📅

Алтай хотод Залуусын хөгжлийн форум боллоо

🕔 2018/01/30 12:02

 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль мөрдөгдөж эхэлсэнээр залуучуудын оролцох, хөгжих боломжууд нээгдсэн. Үүнтэй холбогдуулан хуулиа сурталчлах, залуучуудын үзэл бодлыг сонсож аймагт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт тусгах, нэгдэж орон нутгаа хэрхэн, яаж хөгжүүлэх талаар ярилцаж шийдэлд хүрэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Залуус хөгжлийн форум”-ыг сурвалжиллаа.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, GAA's Millennials Page-ээс хамтран 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр залуусын утга учиртай оролцоог хангах, тэдний үзэл бодлыг сонсож, нэгтгэх “Залуус хөгжлийн форум”-ыг Алтай хотноо зохион байгууллаа. Тус форумд Алтай нутгийн төлөөлөл болсон 250 гаруй залуу оролцсоноос гадна төрөлх нутгаараа овоглон аймагтаа болон Улаанбаатар хотод амжилттай ажиллаж яваа шилдэг залуус зочин илтгэгчээр уригдан, сайн туршлагаа хуваалцаж оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм. Форумд оролцогчдын 4 хувийг 1971-1980 оныхон, 61 хувийг 1981-1990 оныхон, 30 хувийг 1991-2000 оныхон, 5 хувийг 2001-дээш онд төрсөн залуус эзэлж байв.

 

Форумын үйл ажиллагааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа албан ёсоор нээлээ. Тэрээр оролцож буй 250 гаруй залуусын оноор хувилсан байдлыг мэдээлснээс гадна тухайн арга хэмжээнд баримтлах хэд хэдэн дүрмийг танилцуулан залуустайгаа хамтран баталсан юм. Үүний дараа аймгийн залуусын талаар хийгдсэн судалгааны дүн мэдээ болон “Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-аас 2018-2020 он хүртэлх залууст чиглэсэн арга хэмжээ, төлөвлөгөөний талаар Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Т.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ.
С.Болормаа уг форумыг залуус маань өөрсдөө санаачлан зохион байгуулсан ба хуран цугласан залуусаас гадна аймгийн нийт залуу үеийнхэн хамтраад “Хүүхдийн хөгжлийн төв”-ийг хэрхэн босгох талаар гарц гаргалгааг ярилцах ёстой гэдгийг дурдлаа. Үргэлжлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Жаргалын төв”-ийн монолог буюу хүүрнэл танилцуулгыг хийв.
Мөн залуусын утга учиртай оролцоонд тулгуурласан нөлөөллийн арга хэмжээнд өөрийн дуу хоолойгоо хүргэхээр цугласан залууст “Эерэг хандлага, өчүүхэн жаахан хандлагаа өөрчлөхөд хүний амьдралд ямар өөрчлөлт гардаг” талаар “Хаан банкны бизнес инкубатор төв”-ийн захирал М.Батбаяр илтгэл тавьсан юм.


Залуус хөгжлийн форум нь 3-н үндсэн хэсэгтэй зохиогдсон бөгөөд түүний нэг хэсэг болох “Шийдэлт хэлэлцүүлэг”-т залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, клуб, зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчид болох 11 төлөөлөл оролцож өөрсдийн байгууллага, клубын танилцуулга, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, цаашид залуучуудад чиглэсэн хийгдэх ажлууд болон оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.


Форумын үндсэн нэг хэсэг болох Панель хэлэлцүүлгийн 12 оролцогчид гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт хуваагдан яриа өрнүүллээ.
Эхний хэлэлцүүлэг буюу “Хөөсрөлт” сэдвийн хүрээнд Хот, аймгийн ялгаа бий юу, хотод болон аймагт ажиллаж амьдрахад ямар давуу болон сул тал байдаг вэ, хотод амьдрах нь илүү их хөгжих боломж олгодог уу, аймагт амьдрах нь хөгжих боломжийг хязгаарладаг уу зэрэг асуултад С.Хишигжаргал\Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн багш\, Б.Баяртогтох\Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч\, Т.Эрхэмбаяр\ Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч\, П.Оргил\Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүн\ нар хариуллаа.


2 дахь хэлэлцүүлэг буюу “Боломж” сэдвийн хүрээнд Боломж хаана байгаа вэ, энэ хэлэлцүүлэгт залуучуудад ямар боломж байгаа вэ,боломжоо хэрхэн олж харах тухай асуултын хүрээнд М.Өлзийбат\Татварын ерөнхий газрын мэргэжилтэн\, С.Мягмардулам\Залуус клубын дэд тэргүүн\, С.Мөнх-Эрдэнэ\#ГАА брэнд, Арт нүүдэл төсөл хэрэгжүүлэгч\, Т.Болд\Хөгжлийн шийдэл ТББ-ын тэргүүлэгч\ нар яриа өрнүүллээ.


3 дахь хэлэлцүүлэг буюу “Гарц” сэдвийн хүрээнд Боломжийг хэрхэн ашиглах вэ, энэ хэлэлцүүлэгт өөрт байгаа боломж нөөцийг хэрхэн ашиглах болон хөгжлийн гарц шийдлийн талаарх асуултад Я.Одгэрэл\Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч\, Б.Галмандах\Цагдаагийн газрын мэдээлэл холбооны инженер\, Д.Орхонтуул\“UNLIMITED” Боловсролын сургалтын төвийн захирал\, Г.Хурцгэрэл\Нутгийн хөгжил бидний зүтгэл ТББ-ын тэргүүлэгч\ нар хариулт өгөн ярилцсан юм.


Форумын бас нэг үндсэн хэсэг болох "LEAD TALK ALTAI" урам зориг өгөх илтгэлд 

Т.Сайханаа\Алтайн эрин сангийн гүйцэтгэх захирал\

Р.Шинэгэрэл\Mongolian Business Gude ХХК-ий захирал\

Э.Нарантунгалаг\Цинхуа их сургуулийн магистрант\

М.Цогтсайхан\ GAA's Millennials Page-ийн үүсгэн байгуулагч\

О.Хантөр\“KHANTUR” брэндийн үүсгэн байгуулагч\

нар зочноор уригдан өөрийн болон эргэн тойрондоо эерэг нөлөөлөл, урам зориг түгээж буй хүмүүсийн сонирхолтой кейсийг хүргэлээ. Эдгээр илтгэлүүд оролцогч залууст маань өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан юм.
Залуус хөгжлийн форумын үеэр зохиогдсон нэг онцлог ажил гэвэл Говь-Алтай аймгийн стартап компаниуд буюу гарааны бизнесээ эхлүүлээд байгаа “ГАА”, “Алтай цай”, “Хантөр” “Altai beauty” зэрэг аймгийн шилдэг брэнд болон залуусын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг танилцуулах үзэсгэлэн байлаа. Оролцогч залуус маань цайны завсарлагаанаар үзэсгэлэнг сонирхон нэлээд худалдан авалт хийж байгаа нь ажиглагдсан юм.
Ингээд бүтэн өдрийн турш явагдсан арга хэмжээний төгсгөлд хэлэлцүүлгээс гаргасан 15 уриалгыг аймаг орон нутгийн удирдлагуудад гардуулан өгснөөр форумын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Сурвалжилсан: А.Нямбаяр

Эх сурвалж: Ekhoron21.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол