📅

Р.Санжжав: Чихрийг орлох бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна

🕔 2018/10/04 16:01

Р.Санжжав: Чихрийг орлох бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна

 

Говь-Алтай аймгийн баялаг бүтээгч, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэлээрээ олны танил болсон “Баян таян” ХХК-ийн захирал Р.Санжжавтай ярилцлаа. Тэрээр анх 2008 онд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж “Баян таян” ХХК-аа байгуулжээ. Үйлдвэр чихрийг орлог шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, “Цагаан доктор”-ыг хот хөдөөгийн хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байгаа аж. Захирал Р.Санжжав “ХААИС-ийг мал зүйчээр төгссөн боловч авто осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан ч амьдралд бууж өгөхийг хүсээгүй” юм.

-Таныг орон нутагтаа өрхийн үйлдвэрлэлээр бизнесээ эхэлж байсан гэж дуулсан?

-Сайн байцгаана уу.  Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэж эхэлсэн маань манай гэр бүлд амьдралаа шинээр эхлэх боломжийг бий болгосон. Манайх Говь-Алтай аймгийн Цээл сумд мал маллаж амьдардаг байлаа. 2008 онд сум маань үерийн гамшигт өртөн малгүй болсон.Тэгээд аймгийн төвд ирж амьдралаа дахин босгохоор сэтгэл шулуудсан. Тухайн үед эхнэр бид хоёрын хэнээс ч тусламж авалгүйгээр хийж чадах ганц зүйл бол цагаан идээ боловсруулах байсан.

Тиймээс л сүү, сүүн бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлэх болсон. Одоо үйлдвэр маань тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, чипсэн ааруул, цөцгийн тос, хүүхдийн илчлэг тэжээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Алтай хотын хамгийн анхны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр юм.

Эдүгээ манай бүтээгдэхүүнүүд Алтай нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болж чадсан. Тухайлбал, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруулыг нэрлэж болно. Саяхан чихрийг орлох бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, аяганд найруулж уухаар савлагдсан “Цагаан доктор” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр хүргээд  байна.

 

-Бүтээгдэхүүний борлуулатаа зөвхөн орон нутагтаа хийж байна уу, эсвэл салбараа нээсэн үү?

-2008 оноос хойш хэд хэдэн газар өөрийн салбараа нээж үйлдвэрлэлээ өргөжүүлээд байгаа. 2015 оны долдугаар сард Эрдэнэт хотод, наймдугаар сард нь Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод салбараа нээж тухайн орон нутгийн иргэдийг чанартай цагаан идээгээр хангаж байна. Эдгээр салбаруудыг манай дүү нар хариуцан ажлуулж олон хүнийг ажлын байраар хангаж байна. Сүү, цагаан идээний үйлдвэрээ нээснээр өөрийнхөө амьдралыг төдийгүй өрөөл бусдын амьдрал ахуйд нь ихээхэн хувь нэмэр болж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. 

-Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх тэр тусмаа өнгө үзэмж, сав баглаа боодлыг шийдэхэд бэрхшээл тулгардаг байх. Танай  бүтээгдэхүүнүүдийг сонирхоход импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц сав баглаатай юм. Үүнийг хэрхэн шийдэв. Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?

-Манайх сав баглаа боодлоо Манжуурт захиалгаар хийлгэдэг. Одоо зарим бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өөрсдөө хийж байгаа. Анх чанар, стандартад нийцсэн өнгө үзэмж сайтай баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ аймгийнхаа зах зээлд гаргаж, дэлгүүрүүдэд тавиулдаг байхад иргэд хотын ааруул гээд худалдаж авдаггүй, шошгыг нь авчихаар авдаг байсан.

Материал түүхий эдээ зунд нь малчдаас, өвөлд нь Баянхонгор аймгийн Галуут сумаас худалдан авдаг. Ер нь аливаа бүтээгдэхүүний түүхий эд чанартай найдвартай байх нь түүнээс гарах бүтээгдэхүүний чанарт мөн адил нөлөөлдөг. Барааны чанар гэдэг нь бүтээгдэхүүний зориулалтаар нь ашиглахад хүний хэрэгцээг хангах эсэх чадварыг илэрхийлдэг шинж чанаруудын нийлбэр цогц юм.

Бараа бүтээгдэхүүн маш олон онцлог шинж чанартай. Энэ шинж чанарууд нь түүнийг бүтээж бий болгоход мөн эдэлж хэрэглэх явцад илэрч байдаг. Барааны чанарыг үнэлэхэд хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс бид материал, түүхий идээ худалдаж авахдаа амт чанар, хадгалалт зэргийг бүгдийг нь шалгаж авдаг.

-Танай компани орон нутгийнхаа шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр олонтаа шалгарсан. Орон нутгаас дэмжлэг байдаг  уу?

-Тиймээ. Эрхэлж буй энэ ажилдаа, дуртай учир чин сэтгэлээсээ, уламжлалт технологиор үйлдвэрлэдэг учир төр засаг, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагаас ихээхэн тусалж дэмжин, хамтран ажилладаг. Манайх 2013 оны орон нутгийнхаа үзэсгэлэн худалдаанаас жил бүр тасралтгүй шагнал хүртсэн.

Хамгийн сүүлд “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” бүтээгдэхүүнээрээ “Алтайн түншлэл-2018” үзэсгэлэн худалдааны шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ сав баглаа боодлыг нь ч өөрсдөө хийж байгаа. Нэмж хэлэхэд манай бүтээгдэхүүнүүд Үндэсний тохирлын тэмдэг, зураасан кодтой учир гадаадад оршин суугаа Монголчууд маань захиалж авах бүрэн боломжтой юм.

-“Цагаан доктор”, “Ааруулан чихэр” нэрийн бүтээгдэхүүнийхээ ач холбогдлын талаар мэдээлэл өгвөл?

-Хүүхэд багачууд маань чихэрт дуртай. Тиймээс чихрийг орлуулах зорилгоор шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”-ийг үйлдвэрлэж эхэлсэн. Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээт үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөд чухал үүрэгтэй.

Харин “Цагаан доктор” бүх насныханд зориулсан ханиад томуу, ясны сийрэгжилтийн эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Мөн дархлаа суларсан үед уухад нэн тохиромжтой. Найрлагадаа хатаасан аарц, хөмүүл, сүү, витамин С агуулснаараа онцлогтой.

-Таньд амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол