нарын дундаас байр эзэлж, медаль хүртэнэ гэдэг бахархаж, урамшуулмаар өндөр үзүүлэлт учраас та бүгдийн эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх үйлсэд бага ч болов нэмэр хандив болох зорилгоор энэхүү шагналыг олгож байгаа юм. Цаашид хувийн болон шавь нарын амжилтаа улам бататгаарай гэв. 

“Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн багш Г.Золзаяагийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын багш нарын төрөлд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн бөгөөд үүнээс өмнө 2014 онд Нийгмийн ухааны багш олимпиадад улсад шагналт тавдугаар байр, 2017 онд Улсын оны шилдэг илтгэл шалгаруулах  уралдаанд гуравдугаар байр эзэлж байжээ. 

 Тонхил сумын багш М.Хүүхнээгийн хувьд 2016- 2017 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Түүхийн хичээлийн улсын анхдугаар олимпиадын багш нарын төрөлд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна. Үүнээс гадна 2010 онд Улсын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдааны гуравдугаар байр, 2015 оны Улсын нийгмийн ухааны төрөлжсөн олимпиадын шагналт тавдугаар байр, 2016 оны “Зөв Монгол хүүхэд” эссэ бичлэгийн улсын уралдааны гуравдугаар байр, 2017 онд Сурган хүмүүжүүлэх илтгэлийн улсын уралдааны гуравдугаар байр эзэлсэн шилдэг багш нарын төлөөлөл юм.

 

 

 Эх сурвалж:govialtai.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол