📅

"Амины үнэтэй донтолт"

🕔 2018/12/18 13:10

ХХI зуун бол техник технолгийн эрин үе. Мэдээж бүх зүйл асар хурдан хөгжиж, дэлхий өнцөг булан бүрт тархан амьдарсан монголчууд бие биетэйгээ комьютерийн араас дүрсээ харан ярьж байгаа нь дэвшилтэй тал. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр интернэтийг буруу зүйлд ашиглан тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдсон харамсалтай тохиолдлууд олон байдаг. Тэдний нэг буюу "тархины" донтолт буюу компьютер тоглоомонд донтох бага насны хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь даанч харамсалтай.  Манай улсад 1990 онд сега болон сони нэртэйгээр хүч түрэн орж ирсэн байдаг ч  өнөөдөр PC тоглоомын газар гэгдэх сүржин нэртэй донтолтын үйл ажиллагаагаа явуулж хүрээгээ тэлсээр байна.

Анх гэртээ сега тоглодог байсан хүүхдүүд өдгөө найз нөхөд, ажлын хамт олонтойгоо мөрийтэй тоглодог баг бүрдүүлчихсэн амьдралынхаа үнэт зүйлс мэт үр хүүхдээ ч умартан комьютерийн гар нүдэж, ёс бус үг хэлэн түүнээсээ кайф авч донтолтонд автсаар байна. Донтолт гэдэг нь мансууруулах бодис, эм бэлдмэлийн нөлөөгөөр тухайн зүйлдээ дасал болж давтан хэрэглэхийг донтолт гэнэ. Мэргэжлийн үг хэллэгээр бол эмгэг юм. Харин компьютер тоглоомын хувьд хүний уураг тархи сэтгэхүйд нөлөөлж, тухайн зүйлээ үгүйлж сэтгэцийн хувьд хараат байдалд ордог.

Учир нь, толгойтой бүхэн тоглоомын газар нээж, барилга бүрийн хонгилыг эзэгнэн улмаар энэ тоглоомонд донтох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа юм.  Бага насны хүүхдийг хонуулж тоглуулах нь сүүлдээ бүр хэвийн үзэгдэл болов. Шөнө оройн цагаар хонон өнжин тоглохдоо хоорондоо маргалдах, зодолдох, хараалын үг нэг нэг рүүгээ “чулуудах” нь энүүхэнд. Ийн тодотгосны учир нь, хүн амины хэрэг гарч, хоёр найз нэгнийгээ буудаж байсан удаатай. PC тоглоомоос үүдэлтэй нэгэн хэргийг эргэн сануулъя. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулж байсан PC тоглоомын газарт хоёр залуу маргалдаж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг одоогоос хоёр сарын өмнө гарсан. Дайн дажингүй, тайван улс оронд тоглоомоос болж эрдэнэт хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан ч PС тоглоомын газрууд нууцийн зэрэглэлтэй үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Эл байдлыг холбогдох хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч ажиллах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд одоогоор PC тоглоомын 400 гаруй газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр нь ихэвчлэн ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн ойролцоох барилга, орон сууцны булан тохойд байрладаг.  Нарийвчилбал, нэг сургуулийн ойролцоо дунджаар РС тоглоомын 1-2 газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газраар өдөрт 150 орчим мянган хүүхэд, залуус үйлчлүүлдэг аж. Нэг хүн өдөрт нэг цагийн үйлчилгээг 800 төгрөгөөр авдаг гэж тооцвол даруй 120 сая төгрөг эргэлддэг гэсэн үг. Хамгийн багаар тооцоход ийм хэмжээний дүн гарч байна.

 Бизнесийн эрэлт нийлүүлэлтийн зарчим гэдэг шиг нэг ёсондоо ихээхэн хэмжээний ашиг оруулдаг гол үйлчлүүлэгчдээ тэд илүү ойртож байрладаг нь энэ. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их завсарлагааныхаа үеэр тоглоомын газар руу гүйж, улмаар тоглоомондоо улайрч хичээлээ таслах тохиолдол цөөнгүй гардаг байна. РС тоглоом тоглодог, тоглодоггүй хүүхдүүдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхгүй, харилцаа, хэл яриа, олон нийтийн газар биеэ авч яваа байдал, бусадтай ойлголцох зэрэг нь тэнгэр газар шиг ялгаатай.

PC тоглогчид элдэв янзын хараалыг түргэн хэллэг хэлж байгаа мэт амнаасаа урсгадаг, олон цагаар компьютерийн дэлгэц ширтсэнээс болж нүд нь улайж, гөлийдөг,  удаан хугацаанд сууснаас болж нуруунд нь суулт өгч, бөгтгөр болох зэрэг нь наад захын асуудал. Зарим нь тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэг нь ч нууц биш. Эдгээрээс гадна тоглоомондоо донтож, улмаар сэтгэцийн өөрчлөлтэй болж, эмнэлгийн хаалга татах нь эмгэнэл бас ичгүүртэй явдал юм. Тэд аав, ээж, ах эгчийнхээ арга эвийг олж, хэдэн төгрөг авч, түүгээрээ идэх хоол, өмсөх хувцас бус “дон”, сэтгэцийн эмгэг худалдан авч байгаагаа ч мэддэггүй байна. Зарим нь тоглох мөнгөө олохын тулд гуйлга гуйж, эс бөгөөс  хулгай, дээрэм, хийдэг байна. Ийм л нийгмийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг төрийн бодлого, шийдвэрээр шийдэх учиртай юм. 

Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь буюу 42 хувь нь нийслэлд сурч, амьдардаг. Тэдний эрүүл мэндийг одооноос эхлэн хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа сэтгэцийн эмгэгтэй аль эсвэл мансууруулах болон согтууруулах ундаа, PC тоглоомонд донтогсод нийгэмд олноор гарч ирэх нь. Тоглоомонд донтож буй хүүхдүүд эхлээд хичээл таслах, сурлагын амжилт нь буурдаг бол яваандаа даамжирч худлаа ярих, хулгай хийх, ааш зан, хэл яриа нь эвдрэх, ууртай догшин, бусдыг хүндлэхээ болих, хэт их ядаргааны улмаас нүд, нүүр, ам нь татах, хий зүйл харах зэрэг шинж илэрдэг аж. Ийм шинж тэмдэгтэй 25 хүүхэд 2016  онд эмчлүүлсэн бол өнгөрсөн жил энэ тоо аль хэдийн 30 хол давжээ. Хэрэв, тоглоомонд донтсон хүүхдийг эмчилж хэвийн байдалд нь оруулахгүй бол насанд хүрээд согтууруулах болон мансууруулах зэрэг бусад хүнд хэлбэр рүү шилждгээрээ аюултайг мэрэгжилтнүүд анхааруулж байна. 

Компьютер тоглоомийг олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрдөг, ямар зохицуулалтаар ийм асуудлыг шийдвэрлэдэг бол. Одоогоос хэдэн жилийн өмнө компьютер тоглоомонд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан. Харин одоо үүнийг дэлхий нийтэд онц аюултай, орчин цагийн өвчинд тооцож, үүнд нэрвэгдэгсдийг эмчлэх төвийг улсаас байгуулж, нийтэд зориулсан гарын авлага товхимлыг олноор нь хэвлэн тараах болжээ. Дэлхийн бүх улс орон интернетийн бохир орчноос өсвөр үеийнхэн болон иргэдээ хамгаалах хуультай энэ хуулиараа насанд хүрээгүйчүүдэд худалдах, ашиглахыг хориглосон сайт, тоглоомын жагсаалтыг баталсан байдаг аж. Тухайлбал,  Австрали улс 2012 онд компьютер тоглоомонд донтсон 20 мянга гаруй хүүхэд залуус байгааг тогтоосноор “интернет кафе” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг PC тоглоомын 6500 гаруй газрыг хааж, тоглоомын сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар хариуцахаар болсон байдаг. Ингэж залуусын сэтгэл зүйд хамгийн их хөнөөл учруулж буй “кибер дайн”-ыг тив улсдаа бүр мөсөн зогсоожээ. 

 

www.unen.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол