Х.НЯМХИШИГ: Жинхэнэ яруу найраг мөн чанараараа тайзнаас хөндий байх зүйл
Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Нямхишигтэй ярилцлаа. Тэрбээр сэтгэлгээтэй, суурьтай уншигчдад зориулсан мэргэжлийн түвшний уран бүтээл туурвихыг зорьж яваа нэгэн. Түүний ертөнцийг үзэх үзэл, уран зохиолд хандах хандлага, өвөрмөц содон сэтгэлгээг “Болор цом”-ын тухай яриа намжаагүй энэ цаг дор уншигч та бүхэнд хүргэж байна. Таалал оршиг.
-Болор цом-35 наадамд дэд байр эзэлсэнд баяр хүргэе!
-Баярлалаа.
-Болор цомын тухай сайн, муу янз бүрээр ярьцгаах болж. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Болор цом бол яруу найрагчид, ард түмнийг холбогч гэдэг утгаар нь хүндэтгэх учиртай наадам. Тиймээс тэр тайзанд, үзэгчдийн халуун алга ташилтад мэхийх шалтгаан бий. Гэвч жинхэнэ яруу найраг мөн чанараараа тайзнаас хол хөндий байх зүйл. Мэдээж хэдхэн шүүгчийн сонсголоор хүлээн авч буй тухайн үеийн мэдрэмж, яруу найргийн тухай янз бүрийн түвшний ойлгоцтой үзэгчдийн алга ташилт, шүлэг дуудагчийн өгүүлэх чадвар төдийхнөөр дүгнэх боломжгүй. Яруу найраг бол уг чанартаа цагаан цааснаа хараар бичсэн байдлаар нь хүртэн нүдээрээ уншиж, зүрхээрээ мэдрэхэд зориулагдсан эд. Энэ утгаараа тулхтай уншигч болоод бичигчийн тухайд “Болор цом” наадам төдийлөн ач холбогдолгүй гэдэгтэй би санал нийлнэ. Нөгөөтэйгүүр ард түмэн янз бүрээр шуугиад байгаа нь энэ наадам ямархуу цар хүрээтэй вэ гэдгийг илтгэж буй хэрэг л дээ.
-Тэгвэл та “Болор цом”-д дахиж оролцох уу?
-Та асуусан учраас би шууд хэлчихье. “Болор цом” наадамд дахин оролцохгүй. Гэхдээ нэг зүйл хэлье. Би Болор цомыг голж, эсвэл өөрийгөө голж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Зүгээр л яруу найргийн мөн чанарт ойр байхсан гэж хүсч байна. Надаас, илүү сайн бүтээл хүсч буй уншигчдын хүлээлт бий. Тэрхүү хүлээлт, итгэл, сэтгэлийг би огтхон ч хөсөрдүүлэхгүй. Цаашдаа илүү даацтай, далайцтай бүтээл рүү тухайлбал, үргэлжилсэн үгийн зохиол руу багаас нь эхлээд том руу нь чадлынхаа хэрээр, шаргуу орох болно. 2017 онд эсээний номоо “Алхах тоолонд элс нурнам” нэртэйгээр гаргасан. 2018 онд өгүүллэгийн ном гаргахаар бэлтгэж байна.
-Уучлаарай, дахиж шүлэг бичихгүй гэж байгаа юм шиг санагдлаа?
-Тийм биш л дээ. 2018 онд яруу найргийн түүврээ хэвлүүлнэ. Аливаа алдар хүнд, шагнал өргөмжлөл, атаа жөтөө, хэл амнаас зайдуухан, гагцхүү уран бүтээлдээ төвлөрөөд л нам гүмхэн суух бодолтой байна.
-Таны бодлоор Монголын уран зохиолын хөгжил өнөөдөр ямархуу түвшинд яваа вэ?
-Монголын уран зохиол хүмүүн болоод амьдралын өнгөн хэсэгт, аливаа үзэгдэл юмсын гадарга дээр л бүжиг эргэж байна. Нэлэнхийдээ биш ч дийлэнхдээ ийм л байна. Бичигч өөрөө маш өндөр түвшний уншигч байх ёстой. Гэвч зарим бичигч маань уншигчийн үүргээ ч гүйцэтгэж чадахгүй юм. Маш олуулаа бичиж буй нь өнгөцхөн харахад хөгжил мэт харагдаж болох ч нарийндаа бол уран зохиолыг хэтэрхий хялбаршуулж, бас хямдруулж байна. Энд эхлэн бичигчийн, эсвэл сонирхогчийн тухай яриагүйг ойлгоорой. Зохиолчдын байгууллагын үнэмлэхтэй, тодорхой хэмжээнд ямар нэгэн гавьяа шагналтай хүмүүсийн тухайд ярьж байна. Уран зохиолын тухай бага сагахан, ерөнхий ойлгоц төдийхөнд тулгуурласан, юу ч хамаагүй бичиж болох эрх чөлөөнд дулдуйдсан маш сул зохиогчид хэт олширсон нь яалт ч үгүй үнэн. Мэдээж, Монголын уран зохиолын хувьсал өөрчлөлт, ахиц дэвшилд түүчээ нь болж буй цөөнх бий. Сайн муу, сайхан муухай нь холилдож хутгалдсан энэ байдлаас тэд л ялгарч үлдэнэ. Цаг хугацааны шалгуур хатуу, уран зохиолд бүр ч хатуу. Үнэ цэнтэй тэр хэдэн зохиогчтой эн тэнцүү гавьяатай хүмүүс бас бий. Тэд бол дэлхийн уран зохиолыг бидэнд танилцуулсан, танилцуулсаар байгаа үе үеийн сайн орчуулагчид юм. Орчуулагчдынхаа өмнө бид бүгдээрээ өртэй гэж би боддог.
-Таныг уран зохиолын ертөнцөд хөтөлж оруулсан багш тань хэн бэ?
-Хоёр шар өвгөн бий. Нэг нь Алтайд, нөгөө нь Эрдэнэт хотод суудаг. Гочоогийн Чардаг, Дамдинсүрэнгийн Мандахсан гэж. Ихэнх багш нар шавиа “хайрцагладаг” бол энэ хоёр хүн шавь нараа сэтгэлгээнийх нь хувьд чөлөөтэй тавьж чаддаг. Бусад багш нараас ялгарах онцлог, давуу тал нь энэ. Д.Мандахсан багшийг хүүхдийн зохиолч гэцгээдэг ч түүнээсээ илүү яруу найрагч юм. Ча багшийг яруу найрагч гэцгээдэг ч түүнээсээ илүү богино өгүүллэгийн мастер юм. Тэд “би” гэж хашгирдаггүй учраас анзаарагддаггүй. Энэ нь ч надад таалагддаг.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ нэг шүлэг хэлэхгүй юу?
Саравчны зүүн дээд булангаас
Сар, хагарсан өндөг шиг дуслахад
Золбин муурнууд хаа сайгүй ангуучилж
Зоорины модон хаалганууд
гаслантайяа савчмуй.
Явуулын жүжигчин, тосгоны театраас гарч
Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд
Ямбуу даавуун цамц нь дүрээсээ салж ядах нь
Яруу найрагч хүн роман бичих шиг уйтай.
Цөөхөн байшин, цөөхөн хүмүүс, цөөхөн зүүд нь
Цөмөөрөө нийлээд нэгхэн тайзандаа багтах
Гуравхан үзэгдэлт жүжиг.., харин найруулагч нь
Гуугчаад байгаа энэ согтуу салхи юм.
Жүжгийн дотор жүжиг тоглосон жүжигчин
Жүчээнээс морио гаргаж унаад одоход
Жүнз хийгээд лонхнууд, чулуут гудманд нь
Жүржийн хальс шиг хагарсаар л байх суурин минь.
-Ийнхүү 21-р зууны Монголын уран зохиолын цээжний хэдэн морьдтой Хандхүүгийн Нямхишигийн уясан буянууд хурдлах болов. Цаашид хэрхэн яаж давхихыг цаг хугацаа харуулах биз. Тэрбээр өөрийгөө олж, нээж, хөгжиж буй. Яруу найргийн их наадамд таны сойсон шандаст хүлгүүдийн уяа сойлго үл цөмрөхийн ерөөл өргөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.
Эх сурвалж: erdenettoday.mn