📅

Чонын тухай хууч

🕔 2018/03/03 18:29

Чонын тухай хууч

 

Говь-Алтай аймагт чононы талаар яригдах олон сонирхолтой домог, үлгэр, болсон явдал, хошин шог ярианаас хэсэгчлэн сонирхуулахаар бэлтгэлээ.

Чонын үг

-Ай чааваас энэ хүн гээчийн алган чинээ улаан нүүрнээс гал бутраад байх юм. Түүнээс биш эр хонины чадалгүй амьтан юм даа гэж хэлдэг гэнэ.

Чонотой мэндэлсэн нь

Намрын орой харанхуй бүрэнхийгээр малаа сааж байгаа нэгэн эмгэн хувинтай сүүгээ юүлэхээр гэртээ орж ирвэл баруун талд нь нэгэн хүн сууж байна гэнэ.Сайх хүн их л уртаар эвшээлгэхэд,эмгэн ядарч яваа хүн байна даа зайлуул гэж бодоод:
-Та сайн байна уу? гэвэл
-Нөгөө хүн зөөлхөн сөөнгө хоолойгоор улиад үүд рүү явсан нь өвгөрч зөнөсөн чоно байсан гэнэ. Аливаа амьтныг нас дарнаа гэдэг мөн ч хэцүүхэн ажээ.

Чоно гүзээнд хайртай

Чоно барьсан малынхаа сэвстэй гүзээг хэзээ ч хөндөж хагалдаггүй гэнэ. Учир нь үүр ноохойд нь аюул тулгарахад бэлтрэгээ гүзээнд хийж зөөдөг байна. Иймд барьсан амьтныхаа гүзээг сэвстэй нь бүтнээр нь орхидог ажээ.

Чонын ухаан

Чоно барих ан амьтнаа ихэвчлэн уух усан дээр нь отож байж барьдаг аж.Тэгэхдээ уг амьтныхаа эсрэг чиглэлээс ирж отож байгаад усаа уугаад гарсны дараа хөөж барьдаг байна. Учир нь ус уусан амьтан тайван удаан болдог ажээ. Чоно ”гүн” хүний ухаантай ард түмэн ярьдаг.

Чоно оточ

Чоныг байгалийн ан, мал, амьтны сул дорой, өвчтэйг нь барьж иддэг учир халдварт өвчнийг бусдад нь тархаж устахаас сэргийлдэг байгалийн эмч оточ хэмээн үздэг.Тэгэхдээ хүн төрөлхтөн олон мянган жил чонотой тэмцэлдэж мал, амьтны хоёр талаас нь хооллосоор өнөөдөр ч хамт л явна. Хойшид ч хамт байх болно. Чонын биенээс хаях юм байхгүй, эмчилгээний чанартай гэж эмийн болон домын сударт тодорхой тэмдэглэсэн нь бий. Чонын шагай хүлэг морь,эр хүн хоёрын биенд явахад хийморьтой сайн. Шээс боогдоход чонын шагайг үрж усанд буцалгаж ууна. Хоол шингэхгүй бол чонын хатаасан ходоодыг нүдэж тунгаар хэрэглэ. Чонын хэл, багалзуур, хоолойн өвчинд сайн тул багалзуураар домнож, хэлийг нүдэж хоолойгоо зайлбал эдгэнэ. Уушиг муудвал чонын өөх,тос,махыг хэрэглэнэ гэх мэтчилэн олон зүйлийг тэмдэглэсэн байна.

Чоно бугуйлдсан нь

Тонхил сумын “Зүйл” багийн малчин Р.Сэсээр хоёр удаа чоно бугуйлдаж агнажээ.Тэрээр үзсэн чоноо хэвтүүлчихээд салхийг нь тааруулж очоод босгон хөөж бугуйлдан,бугуйлын гогцоо чангармагц угз татан унагаад эргэн давхидаг байна. Хоёрын хооронд муу шорноос \буунаас\ дориун бугуйл дээр гэж Р.Сэсээр ярьдаг байна.

Чоно үүрэндээ өлзийтэй

Монголчууд чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Үүрнийхээ орчмоос ав хийдэггүй бөгөөд үүрэнд нь орсон хүнийг барьж ноцдоггүй гэдэг. Ирвэс бугуйлдан барьж байсан Тонхил сумын “Бүс уул” багийн малчин Г.Батхүү, Ч.Ишдорж нар бэлтрэг суйлахаар чонын үүрэнд очоод Г.Батхүү нь үүр рүү оржээ.Эргэж дохио өгч байсан Батхүү чимээ тасарч Ишдорж айж эхэлжээ. Батхүүг үүр рүү ороод шүдэнз зурахад нэгэн том чоно архирч урдаас нь мөлхөж гэнэ. Батхүү шүдэнз асааж шороонд хатгасаар ухарч, чоно ч урдаас нь мөлхсөөр байж. Үүрний ам уужран гэгээ тусахуйд чоно ухасхийн Батхүүтэй чихцэлдсээр гарч зугтжээ. Чоно үүрэндээ өлзийтэй гэдгийн нэг жишээ энэ ажээ.

Чоно утсан нь

1950-аад оны эхээр Дарви сумын харъяат Т.Дэлдгээн Хүйсийн говьд мориор чоно хөөж яваад үүрэнд нь оруулж баахан харганаар бөглөөд утжээ. Маргааш нь ах Цүлтэмийнхээ хамт ирж малтаж байтал утуулсан чоно нь үхээгүй толгой нь гараад ирж. Дэлдгээн ч хөлөөрөө хоолой өөд нь жийж, ах Цүлтэм нь уургалан боож алж байжээ.

Шаалуу хүү

Бэлтрэгээ суйлуулах, агнуулах зэргээр олон удаа үрийн хагацал үзсэн чоно нялх хүүхдийг хулгайлж тэжээсэн тухай олон домог байдаг.Чонын хайрлан тэжээсэн хүүхдийг Шаалуу хүү гэнэ. Шаалуу хүү дөрвөн хөллөж явдаг,түүхий мах иддэг,чоно шиг ульдаг ажээ. Ийм түүх дурсамж олон газар яригдсаар байдаг.

Хурдан анчин

Цээл сумын Дэрстэй багийн өвгөн Х.Сүрэнхүү залуудаа их хурдан байжээ.Тэр нэг удаа хавхтай чонын мөр хөөж яваад тааралдтал нөгөө чоно нь хөлөө таслан зугтжээ. Сүрэнхүү гуай хөөж гүйцээд сүүлдтэл чоно эргэн дайрахаар нь хутгалаад нөгөө талд нь үсрэн гарчээ. Ингэж дайрах болгонд нь хоёр талд нь ээлжлэн гарч хутгалсаар алсан гэдэг.

Чоно агнаж депутат болсон нь


Төгрөг сумын “Төгрөгийн эх “багийн ард Гончиг гуай олон чоно агнасан учир 1951 онд Төгрөг нутгаас анхны АИХ-ын депутатаар сонгогдож байжээ.

Амьдаар нь өвчжээ

Цогт сумын Жанжинсоног хэмээх өвгөн өөрийнхөө малыг идсэн чоныг мориор хөөн уургалж бариад амьдаар нь арьсыг нь хуулж байжээ.Чоноо өвчиж дуусаад:
-Чи миний малыг ингээд идэж бай гээд тавьсан чинь хоёр гурван хөтөл даваад шар мах нь хатахаар үхэж байсан шүү гэж ярьдаг гэнэ.

Овсгоотой анчин

Дарви,Тонхил сумдад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан “Сургууль ах”хэмээх Д.Дашхүү 50 настайдаа 50 дахь чоноо агнаж байжээ. Огцом газрын өөд зугтаж яваа чоныг гэдэргээ харж хэвтээд хоёр хөлөө өргөн буугаа дээр нь тавиад буудан агнаж байжээ. Тавин долоон чоно агнасан Дашхүү ийм л овсгоотой анчин байжээ.

Дом

Чоныг хүмүүс боохой, том амт, бөөн саарал, хээрийн нохой, жоодгой, нохой ноосон, оймсон толгойт гэх зэргээр нутаг нутагт өөр өөрөөр цээрлэн нэрлэдэг. Тэгвэл чонын арьснаас хар амыг нь битүү зүсэн авч хатаагаад гэр орондоо байлгавал хар,цагаан хэл ам түүгээр өнгөрдөг гэдэг домог бий. Мөн хүүхэд нь тогтдоггүй айлын хүүхдийг өлгийдөн хатаасан хар амаар оруулж домновол тогтдог гэнэ.

Уламжлал

Төгрөг сумын Хүрэн гол багийн харьяат Ш.Баяжих Дугуйн далан гэдэг газар мориор чоно хөөж явдал дундаа дөрөөгөө сугалан цохиж алжээ. Энэ нь морьтон түмний чоно авладаг уламжлалт арга гэнэ.

Чоно хүнийг таньдаггүй

Хүн намайг харахаараа чоно,чоно гээд таниад дуудаад байх юм. Би хүний нэрийг нь мэдэхгүй юм гэж чоно хэлдэг гэнэ.

Ш.Цоодол
Эх сурвалж: "Монцамэ"

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол