📅

Г.Лүндэн: Чингис хаан "Элчин харилцаа бол төрийн алтан аргамж мөн" гэж хэлсэн гэдэг

🕔 2018/05/15 08:48

БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Лүндэнтэй нэгэн чухал сэдвээр дагнан ярилцлаа. Уншигч Танд сонирхолтой байна гэдэгт итгэж байна.

-Г.Лүндэн хурандаа танд ГХЯ-ны “Хүндэт дипломатч” тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэг зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлж салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх байдаг. Энэ том сэдвийн зах зухаас таньтай ярилцах гэсэн юм. Дипломат албаны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Дипломат алба бол олон улсад түүний дотор Монгол Улсад эртнээс уламжлагдан хөгжиж ирсэн төрийн чухал алба. Эзэн Богд Чингис хаан «Элчин харилцаа бол төрийн алтан аргамж мөн» гэж хэлсэн юм гэдэг. Бидний үед уламжлан ирсэн, нандигнан шүтдэг Алтан гэрэгэ, Мөнгөн гэрэгэ бол төрийн элчийн өндөр хүнд, халдашгүй эрхийн нотолгооны бэлгэдэл. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн зарлаад байгуулсан Засгийн газрын яамдын нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам байсан. Тэгэхээр ямар их түүхтэй том алба гэдэг нь ойлгомжтой. Энэ чухал том албаны тухай богино хугацааны ганцхан ярилцлагаар бүрэн мэдээлэх боломжгүй.

-Тэгэлгүй яах вэ. Дипломат алба, түүний дотор цэргийн дипломат алба гэж юу вэ?

-Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийн нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ гэж “Дипломат албаны тухай хууль”-д тодорхойлсон. Дипломат алба нь төрийн тусгай алба. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Гадаад харилцааны яам) эрхлэн удирддаг. Дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Гадаад харилцааны яамны удирдлага дор хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд улс төрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг болох цэргийн харилцааг тогтоож хөгжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой. Энэ ч утгаар нь төр, засгаас цэргийн гадаад харилцааг хөгжүүлэхэд зохих ёсоор анхаардаг юм.
Улс орнуудын хоорондын найрсаг харилцааны илэрхийлэл нь дипломат харилцаа тогтоож, элчин сайдаа харилцан суулгах явдал бол цэргийн харилцааны идэвхтэй хэлбэр нь Батлан хамгаалахын буюу Зэвсэгт хүчний төрлийн цэргийн атташе суулгах явдал байдаг. Дипломат харилцааны тухай Венийн Конвенци (1961 оны), олон улсын харилцаанд тогтсон практик, хэм хэмжээний дагуу дипломат харилцаатай улсуудын аль нэг нь нөгөө улсад суугаа Элчин сайдын яамныхаа дэргэд урьдчилан зөвшөөрөл авсны дагуу цэргийн, агаарын цэргийн, тэнгисийн цэргийн атташе томилон суулгаснаар хоёр улсын хооронд цэргийн албан ёсны харилцаа тогтсон гэж үздэг. Энэ харилцааг улс орнуудын батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатайгаа нягт уялдаатайгаар эрхэлж, цэргийн атташегийн албадаа удирддаг. Эндээс үзэхэд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг цэргийн харилцааны замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг цэргийн дипломат алба гэж, тэдгээрийг хэрэгжүүлэгчдийг цэргийн дипломатч гэж хэлж болох талтай.
Олон улсын практикаас харахад тухайн улсын төрийн бодлогод цэргийн байгууллага, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргээс хамаарч цэргийн дипломат албаны гүйцэтгэх үүрэг, оролцоо янз бүр байдаг. Тухайлбал, Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаас гадна стратегийн болон үй олноор хөнөөх зэвсэг, ердийн зэвсэглэлийг хорогдуулах, хориглох, устгах зэрэг цэрэг, зэвсэглэлийн холбогдолтой асуудлаар олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихад цэргийн дипломат алба оролцдог.
Цэргийн дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, тэнд ажиллаж байгаа цэргийн атташегийн албаны бүрэлдэхүүн хэрэгжүүлдэг. Цэргийн атташегийн алба нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцид дурдсанаар цэргийн (армийн буюу хуурай замын цэргийн), агаарын цэргийн, тэнгисийн цэргийн атташе нар, тэдний орлогч, туслах нараас бүрддэг байсан бол орчин үеийн практикт эдгээр атташе нарын ажлыг нэгтгэн удирддаг Батлан хамгаалахын атташе томилогддог болж, батлан хамгаалахын атташегийн алба гэдэг нэр хэрэглэж хэвшээд байна. Өмнө нь манайх 1996-2006 онд батлан хамгаалахын атташе гэж нэрлэж байсан л даа.

-Манай цэргийн дипломат алба хэзээнээс бий болж, хэр бэхэжсэн бэ?

-1968 онд тухайн үед эрх барьж байсан МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яаманд анхны цэргийн атташе томилогдож үүрэгт ажилдаа орсноор цэргийн дипломат албаны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр үеэс хойш 50 жил болжээ. 1990-ээд оны эхнээс Монгол Улс улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж гадаад харилцааны хүрээ тэлэгдсэнээр цэргийн гадаад харилцаа өргөжиж өнөөдөр бид 22 улстай цэргийн атташе харилцан суулгах хэмжээнд харилцаатай болоод байна.
“Дипломат албаны тухай хууль”-д “Цэргийн атташег холбогдох байгууллагын саналыг үндэслэн Гадаад хэргийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилж байна. Цэргийн атташе нь Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын бүрэн эрхт дипломат албан тушаалтан байна” гэж хуульчилж өгснөөр манай цэргийн дипломат албаны эрх зүйн үндэс бүрдсэн байдаг юм. Цэргийн атташе нар нь Элчин сайдын яамны зөвлөхийн зэрэгтэй, туслах нь нарийн бичгийн даргын зэрэгтэй байдаг. Харин гадаад улсуудад Батлан хамгаалахын атташегийн алба нь нэлээд биеэ даасан байдалтай, томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй Элчин сайдын яамныхаа дэргэд ажилладаг.

-Манай улс цөөнгүй оронд Батлан хамгаалахын атташе нараа томилсон байдаг?

-Монгол Улсаас цэргийн атташе ОХУ, БНХАУ, АНУ, Бельгийн Вант Улс, ХБНГУ, БНСУ-д суугаа Элчин сайдын яамд, цэргийн зөвлөх НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт байнга ажиллаж, эдгээр атташе нар 11 улсад хавсран суудаг. ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын дэргэд цэргийн атташе нар нь ажиллахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-д суугаа гадаадын 22 улсын Элчин сайдын яамдын дэргэдэх цэргийн атташе нар Монгол Улсад хавсран сууж байна. Тэд өөр өөрийн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнээ төлөөлөн хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг эрхлэн шийдвэрлэж зохицуулж байна.
Атташег ярихын өмнө нэг түүх ярьж өгье. Монгол Улсын Батлан хамгаалах яаманд 1970-аад оны эхээр байгуулагдсан Гадаад харилцааны тасаг гэж байсан. Энэ тасаг 1986 онд Гадаад харилцаа, гэрээ эрхийн хэлтэс болж улмаар 2009 оноос Гадаад хамтын ажиллагааны газар болон өргөтгөн зохион байгуулагдсан юм. Өдгөө энэ газраар дамжуулан Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Мөн гадаад улсуудын Батлан хамгаалах яамны адилтгах нэгжүүд, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, батлан хамгаалахын атташе нартай харилцаж, Монгол Улсаас гадаад улсуудад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе нарын ажлыг хариуцан чиглүүлж, удирдлагаар хангаж байна.
Ер нь Батлан хамгаалах салбарын гадаад харилцаанд ажилласан үе үеийнхэн нь цэргийн болон дипломат албыг хослуулсан мэргэшсэн бүрэлдэхүүн болж төлөвшсөн байдаг юм. Энэ алба үүсч бэхжсэнээс хойшхи 50 жилд тэдний эгнээ 100 хол давсан бүрэлдэхүүн, ахмадуудаар тоологдох болсон. 2008 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн атташегийн албаны 40 жилийн ойг анх тэмдэглэсэн бол энэ жил цэргийн дипломат алба байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсний 50 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргийн өдрийг бий болгон тэмдэглэж тогтсон жишгийн дагуу Батлан хамгаалахын сайдын 2018 оны тушаалаар “Цэргийн дипломат албаны өдөр”-ийг тэмдэглэж байхаар тогтоосон. Удахгүй бид Цэргийн дипломат албаны 50 жилийн ойгоо тэмдэглэнэ дээ.

-Бидний яриа эрхгүй атташегийн алба руу орчихлоо. Цэргийн дипломат, энгийн дипломат хоёр юугаараа ялгардаг вэ?

-Дипломат ажилтнууд ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтынхоо дагуу улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, консул гэх мэт тодорхой хариуцсан чиглэлтэй байдаг. Цэргийн атташегийн алба батлан хамгаалах, онцгой байдлын салбарын харилцааны асуудал хариуцаж, суугаа улсынхаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллага, тэдгээрийн харьяа сургалт эрдэм шинжилгээ, цэрэг-аж үйлдвэр, соёл урлаг, спорт, ахмадын зэрэг байгууллагатай харилцаж хамтын ажиллагааны асуудлуудыг төвийн удирдамж чиглэлийн дагуу зохицуулж хэрэгжүүлдэг. Нэг үгээр хэлбэл хариуцсан ажил, гүйцэтгэж буй үүргээрээ ялгаатайгаас бус адилхан л дипломат ажилтнууд. Нэг ялгардаг юм нь цэргийн цолоо зарлаж, дүрэмт хувцсаа хэрэглэдэгт байгаа юм.

-Цэргийн дипломат албаныханд ямар онцгой шаардлага тавигддаг вэ? Манайд энэ чиглэлээр мэргэшсэн хүн бий билүү?

-Дипломат албанд ажиллах хүмүүс олон улсын харилцааны чиглэлээр бэлтгэгдсэн, суугаа орны буюу олон улсын харилцаанд нийтлэг ашиглагддаг гадаад хэлний өндөр мэдлэгтэй, суугаа болон хавсран суугаа улсынхаа тухай бүх талын өргөн мэдлэгтэй байх ёстой. Дээрээс нь олон улсын болон суугаа улсын хууль тогтоомж, ёс заншил, үндэстний онцлогийг мэдэж, дагаж мөрддөг, яриа хэлэлцээ хийх, тулгамдсан үед шуурхай зөв шийдвэр гаргаж чаддаг байх, цэргийн дипломат албанд үүний дээр цэргийн хэргийн мэдлэг мэргэшилтэй байх шаардлага тавигддаг. Энэ бүхнийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан “Монгол Улсаас гадаад улсад суугаа цэргийн дипломат ажилтны ажиллах журам”-аар нарийвчлан тогтоож өгсөн. Харамсалтай нь, өнөөдөр түүнийг мөрдөхгүй, тохиолдлын хүмүүс томилогдох явдал заримдаа гардаг. Ер нь манай цэргийн дипломат албанд олон улсын харилцаа, цэрэг, улс төр судлал, гадаад хэл, хэвлэл мэдээллийн мэргэжлээр бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж ирсэн, ажиллаж ч байна. Эдний дотор гадаад улсад цэргийн академи, сургууль төгсөгчид, олон улсын харилцааны сургууль, дипломатын академи, цэргийн дипломатын академид суралцсан офицерууд нэлээд байгаа. Тэднээс улсын дипломат албанд дэвшиж өндөр албан тушаалд очсон ч бий.

-Дипломатч хүн ааш зан, биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргээрээ эрхгүй ялгардаг шүү дээ?

-Энэ бол дипломат албаны ажилтан бүрийн анхаарах ёстой зүйл л дээ. Гадаадын байгууллага, хүмүүстэй харилцаж байгаа хүн би өөрийн улс орон, байгууллагаа төлөөлж яваа гэдгээ байнга санаж зөв боловсон харилцаатай, элдэв этгээд үг хэллэг хэрэглэхгүй, гаж үйлдэл гаргахгүй, биеэ авч явах соёл сайн эзэмшсэн, хувцас хэрэглэлээ тухайн нөхцөл, үйл ажиллагаанд тохируулж чаддаг байх ёстой. Мэндлэхээс эхлээд уулзалт, хурал зөвлөгөөн, баяр ёслол, аялал, зоог гэх мэт арга хэмжээнүүдэд хэрхэн оролцох, биеэ яаж авч явах зэргийг ном, сурах бичиг, дүрэм журам, заавар санамж зэрэгт тодорхой бичсэн байдаг. Тэдгээрийг сайн судалж хэрэглэж хэвших нь чухал. Албан уулзалт, зангиагүй уулзалт гэж харилцааны хандлага, итгэмжилсэн хэлбэрийг хувцсаар илэрхийлэх нь байдаг. Цэргийн дүрэмт хувцсаа зориулалтаар нь зөв өмссөн байх нь аль ч арга хэмжээнд сайхан зохицдог.

-Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын нэгэн чухал уулзалтын үеэр оросын сэтгүүлчийн “Та орос хэлээр сэтгэгдлээ илэрхийлэхгүй юу” гэсэн асуултад “Би орос хэлийг сайн мэднэ. Гэхдээ улс орноо төлөөлсөн уулзалтад эх хэлээрээ ярих ёстой” гэж хариулсан тухай сонсож байсан. Энэ манай цэргийнхэнд ч сургамж болох ёстой мэт санагддаг?

-Төр, засгийн дээд өндөр албан тушаалтны уулзалт, яриа хэлэлцээг эх хэлээрээ орчуулагчтай явуулдаг. Ийм үед ярианы бүх утга агуулга, санааг зөв тод гаргахад орчуулагчаас ихээхэн ур чадвар шаарддаг учир чадварлаг ажилтныг сайн бэлтгэж оролцуулах нь зохимжтой. Гэхдээ өмнө нь танилцаж дотно болсон өндөр дээд эрхмүүд дахин уулзахад мөн дунд, шинжээчдийн түвшний ажил хэргийн уулзалт, хэлэлцээнд харилцагчтайгаа эх хэлээр нь орчуулагчгүй ярилцах нь түүнд илүү ойр дотно хандаж байгаагийн илэрхийлэл болж, яриа хэлэлцээг амжилттай, илүү үр дүнтэй болгох нь ч бий. Тэгэхээр энэ хоёр талтай гэсэн үг. Хоёр тал аль алиныхаа үндэсний хэлийг мэдэхгүй тохиолдолд хэн хэн нь сайн мэдэх гуравдагч хэлээр харилцаж болдог. Дипломат албаны ажилтан өөрийн хариуцсан чиглэлийн улс орныхоо хэлийг сайтар эзэмшсэн, шаардлагатай тохиолдолд орчуулга хийх чадвартай байхаар биеэ бэлтгэх нь зөв.

-Заримдаа гэрээ үзэглэх, гэрээнд гарын үсэг зурах зэрэг нэр томъёоны хувьд төөрөлдөх тохиолдол гардаг. Гэрээ үзэглэх гэж юу гэсэн үг вэ? Гэрээ байгуулах, үзэглэх хоёрын ялгааг хэлж өгнө үү?

-Харилцагч талууд хоорондоо тохиролцоонд хүрч түүнийгээ албажуулах хэлбэр нь гэрээ эрх зүйн баримт бичиг гаргах явдал. Гэрээ эрхийн баримт бичгүүд нь хоёр талын ба олон талын байх бөгөөд гэрээ, хэлэлцээр, конвенц, протокол, акт, мэдэгдэл, албан мэдээ, санамж бичиг гэх мэт олон нэртэй. Байгуулах түвшин, харилцан хүлээн үүрэг нь ч өөр өөр байдаг. Гэрээ байгуулахын тулд талууд түүний зүйл, заалт бүрийг нь нухацтай хэлэлцэн тохирч гарын үсэг зурахад бэлтгэдэг. Гэрээний зүйл, заалт бүрийг бүрэн тохироод тухайн баримт бичгийн хуудас бүрт хоёр талын шинжээч мэргэжилтний түвшинд тэмдэглэгээ хийж баталгаажуулахыг үзэглэх гэдэг. Бүрэн үзэглэж бэлэн болсон гэрээнд талуудын бүрэн эрх бүхий дээд албан тушаалтан гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үздэг. Ингэж байгуулсан гэрээг тухайн улсын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу батламжилж, соёрхон баталж хоёр тал харилцан мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Олон улсын гэрээний агуулга нь үндэсний хууль тогтоомжид харшлахгүй байх ёстой. Олон улсын гэрээний зүйл заалт нь үндэсний хууль тогтоомжийнхоос өөр байвал олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

-Хэлэлцээр, хэлэлцээ. Энэ хоёр үг ч утга агуулгын хувьд өөр...

-Таны асуусныг далимдуулаад хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ энэ хоёр үгийг андуу ташаа хэрэглэх тохиолдол байдаг. Хэлэлцээр гэдэг нь харилцагч талууд тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан албан ёсны баримт бичгийн нэр. Хэлэлцээр нь улс хоорондын, Засгийн газар хоорондын, яам байгууллагууд хоорондынх байдаг. Харилцагч талууд тодорхой асуудлаар уулзаж ярилцахыг хэлэлцээ хийх гэдэг. Агуулгын хувьд тэс өөр боловч хэлбэр ойролцоо, ганцхан үсгийн зөрөөтэй болохоор хольж хэрэглэх явдал гардаг байх.

-Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, зүгээр Элчин сайдын ялгаатай юу?

-Тухайн улсын төрийн тэргүүн өөрийн итгэмжилсэн төлөөний хүнээ нөгөө улсад томилон ажиллуулж байгаа нь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд. Томилогдсон Элчин сайд суух улсынхаа төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ барьснаар түүний бүрэн эрх тэр улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Түүнээс биш Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, зүгээр Элчин сайд гэсэн ялгаатай ойлголт байхгүй. Харин бичиг, ярианд Элчин сайд гэж товчлон бичих, хандах нь байдаг. Харин “Дипломат албаны тухай хууль”-ийн дагуу дипломатчдад ажилласан хугацаа, ажлын туршлага, албан тушаалын зэргийг харгалзан дипломатч цол олгодог. Дипломат албаны дээд цол “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг. Цэргийнхээр дээд офицерын (генерал) цолтой дүйцэнэ. Төрийн албанд ажилласан байдал, ур чадвар, ажлын туршлага, гадаад хэлний мэдлэг зэргийг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог.

-Та дипломат цолтой юу?

-Би Шадар цолтой.

-Сэтгүүлч бидэнд дипломат уулзалтын үеэр баримтлах ёстой ямар зарчмууд байна? Зураг авахдаа хэдэн минут болох, асуулт асуухдаа юунд анхаарах гээд. Олон улсад баримталж байдаг албан ёсоор заачихсан зүйл бий юу?

-Аливаа айлчлал, уулзалт, хэлэлцээ, олон улсын хурал, баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт ёслолын арга хэмжээний үед түүнийг мэдээлэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага болоод хэвлэл мэдээллийнхнийг хэдийд нь ямар хугацаагаар оруулахаа талууд урьдчилан тохирдог. Мэдээж дараа нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх, асуултад хариулах, ярилцлага өгөх цаг боломжийг оролцогч талууд урьдчилан тохирч тухайн арга хэмжээний дараалалд тусгасан байдаг юм. Энэ дараалал, олгосон хугацаанд нийцүүлэн уг арга хэмжээг зохион байгуулж байгаа ёслолын ажилтны заавар, дохио зангаагаар л хэвлэл мэдээллийнхэн ажлаа хийдэг журамтай. Асуух асуулт нь үйл явдлын үр дүн, ач холбогдлыг тодруулахад чиглэх бөгөөд муу, буруу тал, алдаа, өө хайх, үг алдуулах, мадлах гэж оролдох нь зохимжгүй шүү.


Ярилцсанд баярлалаа.

Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо сонин"

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол