Монгол ахуй, уламжлалаа мартаж болохгүй
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул яруу найрагч Ч.Мөнхбаттай ярилцлаа
-Сайн байна уу? Та өөрийн шинэ номныхоо талаар ярихгүй юу?
-Энэ миний анхны ном болж гарч байгаагаараа их ач холбогдолтой. Ер нь анхны гэдэг зүйл их гэгээлэг ариун, бас мартагдагшгүй байх ёстой юм шиг санагддаг. Гэхдээ яагаад ч юм би шүлгээрээ хүний амьдрал, сэтгэл хийгээд амьдралын мөн чанар цаг хугацааг ихээхэн илэрхийлэхийг оролддог. Тиймээс “Дурсамаас дотогш” гэж нэрлэсэн. Сонирхуулахад анх ном гаргана гэж хоёр жилийн өмнөөс эхийг нь бэлдчихээд л найз нөхөдтэйгээ уулзахаараа бэлтгэсэн эхээ гаргаж ирээд л шүлэг уншиж явдаг байлаа. Энэ ташрамд номыг минь гаргахад сэтгэл болоод санхүүгээр тусалсан Л.Цэрэнжаргал ахдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Хэзээнээс шүлэг сонирхож бичиж эхэлсэн бэ?
-Оюутан ахуй цагаасаа л оролдож эхэлсэн. Тухайн үед гэр орноосоо хол нутаг усаа санана. Болдог бол гүйгээд л очмоор санагддаг байлаа. Мөн хүний амьдралын хагацал гуниг их нөлөөлсөн лдөө. Тэгээд л нууцхан тэмдэглэлийн дэвтэр хөтөлж сэтгэлд хадгалагдсан гуниг уйтгар, баяр хөөрөө илэрхийлж шүлэглэдэг болсон юм уу даа. Гэхдээ хүмүүст үзүүлж шүлэг бичдэг гэдгээ илэрхийлсэн хугацаа бол оюутны 4 дүгээр курсэд байхад манай ангид Д.Дарханхөвсгөл, С.Баттулга гээд хоё найз маань шилжин орсноор дугуйлангийн найзуудтай болж тэдэнд шүлгээ уншиж бас тэдний шүлгийг сонсож сэтгэлийн таашаал авдаг болсон. Ингэж л шүлэг яруу найраг гэдэг зүйлд улам их дурласан.
-Энэ ном таны хэдэн жилийн бүтээл вэ?
-Энэ оюутан ахуй цагаасаа эхлэн бичсэн гэхээр арав гаруй жилийн турш бичсэн гэх юм болов уу. Гэхдээ сүүлийн гурав дөрвөн жил бичсэн шүлэгүүд голлон орсон байгаа. Ер нь зарим хүмүүс оюутан ахуй цагийн гэгээн сэтгэлгээтэй шүлгүүд номонд ордоггүй гэж ярьдаг. Магадгүй үнэн байж магадгүй байх гэж бодогдсон. Ер нь би байнга шүлэг бичээд суудаггүй. Орчин бүрдсэн тийм чимээгүй, нам гүмхэн газар бичнэ, тэрийгээ их уншиж янзалж сайжруулахыг хичээдэг.
-Номынхоо зургийг та өөрөө зурсан гэсэн. Ер нь хичнээн номын зураг зурсан бэ?
-Тэгсэн. Өөрөө багаасаа зураг сонирхон зурж өдий хүртэл орхиж чадахгүй л явна. Тийм болохоор хүн гуйгаад яахав өөрөө хийчих ажил юм чинь бас өөрийнхөө шүлгийн гол санаа агуулагийг илүү мэдэрнэ гэсэн утгаар л зурсан. Одоогоор гурав дөрвөн хүний номны зураг зурсан байх шүү. Уг нь би мэргэжлийн зураач биш. Зүгээр л сонирхогч тийм болохоор хүмүүс надад итгээд зуруулна гэвэл баярлаад л сэтгэлээсээ зурахыг хичээдэг.
-Бичлэгийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч бусад яруу найрагчдаас таны ялгарах онцлог юу вэ?
-Ер нь хувь хүн, яруу найрагчид өөрийнхөө дотоод сэтгэлийн илэрхийллээ л илүү уран бүтээлдээ тусгадаг. Миний хувьд ч ялгаагүй. Гэхдээ яагаад ч юм сүүлийн үед сэтгэлгээний яруу найраг гээд хүмүүс ихээхэн бишрэн шүтэж даган дуурайхыг хичээх болсон. Энэ нь зөв л дөө. Аливаа зүйл шинэ рүү хувьсан шинэчлэгдэж байх ёстой. Тэгэж байж л нийгэм болоод урлаг хөгжинө. Гэхдээ бас өнгөрсөн рүүгээ харж байх хэрэгтэй мэт санагддаг. Гишгэсэн мөрөө эргэж харж чадвал алдаа гаргах нь бага байдаг гэдэг шиг. Жишээ нь монгол ахуй, уламжлалаа мартаж болохгүй. Ингэж бодоод л өөрийн шүлгэндээ шингээхийг хичээдэг.
Я.Дорж
govialtai.mn