УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү
Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх болсноо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан дуулгав. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Тогтсон дэг ёсоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Уг төслийг гурав дахь удаагаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж буй нь энэ юм. Энэ төслийг Засгийн газрын хуралдаанаар анх хэлэлцүүлэхэд дэмжээгүй. Дараагийн удаа хэлэлцүүлэхэд дэмжсэн. Ингэснээр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Харин хууль тогтоогчид төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн зургадугаар сард хийгээд, судалгаа дутуу гэсэн үндэслэлээр буцаасан. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурав дахь удаагаа хэлэлцэх шаардлага ингэж үүсжээ.
Төслийг яагаад буцаасныг тодруулахаас өмнө ямар учиртай нэмэлт, өөрчлөлт хийх гэж буйг танилцуулъя. Хуулийн давхардал, хийдлийг арилгахаар 2010 онд Засгийн газар тогтоол баталж байв. Үүний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан 2017 онд хамтарсан ажлыг хэсэг байгуулж, эрдэс баялгийн салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгахаар “хөдөлсөн”. Тэдний ажлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-өөс дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдэл ямар байгааг тэд судалсан хэрэг. Энэ бол салбарынхаа эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах анхны санаачилга байв.
Ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын, Газрын тосны, Газрын хэвлийн, Газрын тосны бүтээгдэхүүний, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын, Цөмийн энергийн, түүнийг дагаж мөрдөх журмын, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд харьцуулсан судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, эл салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийсэн гэсэн үг. Ингэхэд нийт 267 давхардал, 150 хийдэл, мөн 150 зөрчил байгааг тогтоожээ. Тухайлбал, УИХ-аас 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 212 заалт Ашигт малтмалын тухай хуулийнхтай давхардаж байгаа аж.
Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн нэг гол шийдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг цуцалж, Ашигт малтмалын тухай хуулиар нийтэд нь зохицуулах байв. Дийлэнх заалт нь давхардаж байгаа учраас нэгээр л зохицуулъя гэсэн санаачилга гарчээ. Өөр нэг гол шийдэл нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд батлах эрх олгоогүй журмуудыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад олгохоор хуулийн төсөлд тусгасан. Энгийнээр тайлбарлавал, тодорхой журмуудыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгохоор төсөлд шигтгэсэн хэрэг. Журмуудыг баталснаар хийдэл багасаж, хяналт сайжирна гэж уул уурхайн салбарынхан тайлбарладаг. Тодруулбал, Ил болон Хүдрийн далд уурхайн, Ашигт малтмалыг баяжуулах, ялгах бутлах, ба хүдэр, баяжмалыг бөөнцөглөх аюулгүй байдлын, Алт олборлож угаах, хүлээлцэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, улсад тушаах үлгэрчилсэн дүрэм боловсруулан батлах шаардлагатай аж. Мөн Ашигт малтмалын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба ТЭЗҮ-ийг хүлээн авах, Тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих журмыг боловсруулж батлах шаардлагатай гэнэ. Үүнээс гадна Монгол орны нутаг дэвсгэрт геологи, геохими, гидрогеологийн зураглал, геофизик, геоэкологи, минерагени, металлогений судалгаа болон төрөл бүрийн ашигт малтмалын хайгуулын ажлыг гүйцэтгэх заавар боловсруулах хэрэгтэй юм байна.
Төслийг УИХ-ын гишүүд буцаасан шалтгааныг уул уурхайн салбарынхан судалгаа дутуу хийснээс шалтгаалаагүй гэж тайлбарладаг. Зарим эх сурвалж уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих механизм бүрдүүлэх, түүнийг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлахаар хуулийн төсөлд тусгасан нь УИХ-ын гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн гэж хардаж байгаа. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих журмыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгохыг далдуур эсэргүүцсэн хэлбэр нь хуулийн төслийг буцаасан явдал гэж шинжээчид дүгнэж байна. Үнэхээр ч ингэж хардах үндэстэй аж. Стратегийн ордод хөрөнгө оруулсан, хамаарал бүхий УИХ-ын гишүүн цөөнгүй бий.
Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хөндөгдсөн өөр нэг чухал сэдэв нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох журмыг батлах эрх олгох байв. УИХ-ын гишүүд ч, Засгийн газар ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхийг Уул уурхайн асуудал эрхэлсэн сайдад олгохыг дэмжээгүй. Тиймээс энэ удаа хуулийн төслөөс уг заалтыг хасжээ. Хэлэлцүүлгийн үеэр өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг УИХ-ын гишүүдийн санал хураалтаар хуульд тусгах боломж бий. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоос төр, засаг татгалзаад байгаа билээ.
Хуулийн төслийг баталж, дүрэм, журмуудыг боловсруулснаар стратегийн ордыг ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих арга, механизм бий болох, техник, эдийн засгийн үндэслэл заавал мөрдөх баримт бичиг болох, хууль бусаар нөөц дутаах асуудал арилах зэрэг давуу тал үүснэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан тайлбарлаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсдэг хүндрэлтэй асуудал шийдэгдэнэ. Мөн ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэж төсөл санаачлагчид дурдаж байсныг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд тэмдэглэсэн байв.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин