📅

Дүүгүүрийн чулуугаар өндрийг эзэмдэх сайхан

🕔 2017/08/07 12:30

Дүүгүүрийн чулуугаар өндрийг эзэмдэх сайхан

 

Сарлагтай нутгаа санасан дурсамж эсээ
Тэнгэр нь уулсдаа уусаж, уулс нь тэнгэртээ алдарсан өндөр сүндэр хангайнхаа хүглийн налайх хөвчийн хаяа, хөрвөөн тонгочох горхины хөвөө, хүүслэн дуулих сэрүүн дэнжид цавцайн туяарах хот айлуудыг өндрөөс харж өссөн балчирхан бага нас минь дурдатгалын тэртээ алсаас насан туршид минь даллан дууднам. Манай нутаг сарлагийн орон. Идэр их мөрний ай сав, Отгонтэнгэр Богд Очирвааний зүүн хойд талын хүдэнт цэнхэр уулс, зөөлөн борог, цэцгээр бялуурсан нуга хөндий угтаа сарлаг малын жаргалын нутаг. Иймээс манай нутгаар галигуулж явахад хар тарлан сарлаг жалга судаг, тал хөндий дүүргэн хаа сайгүй багшранхан, бараантанхан бэлчих нь орон дэлхийг дүүргээд, ээ дээ мөн чиг сайхан даа.Сарлаг гэдэг сайхан амьтан. Зуны дэлгэр цаг ирэхүйд ялаа шумуулаас дайжиж голын эрэг хөвөөгөөр оодон хатган давхиж, эрэг шөргөөн хааяа нэг хүүхэрч зогсоно.

Тэр үед нь морьтой, явган дөхөж туух гэвэл эрэг шөргөөсөөр байгаад үс нь ширэлдэж шороо болсон зантгар толгойгоо сэжлэн, эргэлдсэн том нүдээр урдаас тоомжиргүйхэн харснаа урд хоёр хөлөөрөө ойр ойрхон газар малтаж "Мөргөлдөх үү?” гэх шиг хэсэг хүлээнэ. Тэгснээ гэнэт цочсон мэт, хойд хоёр хөл дээрээ тулан огцом эргэж хажуу тийш харайснаа чигээрээ цааш зүглэн хоолойгоо хүүхрүүлэн мөөрч, газар шүргэсэн савгаа гишгэчих нь үү гэлтэй намируулан чирсээр, өтгөн сүүлээ саадаглаж, хүгдэгнэн түгдэгнэн давхиж гарна. Цовоо хөөрхөн тугалнууд ногоон зүлэгнээ хөөцөлдөнхөн наадна. Наадмын сүрдуулиан намжиж, хөвчид хөвших хөхөөн дуу татрах тийшээ хандан, намиа нугын шим шүлт цэцэг навчнаасаа их биедээ бууж, эрчүүд шимээсгээ хурцлан хадланд гарахын үес сарлагийн бухнууд Идэр мөрнийг өгсөж уруудан үнээ ээрч гарна даа.Нэг п өглөө Сосоход сүүл, савга, сэрвээ, духанд нь хатсан шавар, евс наалдсан ханхар том, эвэртэй эвэргүй, хоёр гурван бух үнээн зэлэн дээр ирчихсэн залуу бага гунж, дөнжнүүдийг үнэрлэн зогсох.

Удалгүй сартгар том хамраасаа халуун уур пурхийлгэн амьсгаадаж, бүдүүн дуугаар бүрээдэх мэт мөөрсөөр зэлнээс багахан холдосхийнэ. Хөлөн завсраа өтгөн шар шээсээ сархийлгэн удаанаар асгана. Тэгснээ үүдэн хоймрын зайнаас бие биенээ хорсолтойёо харж, сүүлээ өргөн, хөлөө газарт бат тулж, хэсэг зуур шавж зогссоноо гэнэт өөд өөдөөсөө ухасхийж магнай духаараа түсхийтэл мөргөлдөнө. Амнаас нь өтгөн шүлс хааяахан савирч, том улаан нүд нь аяганаасаа бүлтрэх гэж байгаа мэт сүртэйеэ эргэлдэн, лужир том биеэрээ нэг нэгнийгээ уухилан түлхэлнэ. Хэн хэндээ бууж өгөхгүй хэсэг үзэлцсэнээ арайхийж салан хоёр тийш болсноо дахиад л мөргөлдөж гарна. Үнээ сааж суусан авгай хүүхнүүдийн "Зэл дайрах нь ээ!”, "Сүү асгачих вий!” гэсэн дуун хадаж "Хүүе, хаае”, " Хаа, хөж ” болцгооно. Мөргөлдөн тэмцэлдэж буй бухыг энэ үед нь салгана гэдэг гонжийн жоо. Гурамсан хуйваар тас ороолгож, нарийн шургаагаар цохиод ч тулаанаа зогсоохгүй. Биед нь наалдсан шавар шавхай унаж, дааварлан чийхрах хөлсөндөө үс хялгас нь гялталзан сортовч улайран үзэлцсээр л байх. Гэвчиг мөргөлдсөн бух айлын гэр бараа, үнээн зэл дайрсан удаа манай нутагт л лав гараагүй юмдаг.

Бухнууд бие биенээ дийлэх гэж үхэлдэн тэмцэлдэвч аль нэгнийгээ хажуу бөөрнөөс нь мөргөнө гэж огт үгүй. Нэг нь хажуугаас нь дайрахад нөгөө нь их биеэрээ эргэн зайлж, яг духаараа л уулзалдана. Өглөөн сааль дундуур эхэлсэн мөргөлдөөн мал сүрэг соргог сэрмүүн бэлчээртээ аль хэдийнээ хүрч, гал үд дөхөхийн хэрд арайхийн дуусч, хоёр тийшээ салан нэг нь өнөө өглөө зэлэн дээр байсан үнээнүүдийн зүг, нөгөө нь дээд хотны үхрийн бэлчээр лүү хүржигнэтэл мөөрсөөр сүгсэлзэж одно.Сарлаг гэмээ нь Хангай нутгийнхны амин зуулгад мориноос дутуугүй үүрэгтэй амьтан. Миний багад айлууд түлээ түлшээ сарлагийн шар хөллөсөн үхэр тэргэнд ачиж ирнэ.

Тэрэгнийхээ танзан дээр сууж, сарлагийн шараа хаа нэг ороолгон зөөлөн хөрс,сахлаг өвстэй довон дундуур түгдчүүлэн намбалзуулан алхуулсаар хөглөгөр хөх хөвчийн зүг ганцаархнаа ой хөвч, уул усандаа цуурай хадаан дуулж явах нэн зугаатай, бас бахтай даа. Түлээнд явах, ус зөөхдөө бага залуус үхэр тэргээ хөтлөн түнтгэр бүдүүн зоотой сарлагаа унан савсалзуулах нь бий. Уналгын сарлаг номхон гэлээ чиг гилтэлзсэн бүдүүн зоон дээр нь тогтож сурах ч бас чиг амаргүй. Нүүх суух болохоороо хотныхоо сарлагийн шарнуудыг үхэр тэргэнд хөллөн гэр бараагаа ачаалж хөдөлнө. Машин тэрэг бүү хэл, үхэр тэрэг ч явамгүй хад чулуу, бартаа саад ихтэй өвөлжөө бууцаа бараадах бол нуруу ачаад тууж орхиход газар орноо сайн мэдэх сарлагууд жимтэй жимгүй газраар өдөр шөнө, цас бороо, намаг шалбаагийг үл ажран мацсаар саадгүй хүргэдэгсэн. Нуруу ачна гэдэг бол ачаа бараагаа сарлагийн нуруунд ачиж баглахыг хэлдэг юм л даа. Сарлагийн сүү гэж будаг.

Том дэлэн нь тулам шиг унжиж, ягаан хөх нь сэрийсэн сайн үүлдрийн үнээнүүдийг бодвол сарлагийн үнээний сүү бага ч гэлээ өтгөн, тослог ихтэй, амттай гэж янзын. Ижий минь хонин тогооны тэхий дундуураас дээхнэ даргилах хар цайг халбага сүүгээр сүлэн, хужир давс орхиод том гуулин шанагаар, тооноор тусах нарны туяатай цуг удтал самрахад сүү амтагдсан, аагтай, хонгор шаргал цай бэлэн болдогсон. Сарлагийн сүүг зөөлөн гал дээр дөмбийлгээд хатавчин дахь эргэнэг дээр тогоотой нь гаргахад хуруу зузаан, цөцгий нь гоожсон, шаргал өрөм тогтоно. Аавынхаа өврөөс гараагүй жаахан банди өглөө унтаж унтаж босоод ижийнхээ аягалж тавьсан арвайн гурил хавчсан, тогооны өрмийг гэрийн боорцогтой холиод зулж өгөх мөн чиг сайхан даа. Ижий минь өрөм байлгах эрдмийг гаргууд эзэмшсэн хүн явж дээ, одоо бодоход. Манай нутгийнхан сарлагийн ашиг шимийг дүүрэн ашиглана. Хөгширсөн шар, бага залуугаасаа сувайрч үр төлөө өгөхөө больсон үнээгээ идшинд төхөөрнө. Хялгас унгасаар нь дээс томж гэрийн хошлондоононы чагтага, дээвэр, туурга, өрхний оосор, унины сагалдарга хийнэ. Ширий нь идээлэн элдэж сур, хуйв, хазаар ногт, морины аргамжаа, ачааны татлага… гээд малын тоног хэрэгсэл үйлдэнэ. Сүүгээр нь аарц, ааруул зэхэж, цөрөм, ээзгий буцалгаж, мэхээртэй хайлмаг бөмбөрүүлж, хонины гүзээнд цагаан тосны өрмөө хураана…

Цаг улмаа намаршиж, өвсний толгойд дарайсан цагаан хяруу тогтохын үеэс сарлагийн бэлчээр хотноосоо цаашлан цаашлан алсарна. Зундаа хар аяндаа цувраад ирдэг байсан үхрүүд толгой эргүүлэхээ больж морьтой хүн хураахаас нааш хот руугаа зүглэхгүй. Энэ үед зуны сүүлч, намаржин үнээ ээрсэн бухнууд сүргээсээ тасран уулын орой өөд нэг нэгээрээ тошин алга болно. Нэг тошсон бух эзэн нь хөөж ирэхээс нааш буцна гэж үгүй дээ. Тээр жил, сартай хар бух маань Битүүтийн энгэрт асчихаад бараг өвлийн сартай золгов. Тэрнийг уулнаас тууж ирсэн аав минь "Сарлагийн дошсон бух айхтар амьтан. Цасан дунд хэвтсэн сартай хар бухыг маань босгох гэж хэдэн чоно баахан зулгаагаад арьсыг нь шүд нь даахгүй, босгож дийлэхгуй болохоороо бие рүү нь сарьж сарьж явчихаж. Бух минь өмнөөсөө ойртсон чоныг эврээрээ сэжиж шархдуулсан болтой цасан дээр баахан цус туначихсан байна лээ. Хэд ч хоносон юм бүү мэд, хөөрхий, дарайсан цагаан цасан дунд, цан хүүрэг болсон амьтан хэвтээгээрээ хивж байх юм” гэж ярьж билээ.

Сүү саам нь татарч, ихэнх нь ширгэсэн сарлаг хотондоо ирэхээ байж, хээр хонох нь бий. Энэ үед нь араас нь мордож, уул өөд мацсаар дуу хүрэх газар дөхмөгцөө хангинатал бөлбөөлж гарна даа. Хоёр гарынхаа хуруунуудыг нийлүүлэн цомойлж, амандаа бариад, уруулаа ялимгүй нээж, хэлээрээ уруулаа тогшиж урт амьсгаагаар уянгалуулан орилж бөлбөөлөхөд борог өвсөнд хошуугаа дүрсэн үхэр сүрэг толгой өргөн сэртэлзэнэ. Уулын хяраад өгсөн өгссөөр хамгийн дээр, оргилын талд байх үхрийн зүг суран дүүгүүр сүнгэнэтэл эргүүлсээр богийн шагайнаас томхон чулуу нисгэж орхино доо. Дүүгүүрээс мултарсан чулуу үхрийн цаадах том хадыг ч юм уу, эсхүл үхрийг оноход сарлагууд дээрээсээ эхлэн толгой эргүүлнэ. Хэд хэд тийнхүү дүүгүүрдэхэд сарлагийн сүрэг уулын уруу бууж эхэлнэ.

Тэгэх тусам улам урамшиж, эргэлдэн сүүгэх дүүгүүрийнхээ нэг оосрыг тавихад түүнээс алдран ниссэн чулуу том эврийг нь тасхийлгэн оночихвол учиргүй их баярладагсан. Дүүгүүрийн дуунаар тарган сарлагууд энгэрийн цасыг оволзтол манаруулан, асга сайрыг нураан өнхрүүлж, сонгины хатсан шар цооргоныг хуга хуга дайран нэлмэгнэнхэн, нүүгэлтэнхэн буух нь малчин хүүгийн жаргал байж дээ. Уулын хяраас үхрээ дарсан, хацар нь улаа бутарсан банди холыг хараачлахад уулын бэлийн том хадан цохионы нөмөрт манай хот сэтгэл зүрхнээ нэг л дулаахнаар бараантаж, дүнхийтэл нуруулдсан өвс ногоорон шаргалтаж, дээлийн танан товч мэт цавцайн цайрах айлуудаас цэнхэр утаа эгц дээшээ цоргин зурайх зураг нүднээ дурайдагсан. Дүүгүүрийн чулуугаар сарлагаа хурааж, оргил өндрийг эзэмдэж явсан уулын хүү миний бага нас сайхан ч байж дээ!
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Алтангэрэлийн МЯГМАРЖАВ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол