“ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” төслийн нээлт боллоо
“Ирээдүй-Алтай”ОЗХ-ноос Багуудад зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн даалгавар өгч ТҮҮЧЭЭ ЗАЛУУС төслийг албан ёсоор нээж сургалт зохион байгуулав.
Залуучуудын сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжих “ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” төслийг “Ирээдүй-Алтай”ОЗХ-ноос зарлаж 18 сум нэг тосгоны нийт 21 баг бүртгүүлжээ. Төслийн болзолд зааснаар тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм.
Сургалтын эхэнд “Ирээдүй-Алтай” ОЗХ –ны тэргүүн М.Өлзийбат холбооны 15 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудыг товч танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа тайлагнан мэдээлэл өглөө. Харин хөтөлбөрийн дагуу ХААН банкны бизнес Энкубатор төвийн захирал, “Алтайн эрин сан”-гийн тэргүүн М.Батбаяр залуусыг нэгдмэл үзэл бодолтой байхын утга учир чиглэлээр богино хэмжээний илтгэл тавьсан юм.
Сургалтын гол зочин болох УИХ гишүүн асан Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгийн Гурвансайхан сумыг иргэдтэйгээ хамтран улсын хэмжээнд жишиг сум болгон хэрхэн хөгжүүлсэн түүхийг ярьсан нь залуусын сэтгэлийг бадраасан үйл явдал байлаа.
“Ирээдүй-Алтай”ОЗХ-ны зүгээс ТҮҮЧЭЭ ЗАЛУУС төсөлд Говь-Алтай аймгийн нийт иргэдийг идэвхтэй оролцож залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон нийгмийг цогцлоохыг уриаллаа.