М.Билэгсайхан : Гэгээн монгол
Сүрэг цагаан зээр
Шүүдэр гишгэн цаглаж
Сүрлэг өндөр яндан
Тэхийн эвэр сэрвийж
Монгол гэрийн гаднаас
Малын үнэр ханхиалж
Моринд хайртай сайн эр
Уртын дууг аяалж
Үүрийн гэгээтэй уралдан
Өрхний хошуу даялаж
Өндөр борхон бүсгүй
Аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг
Тоон өргүүлэн сарамч
Өүлэн эжий минь удам тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь
Өглөө болж байгаа нь тэрээ.
Үдийн нарны сүүдэр
Хөлөн тушаа нуугдаж
Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд
Хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрэй
Борцтой цай аягалж
Гэр дүүрэн буурал
Тамхи нэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд
Цаггүй ажил хөглөрч
Нар унасан газраас
Ногооны үнэр ханхалж
Манчид нэрсэн айлаас
Охийн аагь сэнгэнэж
Зулзаган жаахан богширго
Нисэн бууж жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан
Өдөржин бэлчсэн мал
Задгай газар хотолж
Үдшийн буурал гэгээ
Толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг
Ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог
Залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд
Үеийнхэн голцуу цугларч
Цуутын цагаагч гүүг
Өвөө багачуулд ярьж
Сарны гэрэлтэй салхийг
Зэлний үхэр хэвж
Саалийн хувинтай сүүнд
Түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөө минь
Орой болж байгаа нь тэрээ.
Мичид долоон бурхан
Тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх
Дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй
Сэрүүхэн байх тохироонд
Армаг хүлгийн хазаар
Айлын шон дээр шаргиваа
Үзэхээс ихийг үзсэн
Өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр
Өрхөө даллаж явахдаа
Хүлэг эзгүй шон дээр
Нойтон хомоолын үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж
Хүүхэн насаа дурсваа
Азын тэнгэртээ гэгээн монгол минь
Айл нэмэх гэж байгаан тэрээ.