Говь-Алтай аймгийн сургуулиудад компьютерын иж бүрэн техник хэрэгсэл гардуулан өглөө
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургууль болон Хантайшир-Эрдэм цогцолбор 5-р сургуулиудын компьютерын лаборатори ангиудыг тохижуулж, хэрэгцээт техник хэрэгслүүдийг гардуулан өглөө.
Сурч боловсорч байсан сургуулиуддаа зориулан бүтээлч ажил хийх энэхүү ажилд дээрх сургуулиудыг 1998 онд төгссөн 300 гаруй төгсөгч нэгдсэн байна. Төгсөгчид сургуулиа төгссөний 20 жилийн ойд зориулан дээрх сургуулиудын компьютерын лабораторийг 50 гаруй иж бүрэн техник хэрэгсэл, ухаалаг самбарын хамтаар тохижуулаад буй юм. Мөн цаашид сургуулиудын спорт заалыг өргөтгөх ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсныг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр дуулгалаа.
Хичээлийн шинэ жилээ шинэхэн тоног төхөөрөмж, сурах ая тухтай анги танхимтай угтаж буйдаа сурагчид баяртай байна. Компьютерын цогц лаборатори ангиудыг тохижуулж өгсөн нь мэдээллийн эрин зуунд мэдлэг боловсролд нь зориулсан томоохон хөрөнгө оруулалт болсныг тэд хэлж байв. “Аймгийн Лаборатори 1-р сургуулийн тухайд 2100 хүүхэдтэй үүнээс 1400 гаруй хүүхдэд мэдээлэл зүйн хичээл ордог. Гэвч тохижуулсан анги танхим компьютер тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Харин 1998 оны төгсөгчдийн санаачилсан ажлын хүрээнд энэ хичээлийн жилд дахин нэг компьютерын анги нэмэгдэж, сурагчдад мэдээлэл технологийн сургалт явуулах нөхцөл сайжирч буй нь цаг үеэ олсон, оюуны том хөрөнгө оруулалт болж байгааг Говь-Алтай аймгийн Лаборатори 1-р сургуулийн сургалтын менежер У.Энхтуяа онцолсон юм.
Шуурхай.мн