Санжийн Пүрэв : Цагаан дэрсний намаржаа
Сутай Богд уулын нөмгөн хөх салхинд дэрсний саадаг намс намс бөхөлзөж; нөмөр нөөлгийг нь бараадсан хэдэн бор болжмор учир үл тайлагдах үглээ жиргээгээ уралдуулан гүйлдэнэ. Байлаа гэхэд илүүдэхгүй, алга гэхэд үгүйлэгдэх энэ сүрэг сүрэг болжмор. Цагаан дэрсний намаржааны нэгэн халуун амь юм даа. Өвөл, зун, хавар, намар хэзээ л бол хэзээ намаржаа сахисан хөөрхийс өнгөрсөн жилийн зуднаар халуун цусаа царцаан хомоол мэт хотны хөлөөр хөглөрч хүн зоны гол харлуулж байлаа. Гэлээ гээд борхон болжмор босон суун жиргэдгээрээ жиргэж хад хавцлын ангал цавд үүр юугаа засан их амьдралаа үргэлжлүүлсэн.
Намаржааны урд талын дэвсэг дээр чандмалж буусан гурван гэр мөнөөх нөмгөн хөх салхинд өрхөө дэвэлзүүлэн, яндангаар нь утаа үл мэдэгхэн савсана. Арын, аягын чинээ бор гэрт өвгөн, эмгэн хоёр аж төрдөг бөгөөд өвгөнийг Готов, эмгэнийг Баярт гэх. Тэд өөрсдийгөө энэ хоёр айлыг бараадаж, ач буянд нь жаргаж сууна гэлцэх боловч үнэндээ гэвэл тэр залуу халуун улс хоёр хөгшний ухааны түшигт дулдуйдан өглөө орой, өвөл хаврыг золгуулна. Ингэхдээ зүгээр ч нэг хашир ухаанаас нь юүлээд байхгүй ус түлшийг нь залгуулж, морь малын нь ойртуулан, тэмээ хомнож, тэн татан ачаа хөсгийг хөдөлгөнө. Хоёр хөгшин түүнд нь харин ч нэг магнайгаа хагартал баярлана даа.
Умгар бор гэртээ бол хоёулаа бие биендээ эрхлэнэ ээ, эрхлэнэ.
Зууханд чихсэн хөх тэсэг гашуун саарал утаа савсуулан, час улаан галынх нь үзүүрээс нэг их намирсан зөөлөн шаргал дөл дөллөх үес, хөөтэй тогоо нь ямаатан борцтой цай бориглож гарна.
Готов өвгөн тотго нь хэлтийсэн мод толгойгоо угжны хурга мэт
хөхөн бөгшүүлэн ханиалгаж,
- Баярт аа, цаад нэг мал үргэмээр юмаа оруулчихмаар юм даа гэлээ.
- Ямар юм аа яриад унав даа.
- Яагаав, дэрсний толгой дээр дэлгээд хаячихсан... Yхэр хивчихнэ дээ... хэмээн өвгөнийг үглэвээс эмгэн ус саван хоёрыг нь гарын тамир баран салгасан орны даавуугаа гэнэт санаж, тэрүүхэндээ инээгчээ аядан, бас зүгээр ч өнгөруүлж чадсангүй,
- Нойтон даавуу яав л гэж... гэсээр хормойдоо нэгтээ бүдчин гарав.
Готов ард нь айхавтар их ажил бүтээсэн мэт өөртөө бардам инээмсэглэж, бас ч гэрт гадааг бөөцийлдөг эр хүний ёсоор "Дэлэм даавуу олох гэж үйлээ үздэг хойно... Yхэр хивчихвэл энэ бид хоёр л шар навтсанд сүүжээ холгуулна" гэж ихэмсэгээр бодно.
Эмгэн удаж төдөлгүй мөнөөх нойтон даавуугаа дээлийнхээ халтар ханцуй дээр тохон орж ирээд, сэжүүрээр нь утаат униндаа хавчуулан сэврээнэ.
Эмгэн өвгөн хоёр ид залуу насандаа сумын төвд сүүдэр ший анх үзэж, ийм нэг дөрвөлжин цагаан даавуун дээр буу шийдэм барьсан цэргүүд гүйлдэж, дайны хажуугаар дажин гэгчээр хүн амьтан үхэж хиарч байхад нэг муу эр эм хоёр үнсэлцэж, үзэж байсан олны өөдөөс халуун нурам цацах шиг болж билээ, тэнгэр минь!
Баярт сүвээ рүү нь тохойгоороо ёврон “явъя л даа, шал дэмий юм, явъя” гэсээр тэр хоёр харанхуй руу нууцаар уусан одож билээ. Уяан дээр хөлөө чилээн байсан морьдоо унаж сумын төвөөс холдсон хойноо учир утгагүй инээлдэж, бүр шөнийн шувуудыг халуун хэвтрээс нь үргээж билээ. Сайхан ч залуу нас байж дээ.
Эмгэн нь галаа төнхөж, тогоотойгоо уудлан, өвгөн ч бүтэн гучин цагаангүйгээ мэдэхгүй дэвтсэн халуун борцонд санаа нь унана.
Сэтгэл нь хөдлөхөөрөө үгээ ч олоод хэлчихэж чаддаггүй хүн гэж байдаг. Тэгвэл Готов тэдний өрөөсөн дугуй... Готов мод толгойгоо тогшин цогийг нь унагаж, мөнөөх унинд хавчуулсан цагаан даавуугаа гүймэг харан,
- Сүүдэр ший үзэж байгаа юм шиг.,. гэж хэлээд үрчгэр нүүрээ улам үрчийлгэн, тамир сул ч байдгаараа хөхөрлөө.
Баярт "Энэ муудаа ганц сайхан гаанс зуулгаж чадалгүй л насыг барлаа даа. Эр хүн биш би хэнтэйгээ наймаа ярьж явахав дээ" гэж санаснаа, "Бас юун сүүдэр ший яриад унав аа. Буруу зөнөөд л..." гэсээр өмне нь уур савссан халуун борц тавилаа. Өвгөн алгаа тэрүүхэнд нь үрэн, Баяртын өөдөөс харан бүдгэрсэн цийлэн нүднийхээ буурал хөмсөгийг огтхон ч хөдөлгөлгүй ширтэн,
- Сүүдэр ший л ярьж байна шүү дээ. Яагаав улсууд байлдаад л... нэг хоёр юм үнсэлцээд л ... Тэгээд яалаа?
- За наадахаа огтол хөрчихлөө. Завилаа Богд будантаад нэг л биш. Намаршиж байна. Маргаашнаас энэ хүүхдүүдийг ачлага унаандаа явуул. Газрын намд орохгүй бол нэг л шөнө цас дараад хононо гэж эмгэн хэлэв. Готов энэ тухай мэдэж байвч үг хэлсэнгүй, харин ч хөгшнөө цаашлуулан.
- Чи ч мөн халуун цээжтэй хүн шүү. Чи бид хоёр Хүүшийг өгсөж даваан дээр гараад, чи яалаа ... Муухай юм үзлээ, дахиад ийм юм үзэхгүй гэж үглээд л ... Тэгээд гэртээ харьсан хойноо тас тэврэлдээд унтаж билээ. Би чамайг үнсээд л ... Олны нүдэн дээр биш болохоор сайхан л байсан даа гэвэл Баярт тэсэгний утаанд хорссон аргуу зовхио үрчгэр алгаараа арчин,
- Чи намайг ор нь үнсэж байсан юм уу... Хүнд муухай хөндий хүн гэвэл Готов ч мөчөөгөө өгсөнгүй,
- Хамаг шүлсээрээ чиний нүүрийг цэвэрлэж, уйлах нулимсаа хүртэл чамд өгөөд дуусч дээ гэсээр нөмөрсөн дээлээ засан тавагтайдаа ойртов.
Баярт дотроо инээмсэглэн "Энэ ер хэзээ нэг тохитой хүн болох бол, мөн ч өдий байна даа" хэмээн санаж хайрлав.
Цагаан дэрсний намаржааны өвгөн эмгэн хоёр гэж ийм нэг үлгэр шиг сайхан хоёр амьтан аж төрж, цаст Сутай богдынхоо нар салхин доор жаргаж явна даа. Хүмүүн гэгч ухаант амьтан жаргалыг өрөөлөөс бус өөрсдөөсөө эрж, эдэлж явах амьд яваагийнх нь хэрэг ажээ.