📅

Яруу найрагч Б.Баясгалан /орчуулга өгүүллэг/

🕔 2017/06/03 22:48

Герман, Швейцарийн зохиолч, Нобелийн шагналт Хэрман Хессегийн энэ өгүүллэгт би маш их дуртай. Манай нэрт орчуулагч МУСГЗ П.Чойжил гуайн орос хэлнээс дам орчуулсныг хүргэе. Сайхан өгүүллэг, сайхан ч орчуулга.

(өгүүллэг)
Өгүүлэх ину: Хятадын яруу найрагч Хань Фу залуудаа шүлэг найраг урлахад өчүүхэн ч атугай хамаатай юм бүхнийг сурч судлах, авъяас билгээ хурцлан боловсруулах үзүүр нэгэн сэтгэлтэй хүн байсан гэлцэнэ. Хань Фу тэр цагт Шар мөрний хөвөөнөө төрсөн нутагтаа суудаг байсан агаад өөрийн дур хүсэл, элбэрэлт эцэг эхийнхээ тус сайн төрөлт айлын нэгэн бүсгүй лүгээ ураг барилдахаар сүй тавиад нэн удалгүй өлзийтэй сайн өдөр хуримаа хийхээр завдан байжээ. Хань Фу тэр үед хорин настай, зүс царай цэвэр, зан авир эелдэг найртай, төлөв даруухан залуу бөгөөд зүйл бүрийн эрдэм ухаанд багагүй боловсорч, хэдийгээр нас залуу ч нилээд хэдэн сайхан шүлэг найраг зохиосноор нутаг усныхаа уран яруу хэлтний дунд хэдий нь нэр гарсан байлаа. Хань Фу өөрөө төдий л баян биш ч гэсэн эд юмаар дутна гэж айх зүйлгүйн дээр сүйт бүсгүй нь царай зүс, үзэсгэлэн гоо, ааш зан шударга журамтайгаас гадна баян айлын охин учир Хань Фугийн тэгш жаргалд дутах юм үгүй шиг байлаа. Хэдий тийм боловч түүний сэтгэл дундуур байсны учир юу вэ гэвэл төгс төгөлдөр яруу найрагч болох халуун хүсэлд хамаг зүрх сэтгэл нь автсан байлаа.
Тийнхүү нэгэн орой их мөрний хөвөөнөө дэнлүүгийн баяр болж байх үе залуу эр ганцаараа голын наад хөвөөгөөр сэлгүүцэн явж байжээ. Хань Фу усны дээрээс өнгийсөн нэгэн мод түшиж зогсоод мянган дэнлүүгийн гэрэл голын уснаа тольдон мяралзахыг харж, завь, сал хөлөглөсөн эрэгтэй, эмэгтэйчүүд, цэцгийн хуар шиг залуу бүсгүйчүүд гоёлын сайхан хувцасаа гайхуулан бие биедээ баяр хүргэн мэндлэлцэж байхыг харж, дэнгийн гэрэлд мяралзах усны аяархан цалгилах чимээ, эмэгтэйчүүдийн дуу аялах яруу хоолой, ятга хөгжмийн намуухан эгшиг, лимбийн уянгалаг дуу хослон эгшиглэхийг чих тавин сонсож, энэ бүхний дээрээс сүмийн бөмбөгөр орой мэт хөхөмдөг тэнгэр нөмөрснийг харж байлаа. Залуу эр хөөрсөн сэтгэлдээ хөтлөгдөн энэ бүх гоо үзэсгэлэнт дүр зургийг нүд баясан харж байхдаа зүрх нь өөрийн эрхгүй булгилаад иржээ. Тэгээд сүйт хүүхэн, сайн нөхдийнхөө дэргэд очиж, хамт цэнгэн баясах хүсэл хэчнээн их байвч энэ бүхний нарийн өнгө аясыг өөрийн сэтгэл зүрхэнд нэгд нэгэнгүй шингээж аваад дараа нь энэ шөнийн хөх тэнгэр, мөрний уснаа тольдон мяралзах дэнгийн гэрэл энд цугласан олны баяр баясгаланг төгс төгөлдөр шүлэг найрагтаа тольдох мэт тусган харуулахсан, мөрний хөвөөнд мод түшиж зогсоод энэ бүхнийг дуугүй ажиглан буй хүний сэтгэлийн уяралыг дүрслэн үзүүлэхсэн гэж үүнээс бүүр илүү энэсэн хүсэж байлаа. Хань Фу энэ дэлхийн хаага хичнээн хөгжил баясгалангийн баяр наадам боллоо ч хэзээ ч сэтгэл тэнүүн, дотор уужим байж чадахгүйгээ мэдэрч, амьралын гүн дунд ямагт орь ганцаар, хөндлөнгийн үзэгч болж үлдэнэ гэдгийг ухаарч, олон хүний дотроос онц өөрийн нь сэтгэл оюун л энэ хорьоогийн үзэсгэлэн сайхныг соргог мэдрэхийн сацуу харь газрын хар элэгтэн мэт зайлан одох нууц хүсэлд автах чадалтайг мэдэрчээ. Үүнийг мэдрээд цээжний дотор гуниг төрж, энэ бүхний учрыг эрэгцүүлэн бодов. Эргэцүүлэн бодсоор Хань Фу өөрөө гагцхүү хэзээ нэгэн цагт ертөнцийн байдал төрхийг шүлэг найрагтаа тольдох мэт тусган үзүүлж, тийнхүү түүний найрагт тольдсон ертөнцийн байдал төрх өөрөө ариусан мөнхжөөд өөрийн нь өв болох тийм хувь ерөөл байдаг бол сая сэтгэл бүрэн ханаж, цэнгэлийн манлайг олж чадах юм байна гэж дүгнэжээ.
Хань Фу тийнхүү сэрүүн байгаа, зүүдэлж байгаа алин болохыг сайтар ялгаж чадахгүй бодлогоширон байтал гэнэт аяархан сүрчигнэх чимээ сонсдож, модны дэргэд үл таних хүн зогсож байхыг олж үзэв. Тэр бол хөх ягаан хувцастай, үзэс хүндэтгэвээс зохих өвгөн байлаа. Хань Фу түүний дэргэд очиж, буянтай буурлыг хэрхэн хүндэтгэх ёстой вэ, тэр ёсоор хүндэтгэж мэхийн ёсолсонд тэр харийн хүн инээмсэглэн хэдэн бадаг шүлэг уншсан нь залуу эрийн саяхан сэрэн сэтгэж байсан бүхнийг аугаа их найрагчдын шүлэг холбох дүрэм журмын дагуу туйлын төгс төгөлдөр, уянгалаг яруу илэрхийлсэн байлаа. Залуу эрийн зүрх догдлон гайхан биширч орхиод дор мэхийн ёсолж,
-Аяа, та хэн бэ? Миний цээжний доторхийг нэвт харж,эрхэм багш нараасаа сонссоноос минь хавьгүй яруу сайхан шүлэг уншиж байгаа та хэн бэ? гэж уулга алган асуув.
Харийн хүний царайд төгс баясгалангийн инээмсэглэл туяарч:
-Хэрэв чи яруу найрагч болъё гэж байгаа бол манайд оч. Баруун хойт зүгийн өндөр уулсын дунд, их мөрний эх авсан газар миний муу овоохой байгаа. Намайг Утга төгс үгийн уран дархан гэдэг гэжээ.
Өвгөн ингэж хэлчихээд модны сүүдэрт орж, тэр даруй алга болов. Хань Фу тэр өвгөнийг энд тэндгүй эрсэн боловч ул мөргүй лага болсон байхад нь алжааж ядарсны улмаас зүүдэнд үзэгдсэн хий үзэгдэл юм байж гэж бодлоо. Хань Фу олон завь тийш шалавхан очиж, баяр наадамд оролцсон боловч олныярьж хөөрөлдөх, лимбийн эгшиглэх дуун дундаас нөгөө харь хүний учир битүүлэг дуу чихэнд нь сонсдох мэт болж, түүний хойноос сүнс нь дагаад явчихсан юм шиг хий гиюүрэн, халуун янагийн хайрандаа хөлчүүрэн мансуурчээ хэмээн тоглоом тохуу хийж буй хөгжилтэй анд нөхдийнхөө дунд сэтгэл нь мөрөөдлийн манан дунд хөвөлзөн байлаа.
Хэд хоногийн дараа Хань Фугийн эцэг нь сайн нөхөд, садан төрлийнхнөө цуглуулан бэр буулгах өдрийг товлох гэтэл хүү нь үүнийг эсэргүүцэж,
-Хэрэв би эцэг, хөвгүүний элбэрэл журмыг эвдэн таны үгнээс санамсаргүй зөрөх гэж байгаа бол намайг уучлаарай, аав аа. Яруу найргийн эрдэмд боловсрох гэж хичнээн их хүсэн эрмэлздэгийг минь та мэдэх билээ. Хэдийгээр миний олон сайн нөхөд миний шүлэг зохиолыг магтдаг боловч би бол өгсөх замын шатны дөнгөж анхны гишгүүр дээр хөл тавьж буй, одоо л эхэлж байгаа шүлэгч гэдгийгээ сайн мэдэж байна. Учир иймийн тул нэгэн хэсэг хугацааны турш аглагт ганцаар гарч, яруу найраг судлахыг минь зөвшөөрнө үү гэж танаас хүсье. Юу вэ гэвэл эхнэр авч гэр орны ажил төрлөөр хөөцөлдөх хэрэгтэй болоод ирэхлээр миний дуртай энэ нэгэн эрхэм ажил орхигдоход хүрнэ. Одоо бол миний нас залуу, хойно урдаа татлаа түлхлээгүй байна. Тийм болохоор нэгэн хэсэг хугацааг өөрийн дуртай яруу найргийн урлагт зориулахыг хүснэ. Энэ маань миний сэтгэлийг баясгаж, адлар нэрийг өргөж өгөх болов уу хэмээн найдна гэжээ.
Хүүгийнхээ энэ үгийг эцэг нь сонсоод баахан гайхаж:
-Хэрэв чи яруу найргийн төлөө хурим найраа хойшлуулъя гэж байгаа бол энэ урлагт юунаас ч илүү хайртай юм шив дээ. Эсвэл чи болзоот бүсгүйтэйгээ ам мөрийсөн явдал байна уу? Тийм бол надад хэл. Би чамд тусалж, та хоёрыг эвлэрүүлэх юм уу, эсвэл өөр эхнэр олж өгье гэжээ.
Гэвч хүү нь болзоот бүсгүйдээ урьдынхаас дутуугүй хайртай хэвээр, тэдний хооронд өчүүхэн ч хэрүүл маргаан болоогүй хэмээн андгайлаад мөн дэр даруй дэнлүүгийн баярын орой зүүд нойрын дунд эрдэмтэн багшаа олсныг ярьж, тэр хүний шавь болохыг энэ дэлхийн юунаас ч илүү хүсэн, түүний шавь болохыг жаргалын дээд хэмээн үзэж байна гэж хэлжээ. Тэгээд эцэг нь:
-За яах вэ, чамд нэг жилийн хугацаа өгье. Энэ хугацаанд чи зүүд зөнгөө дагаж болно. Чамд тэнгэр бурхан тийм зүүд зөн хайрласан байж болох юм гэсэнд
-Хоёр жил ч болж магадгүй дээ. Үүнийг хэн урьдаас мэдэх билээ гэж Хань Фу хариулав.
Тэгээд хэдийвээр эцгийн сэтгэл түгшүүртэй байсан боловч хүүгээ талбин явуулж, залуу эр болзоот хүүхэндээ уучлалт гуйсан захидал бичээд алсын аян замд морджээ.
Хань Фу удтал бядан явсаны эцэст их мөрний эх авсан газар хүрч, зэлүүд бөглүү нутагт хулсан овоохой байхыг үзээд овоохойн үүдэнд дэнлүүгийн баяраар мөрний хөвөөнөөс модны дэргэд зогсож байсан мөнөөхөн өвгөн чийрсэн дэвсгэр дээр сууж байхыг олж харжээ. Өвгөн пийпаа хөгжим даран сууж байснаа залуу зочны гэрэвшсэн байдалтай ойртон ирэхийг хараад суудлаасаа боссонгүй, мэхийн ёсолсон ч үгүй, зүгээр инээмсэглээд хөгжмийн чавхдас дээгүүр хуруугаа зөөлхөн хөдөлгөхөд хөндий тал даяар ид шидтэй хөгжмийн гайхамшигт эгшиг мөнгөн үүлс хөвөх мэт түгэн дүүрэхэд нь залуу хорвоогийн юм бүхнийг мартаж орхиод амтархан чагнаж, бахархан гайхаж зогстол Утга төгөлдөр үгийн уран дархан сая пийпаа хөгжмөө хойш тавьж, урцдаа орлоо. Хань Фу сүслэн биширч, хойноос нь дагаж ороод өвгөний зарц бөгөөд шавь нь болж үлджээ.

Нэгэн сар өнгөрөхөд Хань Фу өөрийн урьд зохиосон бүх дууллыг эс тоомсорлон ой ухаанаасаа арчиж арилгав. Дахиад олон сар өнгөрсний дараа өөрийн нутаг усанд багш нараасаа сурсан бүх дууллыг ой ухаанаасаа арчиж арилгав. Утга төгөлдөр ухан үгийн дархан залуу шавьдаа үг хэлэхгүй шахам, гагцхүү пийпаа хөгжим дарах нарийн эрдмийг үг дуугүй зааж өгсөөр шавийнхаа сэтгэл оюунд хөгжмийн эгшгийг нэвт шингээн өгч байлаа. Хань Фу нэгэн удаа өвлийн тэнгэрт нисэж яваа хос жигүүртний тухай богинохон шүлэг зохиож, тэр шүлэг өөрт нь аятайхан санагдсан боловч Уран өвгөнд үзүүлж зүрхэлсэнгүй. Гагцхүү орой багшийн урц овоохойгоос зайдуухан очоод аялгуулан дуулсныг багш нь сонссон болов уу гэж найдав. Тэгсэн ч гэсэн багш нь юм хэлсэнгүй гагцхүү пийпаа хөгжмөө аяархан дарсанд хэдийвээр зуны дунд сар байсан боловч тэр даруй тэнгэр хүйтрэн төдөлгүй бүрэнхий боловч ширүүн салхи сэнгэнэн исгэрч, үнэсэн саарал өнгөтэй тэнгэрээр холын аянд сэтгэл татагдсан хос хөх дэглий нисэн өнгөрөх харагдаж, энэ бүхэн шавийн шүлэг лүгээ зүйрлэшгүй утга төгөлдөр, уянга яруу сайхан байсн учир залуу эр багшийнхаа дэргэд өөрийн шальгүй өчүүхнийг мэдрээд гутран гуниглажээ. Уран өвгөн олон удаа ийнхүү сургаснаар нэгэн жил өнгөрөхөд Хань Фу пийпаа дарах эрдмийг бараг төгс төгөлдөр эзэмшсэн боловч харин яруу найргийн урлах эрдэм улам хэцүү, улам эрхэмсэг болсон шиг санагдлаа.
Хоёр жил өнгөрсний дараа залуу эр эх нутаг, элгэн садан, сүйт хүүхнээ ихэд санан ихэд уйтгарлах болж Утга төгөлдөр үгийн уран дархан өвгөнөөс аян замд гарах зөвшөөрөл эрсэнд өвгөн инээмсэглэн толгой дохиж:
-Хаашаа явах нь чиний дурын хэрэг. Эргээд ирнэ үү, тэндээ үлдэнэ үү, өөрийн дураар болтугай. Өөрийн тааллаар бологтун гэжээ.
Тэгээд шавь нь алсын аян замд орж, зуур амсхийлгүй бядан явсаар нэгэн удаа үүр шөнийн бүрэнхийгээр төрсөн нутаг усандаа хүрч, мөрний хөвөөнөөс гудан гүүрийн цаана буй төрлөх хотоо нүд баясан харлаа. Тэгээд эцгийнхээ цэцэрлэгт сэмхэн гэтэн орж, унтлагын өрөөнийхөө цонхоор унтаж буй эцгийнхээ амьсгааг чагнаад, дараа нь сүйт хүүхнийхээ байшингийн дэргэдэх үр жимсний цэцэрлэгт нэвтрэн ороод лийрийн модны оройд авиран гарч харваас сүйт хүүхэн нь өрөөндөө үсээ самнан зогсож байлаа. Тэгээд Хань Фу өөрийн нүдээр үзсэн бүхнийг гэр орноо санан уйтгарлаж байх цагт сэтгэлдээ дүрслэн төсөөлж байсан зурагтай зүйрлүүлж үзээд яруу найрагч байх хувь тавилантайгаа ухааран мэдэж, бодит амьдралаас эрээд эрээд үл олдох тийм үзэсгэлэн гоо, яруу сайхан зүйл яруу найрагчийн зүүд зөнд оршин амьдардгийг ухаарч ойлгожээ. Тэгээд Хань Фу модны орой дээрээс бууж, цэцэрлэгээс зугтан гүйж гараад гүүрээр өнгөрөх төрөлх хотоо орхин одож, уулсын дундах тэгш өндөрлөгт хүрэв. Тэнд урьдын нэгэн адил Утга төгөлдөр үгийн уран дархан даруухан чийрсэн дэвсгэр дээр суугаад пийпаа хөгжмийн чавхдасыг хуруугаараа зөөлөн хөдөлгөн дугаргаж, амар мэндийн үгийн оронд үгээр урлахуй эрдмийн хайрладаг аз жаргалын тухай хоёр шүлэг хайлан дуулахад тэр шүлгийн утга гүн, эгшиг ярууг сонсоод шавийн нүднээ нулимс мэлтэлзээд иржээ.
Хань Фу тийнхүү дахиад л Утга төгөлдөр үгийн уран дархныд үлдэж, пийпаа хөгжим дарж сурсныхаа дараа ятга хөгжим сурч, өдөр сар өрнийн салхинд туугдсан цасан ширхэг мэт улиран өнгөрсөөр байв. Тэгж байтал дахиад эх нутаг, гэр орноо санан уйтгарлах болов. Нэгэн удаа харанхуй шөнөөр оргож босоод явж байтал тал хөндийн сүүлчийн нугачаанд хүрч завдахаас нь өмнө урцны үүдэнд өлгөөстэй байсан ятга хөгжмийн чавхдасыг шөнийн салхи хөндөн эгшиглүүлж, эгшиг дуу нь Хань Фуг гүйцэж очоод эргэж ирэхийг уриалан дуудахад нь эсэргүүцэх хүч тэнхэл хүрсэнгүй. Өөр нэг удаа өөрийн цэцэрлэгт мод тарьж байна. Эхнэр нь хажууд зогсож, хүүхдүүд нь дарс, сүүгээр мод усалж байна хэмээн зүүдэлжээ. Сэрвэл өрөөг нь сарны туяа гийгүүлэн байлаа. Хань Фугийн сэтгэл үймрэн өндийвөөс, хажууд нь Утга төгөлдөр үгийн уран дархан өвгөн үүрэглэж, сахал нь сэрвэлзэн байгаа харагджээ. Гэтэл энэ хүн л энэ насны нь амьдралыг баллаж, ирээдүйн хүсэл найдлагыг нь алдагдуулан мэхэлсэн шиг санагдаж, түүнийг үзэн ядах гашуун сэтгэл цээжинд нь хурав. Хань Фу тэгээд өвгөн рүү ухасхийн дайрч, алахаар завдтал өвгөн нүдээ нээж, эрдэмт мэргэн хүний ердийн зангаар ялдамхан болоод гунигтайхан инээмсэглэхэд шавь нь яаж ч чадсангүй.
-Хань Фу чи юу дуртайгаа хийж болно шүү. Энэ бол чиний сэтгэл оюун мэдэх хэрэг. Чи эх нутагтаа эргэж очоод мод тарьж болно, эсвэл намайг үзэн ядаж, алсан ч болно. Энэ бүхэн тийм гойдын юм биш гэж өвгөнийг хэлэхэд яруу найрагч огцомхон урагш тонгойж:
Би таныг яаж үзэн ядах билээ! Энэ чинь дээд тэнгэрийг үзэн ядах гэсэнтэй агаар нэгэн болох билээ гэж уулга алдав.
Тийнхүү Хань Фу тэндээ үлдэж, ятга дарж, димбэ үлээж сураад дараа нь Утга төгөлдөр үгийн уран дархны зааж өгснөөр шүлэг зохиох болж, зэрвэсхэн харахад үл ажиглагдам эгэл жирийн юм шиг атлаа усны мандал салхинд мяралзан долгилохын адил хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулах зүйлсийг уран яруу өгүүлэх нарийн эрдмийг бага багаар сурч эзэмшлээ. Хань Фу өглөөний наран мандахдаа уулын торгон оройд хэсэг түдэн саатах шиг болдгийг, голын усны бүрэнхий ёроолоор бяцхан загас хуйлран жирвэлздэгийг, хаврын салхинд уд модны залуу мөчир найган ганхдагийг яруу сайхнаар дүрслэн бичиж чадах болов. Энэ нь сонсогч олонд зүгээр нэг наран, зүгээр нэг загас юм уу, зүгээр нэг сүрчигнэх чимээ мэт санагдаад зогсохгүй, тухай бүрд тэр бүхэн нэгэн агшинд төгс яруу хөгжим болон эгшиглэж, ертөнцийн түмэн бодисын хөг аялгуу нийцэн зохицох шиг болдог агаад хөгшин, залуу хүн бүхний сэтгэлд нэгийг бодуулж, жаал хөвгүүн тоглоом наадмаа, залуу эр сэтгэлийн амрагаа, хөгшин хүн үхэх үйлээ бодон цээжний дотор баяр, гуниг зэрэгцдэг аж.
Хань Фу их мөрний эх авсан газар Утга төгөлдөр уран үгийн дархныд өнгөрүүлсэн он жилийнхээ тоог алджээ. Заримдаа энэ хөндийн өчигдөрхөн ирэхэд өвгөний хурууны дор хөгжмийн чавхдас уянгалан байсан шиг, заримдаа болохоор хүний амьдралын бүх нас, улирах цагийн эргэлтийг нуруун дээрээсээ авч хаяад хий хоосон юм болсон шиг санагддаг байлаа.
Хань Фу нэгэн өглөө сэрээд өвгөн багш нь урцдаа байхгүй, өөрийн ганцаар байгааг мэдэж, Утга төгөлдөр үгийн уран дархныг хэчнээн эрж, хэчнээн дуудавч олдсонгүй. Эрдэмт мэргэн өвгөн алга болсон байлаа. Намар болох яагаа ч үгүй байтал ганцхан шөнийн дотор намар болоо юу хэмээлтэй, уулсын дээгүүр нүүдлийн шувууд зэллэн ганганаж байлаа.
Тэгэхэд нь Хань Фу жижигхэн пийпаа хөгжим аваад эх нутгийнхаа тал хөндийг зорив. Нутагтаа очиход зам гудас дайралдсан хүн бүхэн түүнийг буянтай буурлын ёсоор хүндэтгэн золгож, мэхэлзэн ёсолж байлаа. Өөрийн өсөж төрсөн хотод ирэхэд эцэг нь, сүйт хүүхэн нь, ойр дотныхон нь бүгдээрээ насан эцэслэж, тэдний орон байшинд өөр танихгүй хүмүүс суух болсон байжээ.
Нэгэн орой их мөрний хөвөөнд дэнлүүгийн баяр болж, яруу найрагч Хань Фц мөрний нөгөө талын харанхуй хөвөөнд зуун наст мод түшин зогсоод жижигхэн пийпаа хөгжмөөрөө тоглов. Тэгэхэд нь эмэгтэйчүүд цээжний дотор баяр бахдал, гуниг түгшүүр зэрэгцсэн нүдээ тэр зүг чиглүүлэн шүүрс алдаж, залуу эрчүүд пийпаа хөгжим тоглож байгаа хүнийг дуудан дуудан эрээд эрээд олсонгүй. Тэдний хэн нь ч пийпаа хөгжмийн ийм уянгалаг сайхан эгшиглэхийг урьд өмнө сонсоогүй байжээ.
Хань Фу инээмсэглэн мянган дэнгийн гэрэл тольдон мяралзах мөрний усыг харж зогслоо. Яруу найрагч вээр жинхэнэ дэнгийн гэрэл, усанд тольдсон дүрсийг ялгаж чадахаа нэгэнт больсон агаад өнөөдрийн энэ их баяр наадам хийгээд залуу цагт мөн энд зогсоод үл таних Утга төгөлдөр үгийн уран дархны үгийг чих тавин чагнаж байсан анхны тэр нэгэн баярыг хооронд


Follow

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол