Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу
Шведэд албан бус тоогоор 10 мянга орчим монгол хүн амьдарч байгаа тухай тус улсад 2006 оноос хойш амьдарч буй бүсгүй хэллээ. Тэрбээр “Ажил тарах үед метроны зарим буудалд яг эх орондоо байгаа юм шиг, олон монголтой таардаг. Ах дүү нараа бүгдийг нь татаж авсан хүн ч бий. Ямартай ч Цагаан сар, шинэ жилийн баяраар маш олон монгол хүн цугладаг болоод байгаа.
Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд, сайхан амьдардаг болохоор наашаа ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй бололтой. Эндхийн монголчууд хууль, дүрэм сайтар баримталж, ажлаа сайн хийдэг. Эмэгтэйчүүд зочид буудал, зоогийн газар, япон бэлэн хоолны газарт голдуу ажилладаг. Ийм төрлийн хоолны газар олон. Сахилга бат хамгийн сайтай, мөрөөрөө байдаг нь Швед дэх монголчууд байх. Асуудал гаргаж, цагдаад бүртгүүлэх л юм бол дараа нь виз авахад хүндрэлтэй болдог учраас ном журмын дагуу амьдардаг” хэмээсэн юм.
ХБНГУ-д 1995 оноос хойш амьдарч буй, хоёр улсын соёлын харилцааны салбарт ажилладаг эмэгтэй “Монгол Улсад ажлын байр байхгүй, тэгсэн хэрнээ боловсон хүчин дутмаг байх болжээ. Гадаад улс орнууд руу чиглэсэн монголчуудын урсгалыг зогсоох цаг нь болсон” гэж байлаа.
Их Британид 4500 орчим монгол хүн амьдардаг тухай тус улс дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байсан. Тэндхийн монголчуудын дунд их, дээд сургуульд хувийн зардлаар болон тэтгэлгээр бакалавр, магистр, докторын түвшинд суралцагч цөөн, багцаагаар арван хувь хүрэхгүй байдаг аж. Бусад нь ажил эрхэлдэг бөгөөд ихэвчлэн үйлчилгээний салбарт зүтгэдэг гэнэ. Тухайлбал, зөөгч, бэлтгэгч, үйлчлэгч, асрагч, барилгын хар, бор ажил хийдэг монгол хүн олон гэсэн.
...Судалгаагаар 20-40 буюу нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй насныхан илүү дайжиж байгаа нь харагддаг. Тэдний дунд эрчүүд давамгай. Ид насны охид гэрлэж чадахгүй дэмий холхиж байна. Ажилгүйдлийн хямрал яван явсаар үндэстэн орших, эс орших тухай асуудал болон хувирахад ойрхон байх шиг...
Японд олон жил амьдарч буй цахилгааны инженер залуутай холбогдож асуухад “Би цахилгаан галт тэрэг үйлдвэрлэдэг компанид ажилладаг. Манай багийнхан галт тэрэгний толгойн хэсгийн цахилгааны угсралт хийдэг. Эхлээд ажилчнаар орсон. Жил ирэх тусам ахиж дэвшсээр, өнгөрсөн жил шалгалт өгөөд инженер болсон. Би үйлдвэртээ ганцаараа гадаадын иргэн байсан юм.
Тэгтэл захирлууд “Хэрвээ чи дагалдуулж сургаад, хариуцаж ажиллаж чадна гэвэл Монголоос тав, зургаан ажилчин авч болно” гэсэн. Тэгэхээр нь Монголд ажил олдохгүй байгаа юм чинь, хэдэн хүнд ч болов тусалъя гээд зөвшөөрсөн. Өнгөрсөн жил очиж залуучуудыг шалгаруулалтаар сонгож авсан. Одоо нэлээд хэдүүлээ болоод байна. Миний ажил, ачаалал харин нэмэгдсэн. Хүмүүс хариуцаж ажиллана гэдэг хэцүү юм байна” гэж байв.
БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлагсад улам олширлоо. Тус улсын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэгэнд л гэхэд өдөрт дунджаар 700-800 орчим иргэн виз мэдүүлдэг гэх. Тэгэхээр нийт хэдэн хүн тус улсыг зорихыг хүсэж байгаа нь харагдана. Өмнөх жилүүдэд виз хүсэгчид энэ хэрийн олон байсан ч, сүүлийн үед тус улсад очсон иргэдээс цөөнгүй нь хууль бусаар оршин суухаар үлддэг гэсэн мэдээлэл бий. Нэгэнт хилийн дээс алхасных хараар ч болов ажил хийж, амьдралдаа нэмэр болъё л гэснийх шүү дээ.
Гадаадын улс орнуудад амьдардаг монголчууд дор бүрнээ ажил хийж, орлого олж, үр хүүхдээ хүмүүжүүлж, хөгжүүлж байна гэж бодох ч хулгай хийж, худлаа ярьж, гэмт хэрэгт орооцолдон, харийн шоронд сууж, хоног өдөр өнгөрөөж ядаж буй нь ч бий.
Гадаад харилцааны яам Монголын 175 000 иргэн өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудад амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Энэ бол багцаа тоо. Сүүлийн жилүүдэд ярилцлага, мэдээлэл өгсөн албаны хүмүүс Монголын 300-400 мянган иргэн гадаадад оршин сууж байна гэж ярьсан нь дийлэнх. Тэгээд ч өнөөдөр гадаадад хэн нэг нь амьдардаггүй өрх байна уу.
БНСУ-д 40 000 орчим, Канад, Шведэд 10 000 гээд аваад үзэхээр дэлхий даяар тархан суурьшсан манай иргэдийн тоо 175 000 л гэж үү. Эргэлзээтэй.
Бас нэгэн үзүүлэлт байна. Тус яамны мэдээлснээр, гадаадад оршин суугаа иргэдийн албан ёсны гэх тоо 2017 онд 144 000, харин түүний өмнөх жил 130 000 байсан. Үүнээс харахад, гадаадад байнга ажиллаж, амьдрахаар одсон монголчуудын тоо жилд 10-20 гаруй мянгаар нэмэгдэж иржээ. Дайн самууны аюулгүй нөхцөлд эх орноо орхиж одсон хувь хүн бүрийг дүрвэгч, цагаач гэхгүй ч улсын хүн амын аравны нэг ба түүнээс дээш хувь нь ажил, орлого, амьдралаа сайжруулах шалтгаанаар хилийн чанадад гарсан бол эдийн засгийн дүрвэгсэдтэй, цагаачидтай улс орон гэж олон улсад үзэх болжээ.
Энэ үүднээс авч үзэхэд, мөн дунджаар манай улсын 300 орчим мянган иргэн гадаадад оршин сууж байгаа бол Монгол нь эдийн засгийн дүрвэгсэдтэй, цагаачидтай улсын жагсаалтад бүртгэгдэхээр байна. Дүрвэгч, цагаач гэдгийн аль аль нь ямар нэг шалтгаанаар улсаа орхиж, гадаадын аль нэг оронд амьдрахаар шийдэн одогсдыг хэлдэг аж. Дайн дажин, гэнэтийн хүнд нөхцөл байдлын улмаас гэр орноо орхин олуул явагсдыг дүрвэгч гэж хэлдэг байна.
Харин цагаачид гэдэгт ихэвчлэн мөрдлөг, хавчлагатай холбоогүй шалтгаанаар буюу тухайлбал, эдийн засгийн илүү таатай нөхцөл байдлыг эрж хайн одогсдыг хамруулдаг аж. Тэгэхээр манай улсын хувьд, амьдралаа сайжруулахын төлөө эх орноо, ар гэрээ орхин явагсдын тухайд цагаач хэмээх нэр томьёо тохирохоор байна.
Монголчууд ажил, орлогоор өлсөж, цангасандаа цагаачлах болов. Хувь иргэд нь гадагшаа гарч ажиллахын төлөө нойр, хоолоо умартан хөөцөлдөхтэй зэрэгцэн төр, засаг нь бас иргэдээ гадаадад ажиллуулахаар зүтгэх болсон. Төрийн эрх бүхий яам, агентлаг, улстөрчдийн зүгээс ажлын байрны нэмэлт хэрэгцээтэй үед гадаад улс орнуудад, ялангуяа Японд ажиллах хүч гаргахад түлхүү анхаарч байгаа тухай мэдээлсэн.
Ингэхдээ мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж мэргэжилтэй болсон залуусыг эхний ээлжинд гаргахад анхаарна, энэ нь бусад залууст боломж олгохгүй гэсэн үг биш гэж салбарын сайд нь саяхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн. Төр, засаг, тодруулбал, хөдөлмөр эрхлэлт хариуцсан яам улс орондоо ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө хичээж, Засгийн газар, УИХ-ын чихэнд хонх уяж байх ёстой байтал тэртэй тэргүй хуйгаараа гадагшаа тэмүүлж буй түмэн олны дунд адилхан тоос манаргаад давхиад байх нь зүйд нийцэхгүй бус уу.
Цагаачид гэж ган гачигтай нутгийг орхин, ургамал ногоо дэлгэрсэн илүү сайн орчин хайж одогсдыг хэлдэг байна. Ажил, ажлын байр, цалин хөлс, амьдралын таатай орчин Монголын хувьд ган гачиг болов. Хүн амынхаа аравны нэг орчим хувийг хайр гамгүйгээр гадагш тууж буй эдийн засгийн цагаачтай орон боллоо.
Судалгаагаар 20-40 буюу нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй насныхан илүү дайжиж байгаа нь харагддаг. Тэдний дунд эрчүүд давамгай. Ид насны охид гэрлэж чадахгүй дэмий холхиж байна. Ажилгүйдлийн хямрал яван явсаар үндэстэн орших, эс орших тухай асуудал болон хувирахад ойрхон байх шиг.
Хөгжингүй оронд 3000 ажиллагсадтай компани хөнгөхөн ажиллаад, хүмүүсээ хөгжөөж дэвжээгээд болоод байдаг. Тийм мянгахан компанийн дайтай хүн амыг ая тухтай амьдруулчих арга ухаанаа олдоггүй төр, засгийг яавал зохилтой вэ.
Р.Оюунжаргал