📅

Цурам хийлгүй “тулалдаж”, цагаандаа гарсан МАН-ынхан

🕔 2018/11/30 12:13

Эрх баригч намын удирдлагын хагаралд холбогдох байгууллага, албан тушаалтнууд бараг бүхэлдээ татагдан орлоо. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ зогслоо. УИХ, Засгийн газарт аль нь илүү нөлөөтэй үлдэх вэ гэсэн талуудын тулаан минут, секундээр хэмжигдэх “хариу цохилт”-уудаар үргэлжлэв. Цаашид ч үргэлжилж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдах нь тодорхой. Хүч тэнцүү талуудын аль аль нь өөрт ашигтай шийдвэр гаргуулах давуу байдал одоогоор олж аваагүй байгаа нь нотлогдов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Тус шийдвэрийг долоо хоногийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, огцруулах, эсэхийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ирэх мягмар гаргаас хэтрэлгүй Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийднэ. Тэр болтол энэ “тулаан” үргэлжилнэ, бурхан минь. Булайгаа дэлгэнэ, олзуурхууштай нь.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө арайхийн ирц бүрдэж эхэлсэн ч Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтээр завсарласан. Энэ бол У.Хүрэлсүхийг огцруулахаар нэгдсэн нөхдийн нөгөө талын саналаас “хумслах” гэсэн алхам. “ЖДҮ-чид” буюу У.Хүрэлсүхийн талд зогсож буй хүмүүсээс дээрх сангаас зээл авсан албан тушаалтнуудын дуулианд нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн талаар онцлон хэлэлцэх гэсэн санаархал гэж хэлж болно. Улмаар ямар нэг дүгнэлт гаргаж, түүнийгээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдвэрлэх санал хураалтад нэр холбогдсон гишүүдийг оролцуулахгүй байхыг зорьж буй нь илт.

Уг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “УИХ-ын гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ. Татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэх заалт бий. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.4-т “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа Ёс зүйн дэд хороонд мэдэгдэнэ” хэмээн заажээ. Тэдэнд дээрх алхмыг хийх хууль, дүрмийн хангалттай үндэслэл байна. Гэвч хууль хийгээд дүрмийн дээрх заалтыг хэрэглэж байсан нь тун ховор. Ёс зүйн дэд хороо яг ийм асуудлаар хуралдсан түүх үгүй. Өмнөх парламентын үед Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “оюутны 70 мянга”-ыг өгөх, эсэхийг шийдвэрлэх санал хураалтад хувьдаа их, дээд сургуультай Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нар оролцох нь зохисгүйг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулснаар тэд танхимыг орхин гарч байсан юм. Үнэндээ илт ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар шийдвэрлэх санал хураалтад жишим ч үгүй оролцдог нь даанч олон.

Мэдээж У.Хүрэлсүхийг дэмжигчид зүгээр суугаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар парламентын сэтгүүлчдэд “УИХ-ын үйл ажиллагаа гацлаа” хэмээн сүржин мэдэгдэл хийснээс гадна Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүний Цэцэд илгээсэн хүсэлт уржигдрын огноотой ч өчигдөр илгээсэн юм. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдуулан буруутгаж буйгаа үндэслэл болгосон бөгөөд УИХ-ын нэр бүхий 26 гишүүн болон Ерөнхийлөгчийн өнгөрөгч долдугаар сард ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тавьсан шаардлагыг хүлээж аваагүй талаар дурджээ. Ерөнхий сайд нэгэнт хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн тул Цэц шууд маргаан үүсгэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүх, Ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу Цэц шууд маргаан үүсгэн, хэлэлцэн шийдвэрлэх хуультай юм. Өөрөөр хэлбэл, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэхийг шийдэх гэж цаг алдахгүй нь. Одоо Ерөнхий сайдын хүсэлтийг 30 хоногийн дотор их суудлын хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргана. Цэц УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, огцруулах үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, түүнийг нь УИХ хүлээж авбал У.Хүрэлсүхийн талынхан зорилгодоо хүрэх нь тэр. Гэвч Цэцэд маргаан үүсгэсэн нь Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх хугацааг хойшлуулах шалтгаан болохгүй болов уу. Юутай ч Ерөнхий сайдын Цэцэд илгээсэн хүсэлт түүний талынхны эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөөх ээлжит алхам юм.

Өчигдөр ажлын цаг дуусах гэж байхад яаравчлан хийсэн АТГ-ынхны мэдээллийг ч “60 тэрбум”-ынхны талаас хийж буй хариу арга хэмжээ гэж харах хүн олон байна. Тэд М.Энхболд даргатайгаа аль эртнээс дайн зарлаад буй Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдлийг онцлон хариу тайлбар хийсэн нь ингэж хардахад хүргэж байж ч мэднэ. АТГ-ынхан УИХ-ын дарга М.Энхболдын даалгавар, чиглэлээр мэдээлэл хийгээгүй гэдгээ онцолж, үйл ажиллагааг нь улс төрийнхөөс ангид авч үзэхийг хүссэн ч ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад үүсгэсэн хэргийн талаар тодорхой зүйл хэлээгүй юм.

АТГ-ынхны мэдээлэлтэй давхцан “нисгэсэн” бор шувуу бол Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, М.Энхболд нарыг МАН-аас хөөсөн тухай байв. Мөн М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан. Эдгээрийг холбогдох хүмүүс нь үгүйсгэв.

МАН-ын Хяналтын хороо намаас гишүүн хөөх шийдвэр гаргадаггүй. Тэгээд ч тус намын дүрэмд “гишүүнийг хөөх” гэсэн бүдүүлэг үг, ойлголт байдаггүй юм гэсэн. Гэвч дээр дурдсан гишүүд болон бусад албан тушаалтны талаар МАН-ын Хяналтын хороо өчигдөр албан бусаар авч хэлэлцсэн юм билээ. МАН-ын дүрмийг үндэслэл болгон нэр бүхий хүмүүсийг намаас гарсанд тооцох тухай шийдвэрийг харьяалах анхан шатны байгууллагаас гаргасан талаар маргааш, эсвэл нөгөөдөр шуугиад эхэлбэл бүү гайхаарай. Мэдээж тэдгээр нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байх магадлал маш өндөр.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх хүртэл эрх баригчид цурам хийлгүй “тулалдах” нь. Бие биеийнхээ муу, муухайг дэлгэх тусам тэд цагаандаа гарлаа. Маргааш тэд бидэнд ямар “сюрприз” барихыг таамаглашгүй болжээ.

 

Unuudur.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол