📅

БИ ДИПЛОМГҮЙ “АМЬТАН”

🕔 2018/05/14 18:01

БИ ДИПЛОМГҮЙ “АМЬТАН”

 

Би дипломгүй “хүн”. Тэгэхээр өөрийгөө хүн гэх үү, юу гэх вэ? Диплом байтугай хүнд үзүүлчих олигтой сертификат ч байхгүй “АМЬТАН”. Эрх биш жолооны үнэмлэх л байна. Шалгалтыг нь бор зүрхээрээ өгөөд авсан үнэмлэх минь. Аа тийм, хэдэн жилийн өмнө Энэтхэгт 3 сарын компьютерийн хэрэглээний программ, IT курс төгссөөд сертификат авсан юм. Харин түүнээ хаана хийснээ огт санахгүй байна. Ер тэр IT сертификатын хэрэг болно ч гэж бодоогүй. Харин компьютерээ эзэн хүн шиг бүрэн эзэмшиж, хэрэглээний гол гол программуудыг гартаа оруулж авах нь л чухал байв. Энэ чинь миний өдөр тутам хийдэг ажилд минь амин чухал хэрэгтэй мэдлэг, ур чадвар шүү дээ.

20 жилийн өмнө дээд сургууль төгссөн минь бол харин гарцаагүй үнэн л дээ. Сүүлчийн шалгалтыг нь хүртэл явсан юм. Гэхдээ аар саархан юмнаас болоод дипломоо аваагүй. Ер нь авая ч гэж хөөцөлдөөгүй. Залуу ч, бардам ч байж. Дипломтой, дипломгүй болчихно доо л гэж бодсон хэрэг. Өөрийгөө диплом төдийхнөөр үнэлнэ гэж юу байхав гэж бардамнасан нь тэр. 20 жил өнгөрчихөж, болоод л ирсэн шиг...

Эсвэл болохгүй яваа юм болов уу? Энэ хугацаанд жолооч, ачаа ачигч, сурвалжлагч, хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, газрын дарга, цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бууз чимхэгч, сонины Ерөнхий эрхлэгч, барилгачин, мужаан, дээд сургуульд багш, кассчин, Ерөнхий редактор, тусгай сурвалжлагч, агентлагийн орлогч дарга, хэвлэлийн газрын редактор гээд зүсэн зүйлийн ажил хийжээ. Аль нь ч надаас диплом нэхэж байсангүй, дипломгүй гээд ч би гологдож байсангүй. Харин ч хариуцсан ажлаа, хүлээсэн үүргээ хэний ч өмнө нүүр улайхааргүй биелүүлж ирсэн. Үүнийгээ бол бардам хэлнэ, хүмүүс ч батална.

Ганцхан удаа л надад диплом хэрэг болсон. Удирдлагын Академид тодорхой хөнгөлөлттэй суралцах боломж олдов. Гүйгээд очтол бакалаврын диплом нэхдэг юм. Төгссөн сургууль руугаа гүйх гэснээ гэнэтхэн өөрийгөө диплом төдийхнөөр үнэлүүлж буйгаа хүлээн зөвшөөрсөн мэт санагдаад, өнөөх бардам зан гозолзон босч ирээд больчихож билээ. Тэгээд ч Академид суух сонирхол төдий л байгаагүй юм даг. Тэнд сууна гэдэг бөөн ядаргаа. Тэгснээс зав зай гарвал Блокийн шүлгийн номыг тэвэрч, монголынхоо гайхам түүхийг ухаж хэвтэх минь... Залуугийн гоомой явдал гэх үү дээ?

Аа тийм, саяхан нэг удаа дипломын тухай жижигхэн яриа бас болсон юм байна. Өнгөрдөг хавар нэгэн дээд сургуулийн захирал найз маань ярьж байна. "Үгүй чи, гэртээ дэмий хэвтэж байхаар, манай оюутнуудад лекц уншиж өгөөч. Өрнө, дорнын болон монголын утга зохиолын талаар. За тэгээд түүх, сэтгүүлчийн ур чадвар, редакторлох арга зүй. Ер аль нь ч байсан болно. Оюутнуудад маань, ялангуяа чиний сэтгүүлчийн туршлага хэрэгтэй" гэж байна. Эдгээр хичээлийн аль нь ч надад боломжийн санагдана. 2000 оны үед хувийн дээд сургуульд яг эдгээр сэдвүүдээр хичээл заасан болоод гүйж л явсан. Тэр үеэ бодвол, ялангуяа редакторлох аргазүй, бичлэгийн ур чадварын талаар залууст хэлээд өгчих туршлага бишгүй хуримтлагджээ. Мөн уран зохиолын талаар бол хаана ч, хэний ч өмнө нүүр улайхгүй.

Бардам хэлнэ дээ. Түүхийг бол нэг муухан халтар хултар хэлээд байх. Тийм ч хангалттай сайн биш. Тэгээд найздаа хэллээ. "За хөгшинд чинь ямар ч диплом байхгүй шүү. Диплом байтугай олигтойхон сертификат ч үгүй. 2000 оны үед бол болоод байдаг байлаа. Одоо болохгүй болчихсон юм биш үү. Мастераас дээш цолтон л их, дээд сургуульд хичээл заадаг заавар журам мөрдөгдөж байгаа. Хожим хоёулаа хуйвалдсан хэргээр АТГ-т очоод яах вэ?" гэлээ.

Нэг хэсэг би өөрөө ажил олгогч болж, сар бүр л элдэв сайхан алт мөнгөн саатай диплом, ромбо гялалзуулсан залуус ажилд орохоор над дээр ирдэг болов. Ихэнх нь дипломоо гол шалгуур үзүүлэлт хэмээн надад эрхэмлэн барина. Зарим нь бүр час улаан диплом ширээн дээр минь жишүүхэн шидчихээд, "Намайг ажилд авахгүй хаачдаг юм" гэсэн янзтай дээгүүр шилбэлзэнэ. Харин би огт өөр зүйлийг буюу чадвар, бас дахин чадвар, бас хамт олонч чанар, хийж бүтээх эрмэлзэл, ажилдаа дурлах хүслийг нь харж ажилд авдаг байлаа. Би өөрөө дипломгүйдээ ч ингэж хандаж байсангүй, үнэхээр ажил олгогчдийн хувьд гол шалгуур бол чадвар.

Диплом нэг үзүүлэлт мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гэхдээ баталгаатай биш, нэг үе чинь хуурамч дипломтонгууд их олон байлаав шүү дээ. Хэдэн төгрөг өгөөд л бакалавр, мастер, доктор болчихно. Бүр том том сайд, дарга болно, цаашлаад УИХ-д ороод суучихсан нь ч бий. Бас зөвхөн дүнгийн хойноос хөөцөлдөгч, хэлбэрдэгчид тэрхүү гоё гоё дипломны ард олноороо нуугдаж байдаг юм. Тиймээс алтан хээтэй, цул А-гаар дүүрсэн дипломонд хууртаж ер болохгүй. Ажил олгогч өөрөө л хохирч, зовлонг нь өөрөө л үүрдэг.

Дээр дурдсан есөн шидийн ажил хийж явахдаа, дипломгүй ч өргөн их мэдлэгтэй, мэргэжилдээ бол ямар ч доктор, мастераас илүү жинхэнэ мэргэшсэн туршлагатай хүмүүстэй бишгүй л таарч учирч явав. Олны мэдэхээс Ц.Намхайнямбуу баатар байна. Зарим хүмүүс шоолдог л юм. Боловсролгүй хоньчин энэ тэр гээд. Тэгвэл энэ хүний их ухаан, цэгцтэй сэтгэлгээ, уншсан мэдсэний хажууд бол "ичмээр дамшиг" гэчихмээр дипломтнууд хар мянгаараа бий. Н.Нагаанбуу ах байна. Зарим нь хэлдэг л юм, шинжлэх ухаанч биш, фантази ихтэй гэх мэт. Гэвч олон ч доовтор моовтортой харьцуулах аргагүй их зүйл хийж бүтээж, ардаа арвин сайхан бүтээлийн өв үлдээгээд одов доо. Хойч үе нь судалж нээх зүйлс ч тэр дотор бий.

Нэг чиглэлээр диплом авсан ч, бүр таг өөр зүйлд мэргэшчихсэн хүн ч бий. Жишээлбэл манай хүн байна. Эрхүүгийн хууль, МУИС-ийн хууль төгссөн, манийхаа хажууд сүрхий өнгөлөг хоёр ч ромбо, дипломтой. Гэвч өдгөө тэр талаараа бол бүр тагийн таг. Тиймээс тэр сүрхий дипломонд нь хууртаад манай хүнийг ажилд авсан хуулийн ямар ч байгууллага ноцтой хохирол амсана гэдгийг би батлан хэлнэ. Харин уран зохиол, орчуулгаар бол ямар ч дипломгүй атлаа ямар ч том дипломтонгуудаас огт дутахгүй мэднэ, чадна. Бас хийж бүтээлээ. 16 роман, 30 гаруй тууж бүхий 80 гаруй ном, нийт 14 000 орчим нүүр буюу 880 хэвлэлийн хуудас орчуулчихсан хүнийг юм хийгээгүй гэх үү? Орчуулагчийн дипломгүй учраас энэ хүний орчуулгыг орчуулгад тооцохгүй гэх үү? Харин уран зохиолчийнх нь чадварын тухай тэр мэргэжлийн хүмүүс нь хэлж ярина биз. Тэгэхээр диплом бол номер нэг, нэн чухал шалгуур үзүүлэлт мөн эсэхэд би ихээхэн эргэлзэж байна. Эргэлздэг учраас л дипломгүй өөрийгөө өдий хүртэл "ХҮНИЙ ЗЭРЭГТ" тооцсоор иржээ.

Гэхдээ мэдээж хэрэг дипломыг, системтэй боловсролыг үгүйсгээгүй. Түүх ухаж суухад өөрт яах аргагүй судалгааны арга зүй ихээр үгүйлэгдэж буйгаа мэдэрдэг. Ч.Далай хэмээх их хүмүүний өвдөгт нь мөргөн байж хэдэн удаа зөвлөгөө авч байснаас өөрөөр түүхийн талаар ямар ч системтэй боловсролгүй хүн билээ, би. Гарт таарсан бүхнийг л уншсан.

Хувь хүн системтэй боловсрол эзэмшихийн чухлыг нуршин өгүүлээд баршгүй. Өнөө үр хүүхдээ сайн боловсролтон болгохсон гэж байдгаараа хичээж явна. Дүү нар болон шавь нартаа ч суралцахыг байнга ятган өгүүлдэг билээ. Гэхдээ дипломны төлөө сурдаггүй юм шүү, мэдлэгийн төлөө, чадварын төлөө, танин мэдэхүйн төлөө суралцдаг юм шүү гэж ямагт хэлдэг.

Үр дүнтэй, оновчтой, уян хатан атлаа тууштай бодлого бүхий боловсролын систем бол улс орны хөгжлийн, ард түмний сэргэн мандлын амин чухал түлхүүр. Монголынхоо дунд болон дээд боловсролын системийн шинэчлэл, чанарын талаар сэтгэл санаа зовинон, хэр хэмжээндээ олон удаа бичиж, сонин хэвлэлд нийтлүүлж байв. Би өөрөө дипломгүй гээд дипломийн боловсрол руу, дипломтон руу нэг ч удаа хялалзаж байсангүй. Гэхдээ л дахин хэлэхэд диплом бол хамгийн чухал нь биш шүү. Яагаад гэнэт өнөөдөр ийн хэлэв, өөрийнхөө дипломгүйг ярих болов гэвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дипломтой эсэх талаар эх орон даяар мэтгэлцэж байхад, би яахин хоцрох билээ.

С.Ганбаатарын дипломтой эсэх нь тийм чухал биш, харин тэр өнөөдөр хийж, бүтээж чадаж байгаа эсэх нь, маргааш чадах эсэх нь чухал. Юу ч хийж бүтээж чадаагүй бол, цаашид ч чадах найдваргүй бол тэр хүн мянган диплом үзүүлээд ямар ч нэмэргүй шүү дээ. Мөн энэ хүн намын дарга байх боломжтой эсэх, бас ирээдүйн манай Ерөнхийлөгч байх чадавхи, зангарагтай эсэх талаар шүүн хэлэлцээсэй билээ. Сургуульд сураагүй атлаа сурсан гэж хэлсэн бол, дипломгүй атлаа дипломтой гэж мэдүүлсэн бол тэр асуудал мөн... Хэлэлцэх сэдэв энэ мэт билээ.

Дурангийнхаа фокусыг үүн дээр л тааруулаасай. Буудах гэж байгаа бол байгаа зөв сонгоосой гэж хэлэх минь.
Өндөр боловсролтой гэдэг бол нэн чухал шалгуур үзүүлэлт, гэхдээ тэр өндөр боловсролыг гагцхүү ганц диплом илэрхийлэхгүй... Зөвхөн дипломгүйгээр нь мань хүнийг баалах гэж буй бол эхлээд Билл Гетсийг онилж, "Дипломгүй байж чи яах гэж Майкрософийг босгосон юм бэ?" гэж загнах хэрэгтэй. Түүнээс биш би Ганбааг өмөөрөөд байгаа ч юм биш. Нэг л учир авцалдаагүй юм харагдаад байна.

Цаана чинь гадаад, дотоодын олон гоё гоё дипломтой атлаа улс орноо сүйрүүлж байгаа хүмүүс ч бий шүү. Бас огтоос суралцаагүй атлаа хуурамч диплом үзүүлээд төрийн өндөр албанд шургалчихсан нөхдүүд ч бий шүү.
Аливааг хэт нэг талруу нь савлуулан туйлшруулж ойлгодог нэг зовлон бидэнд их байх юм. "Диплом бол номер нэг, нэн чухал шалгуур үзүүлэлт биш ээ" гэхээр "Чи системтэй боловсролыг үгүйсгэдэг хэн юм бэ?" гэнэ. Эсвэл "Дипломгүй бол чи хэн ч биш" гэнэ. Харин жинхэнэ бодит амьдралын үнэн гэдэг бол энэ хоёр эргийн яг голоор нь урсдаг юм шүү дээ. Ингэхэд хамгийн эцсийн шалгуур бол ХҮН байх асуудал юм шүү... Өөр ханасан шалгуур гэж ёстой хаанаас ч хайгаад гарахгүй дээ...Б.Номинчимэд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол