Элсний нүүдлээс хамгаалж ойн зурвас байгуулна
Хөхморьт сумын нутагт 110 га талбайд элсний нүүдлээс хамгаалж ойн зурвас байгуулахаар боллоо.
Тус аймгийн Хөхморьт сумын нутагт орших Сангийн далай нуур нь Их Монгол элсний өмнөд захад орших байгалийн үзэсгэлэнтэй нуураас гадна нүүдлийн шувууд ихээр ирж хоол тэжээлээ сэлгэдэг эко системийн өндөр ач холбогдолтой нуур юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, элсний нүүдэл зэргээс шалтгаалан нуурын ус ихээхэн багасаж байна.
Үүнтэй холбоотойгоор зуны их халууны үед нуурын усны температур хүчтэй нэмэгдэх болсон нь нуурын ус биологийн бохирдолд орох шалтгаан болоод байна. Биологийн бохирдолд орсон нуурын усанд вакуум орчин үүсэж ботулизм гэх нянгаар бохирдож биологийн төрөл зүйлүүдээр дамжин нүүдлийн шувуудын хоол тэжээл болсноор тэдгээрийн үхэлд хүргэх шалтгаан болж байгааг судлаачид тус байгууллагын захиалгаар хийсэн гидробиологи гидрохимийн судалгаа болон бусад судалгаа, шинжилгээний үр дүнгээр тогтоогоод байна.
Иймд Сангийн далай нуурын усны түвшнийг нэмэгдүүлж сэргээх, нуурын усыг тэжээгч булаг шандны эхийг хамгаалах, элсний нүүдлийг тогтоон барих зорилгоор 45 га талбайд ойжуулалт, ногоон байгууламж хийхээр төлөвлөлөө.
Мөн нуурын усыг их халууны үед температурыг нэмэгдүүлэхгүй байлгах талаар хэлэлцэж шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа, оновчтой төлөвлөлтөд суурилсан арга хэмжээ авах, зураг төсөв тооцоолол, зөв шийдлийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах саналыг тус аймагт ажилласан Герман, Монголын хамтарсан Биологийн олон янз байдлыг хамгаалах (KFW) төслийн зөвлөхүүд эрдэмтэн судлаачид тавьсан тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн юм.
Ингэхдээ Хөхморьт сумын хойд хэсэгт орших Гүн нуур нь Сангийн далай нуурын адил Их Монгол элсний өмнөд хэсэгт оршдог бөгөөд нэгэн адил элсний нүүдэлд өртөх эрсдэлтэй тулгараад байгаа тул 20 га талбайд ойжуулалт, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хуурайшилт, салхитай өдрийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Хөхморьт сумын төв элсний нүүдэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хойд хэсэгт 45 га талбайд ойжуулалт ногоон байгууламж хийхээр тохиролцов.
Ийнхүү Хөхморьт сумд гурван байршилд нийт 110 га талбайд ойн зурвас, хөндлөн хамгаалалт барих, механик хамгаалалт байгуулах ажил иж бүрэн хийхээр шийдвэрлэгдсэний дагуу техникийн тодорхойлолт боловсруулах ажил хийхээр санхүүжүүлэгч байгууллага болох төсөл хөтөлбөрийг байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны төлөөлөл нутгийн иргэд хамтран ажиллалаа.
Энэ ажлыг хийснээр нуурын орчимд нутагладаг иргэд бэлчээр сэлгэж нуурын экосистемд үүсэж буй дарамтыг багасгах, Ойр орчимд хөв цөөрөм байгуулах, худаг гаргах ажлыг шат дараатай зохион байгуулах зэргээр гарц шийдлүүдийг тодорхойлон дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.
Э.Нарангэрэл
Эх сурвалж: МОНЦАМЭ