Н.Энхбаяр сонгох, сонгогдох эрхийг, эмэгтэйчүүд 30 хувийн квотыг шаардав
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын байнгын хороонд оруулан дэмжүүлсэн зарчмын зөрүүтэй санал буюу Н.Энхбаярт зориулсан заалтыг олонхийн саналаар дэмжив. Энэ нь “Шүүхээр авлига, албан тушаалын хэрэгт буруутай гэдэг нь тогтоогдож, ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” тухай юм. Хоёр гишүүний саналыг хуулийн заалт болгон УИХ-ын олонхи дэмжсэнээр Монголын улс төрийг “зайдалсан” хоёр намын, тодруулбал МАНАН-гийн захиалгыг биелүүллээ.
Ер нь бол “Авлига, албан тушаалын хэрэгт буруутай бол нэр дэвшүүлэхгүй” гэх нь сонсоход гоё. Хэн ч зөв гэж хүлээж авна. Гэтэл энэ нь улс төрийн захиалгаар хэлмэгдсэн, хилс хэрэгт ял шийтгүүлсэн Н.Энхбаярын хувьд дахин яллаж буй үйлдэл юм. Өмнө нь ч ийм зүйлүүд гарч байсан. Эрх баригчид түүнийг удаа дараа хэлмэгдүүлж байсан бол түүнийгээ хуулийн заалтаар дархлах гэж байгаа нь энэ юм.
Уг нь аль ч улсад хууль нь өөрөө шударга ёсны илэрхийлэл байдаг. Тэгвэл Үндсэн хуулиа түших юм бол энд Н.Энхбаяр байна уу, өөр хэн нэгэн байна уу хамаагүй Монгол Улсын иргэн хэн боловч сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой.
Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүнд зориулсан хуулийн заалтаар эрх баригчид маань өөр бусдын эрхийг ч бас зөрчлөө. Тиймээс одоо Үндсэн хуулийн Цэц эцсийн хариултыг өгөх л үлдэж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц 2008 онд яг ийм маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж дүгнэлтээ гаргасан байдаг. “Хүний сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэсэн Цэцийн гаргасан тэрхүү дүгнэлт өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Ер нь бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сайд, гишүүд МАН-д ч, АН-д ч бий. Сонгуулийн хуулийг баталсан өнөөгийн УИХ-ын 50 хувь нь “60 тэрбум”, ЖДҮ, хүчингийн гэх мэт гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хууль батлах байтугай хэл шоронд байх ёстой хүмүүс. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр бүгд хариуцлагаас мултарсан.
Өдгөө танай намынхан олноороороо сугарч үлдсэн, манай нам ч зүгээр өнгөрсөн гэхчлэн хэрүүлийн алимыг чуулганы хуралдааны танхимд бие бие рүүгээ шидэлцэж суудаг. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэчнээн нэр холбогдсон эрх мэдэл бүхий этгээдүүд шүүхээр оролгүй үлдсэн нь олон. Харин хэлмэгдэж, хилс хэрэгт ял шийтгүүлж, сонгох, сонгогдох эрхээ удаа дараа зөрчүүлж ирсэн цорын ганц хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр юм.
Н.Энхбаяр: Энэ бол сонгуулийн хуулиар шинэ ял оноож байгаа үйлдэл
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө “Үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн миний ч бус бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна” хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзаж байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулахаар ярьж байна. Энэ заалт батлагдвал та 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй. Улстөрч хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна?
-Манай намын дэд дарга Ц.Оюунбаатар өчигдөр Сонгуулийн хуулийн ажлын хэсэгтэй уулзсан юм байна лээ. Ажлын хэсэг дээр О.Баасанхүү гишүүний зүгээс албан тушаалын болон авлигын асуудлаар гэт хэрэгт холбогсдон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа оруулсан юм билээ. Ажлын хэсгийн зүгээс “Ингэж болохгүй ээ. Тухайн хүн хэлмэгдсэн байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ тухайн хүн ялаа эдэлсэн, мөн түүний дараа ялтай, ялгүй хугацаа нь дуусчээ. Иймд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, хасч, зөрчиж болохгүй. Насан туршил нь эрхийг нь хасч болохгүй” гэж үзээд саналыг хүлээж аваагүй гэсэн. Ажлын хэсэг дээр аваагүй тул О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал оруулж дэмжүүлсэн юм байна. Энэ нь зөвхөн надад буюу Н.Энхбаяр гэдэг ганц хүнд зориулсан заалт юм. Тухайн үед МАНАН байхдаа намайг хэлмэгдүүлж, шоронд оруулж, дараа нь 2012 онд боловсролгүй гээд, 2016 онд ялтай гээд, 2017 онд хүмүүжилгүй гээд сонгуульд оруулаагүй. Одоо тэрийгээ ашиглаад авлигын хэрэгт эсвэл албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг оруулахгүй гэдэг маягаар надад зориулсан хуулийн зүйл, заалтыг Сонгуулийн хуульд оруулах гэж оролдож байна. Бид сонгох, сонгогдох эрхийг баримтлах ёстой. Хүнийг насан туршид нь хэлмэгдүүлж болохгүй. Энэ бол Сонгуулийн хуулиар шинэ ял оноож байгаа явдал. Эрүүгийн хуулиар байхгүй болсон ялыг тэрнээс хатуурхаж Сонгуулийн хуулиар оноож болохгүй шүү дээ. Онол, хууль талаасаа ч болохгүй. Үүнийг хэлэхэд Ажлын хэсгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн ойлгож байна лээ. Өмнө нь 2008 онд Үндсэн хуулийн цэц дээр ийм асуудлаар маргаан үүсч Сонгуултийн хуулийн янз бүрийн хязгааруудыг авч хэлэлцээд “Хүнийг насан туршид нь сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үндсэн хуулийн цэц үзэхдээ зөвхөн хоёр асуудлаар энэ эрхийг хязгаарлаж болно гэсэн байна. Нэгдүгээрт, 25 нас хүрээгүй бол нэр дэвшихийг хязгаарлаж болно. Хоёрдугаарт, сонгогдох эрх бүхий хүн байх ёстой гэсэн нь бий. Хятадын эсвэл Оросын иргэн, ял эдэлж байгаа хүн байж болохгүй гэсэн. Ялаа эдлээд гарсан, ялтай хугацаа нь дууссан, 25 нас хүрсэн ийм хүн нэр дэвших эрхтэй. Түүнээс хүний эрхийг насан туршид нь хязгаарлаж болохгүй гэж Үндсэн хуулийн цэц 2008 оны тавдугаар сард дүгнэлтээ гаргасан байдаг. Одоо УИХ энэ асуудлыг баталчих юм бол Цэцийн шийдвэрийг зөрчсөн болно. Үүнийг ч гэсэн би Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой уулзаж хэлсэн. Улс төрийн өрсөлдөгч бид ард түмнийхээ өмнө өрсөлдөх учиртай. Сонгуулийн хууль хийж байгаа нэрийдлээр өрсөлдөгчдийнхөө нэр дэвших эрхийг хязгаарладаг, хавядаг, хэлмэгдүүлдэг муухай явдал МАНАН-гийн үед байсан. Одоо шинэ МАНАН үүсээгүй л юм бол ийм зүйл битгий хийгээч гэсэн байр суурийг би илэрхийлсэн. МАН, АН-ын гишүүд ч үүнийг ойлгож байгаа байх. Бусад улс төрийн хүчнүүд бол бидний саналыг дэмжсэн. Мөн бид хамтраад шаардлага хүргүүлж байгаа.
-Гишүүд хэрхэн хүлээж авч байна, таны байр суурийг. Үндсэн хуулийн цэц 2008 онд ийм дүгнэлт гаргасан байна гээд хэлэхээр?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан л бол УИХ-ын гишүүд дуртай ч, дургүй ч хүлээж авдаг. Түүнээс энэ миний санал биш юм. Харин надтай холбоотой хууль оруулж байгаа заалт учраас намайг өөрийнхөө төлөө явж, энэ асуудлыг хэлж байна гэж ойлгож болох юм. Үнэн хэрэгтээ бол би зөвхөн өөрийн төлөө бус Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн төлөө явж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийг хамгаалж байгаа, Цэц бол Үндсэн хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллага. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авна, хүлээж авахгүй бол Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад шийддэг. Нэгэнт шийдсэн асуудал учраас УИХ дээр нэг хүнд чиглэсэн, ганц хүний эсрэг чиглэсэн заалт явах ёсгүй гэж үзэж байна.
-Танай нам О.Баасанхүү гишүүнтэй дотооддоо учраа олж болдоггүй юм уу?
-Би нэг хүний тухай хов живийн чанартай асуудал яримааргүй байна. Энэ нэг хүний асуудал ч биш. О.Баасанхүү гишүүн улс төрийн захиалгаар, нэг хүний эрхийг хясан боогдуулахын төлөө ажиллаж байна. МАХН-аас нэр дэвшиж гарчихаад намын даргынхаа эсрэг ийм үйл ажиллагаа хийж байгаад нь харамсч байна. Гэхдээ хоёр хүний маргаан, нам дотроо ойлголцох тухай асуудал биш, ерөөсөө Монгол хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн тухай бид ярьж байгаа юм.
– Гэхдээ та байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагчтай уулзлаа. Тэд юу гэж байх юм?
-Энэ бол шийдэх ёстой асуудал гэж харж байгаа. Цэц дүгнэлт гаргасан байна шүү дээ. Надтай сайхан, муухай харилцах, би тэдэнд таалагдах, таалагдахгүй байх хамаагүй. Үндсэн хуулийн цэцийн тогтоол, шийдвэрийг харж байж шийдвэрээ гаргах байх гэж ойлгож байна.
Ц.Оюунбаатар /МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч/ : Сөрөг хүчнээ, улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүллээ
-Та хуульч хүний хувьд, бас хүний эрхийн хуульчийн хувьд энэ асуудлыг юу гэж дүгнэж байна?
-Сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулах ямар ч боломж байхгүй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч, Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиар хэзээ нэгэн цагт, хэн нэгэн ямар нэг гэмт хэрэгт хилсээр ч бай, хэлмэгдэж орсон ч байсан түүнтэй нь холбогдуулан сонгуульд оруулахгүй гэдэг заалт оруулах боломж хууль зүйн хувьд байхгүй.
-Яагаад ийм зүйл, заалт оруулж байна гэж та бодож байна?
-Энэ бол хувийн өс хонзон, улс төрийн зорилгоор санал оруулж, шуугиан дэгдээж байгаа асуудал. Түүнээс Сонгуулийн тухай хуульд ийм заалт орох ямар ч боломж байхгүй. Тухайн хүн Монгол Улсын иргэний хувьд сонгогдох эрхээ эдлэх ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хэзээ нэгэн цагт, ямар нэгэн асуудалд орсноор нь тухайн хүнийг насан туршид нь эрхийг нь хязгаарлах хуулийн заалт байж болохгүй. Энэ нь хүний эрхийн суурь ойлголт. Гуравдугаарт, энэ асуудал 2008 онд үүсч, Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Хэзээ нэгэн цагт эрүүгийн хэрэгт ямар нэгэн зүйл заалтаар шийтгэснээр сонгуульд оруулахгүй гэсэн хаалт, хязгаарлалт байж болохгүй гэдгийг цагаан дээр хараар бичсэн шийдвэр гарсан. Мэдлэг, мэдээллийн дутагдалтайгаас зарим гишүүн дэмжсэн байх. Дахиж ийм асуудал үүсэхгүй болов уу. Энэ бол улс төрийн сөрөг хүчнээ, өөрсдийг нь шүүмжилсэн хэн нэгнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртүүлж байгаа хэрэг гэж харж байна.
Зарчмын зөрүүтэй саналд маргаан үүссэн ч олонх дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр . О.Баасанхүү гишүүний гаргасан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” зарчмын зөрүүтэй саналтай холбоотой маргаан үүссэн ч уг заалтыг гишүүдийн олонх дэмжлээ.
Уг зарчмын зөрүүтэй саналыг “МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж гаргасан” гэсэн шүүмжлэл өрнөсөнд О.Баасанхүү гишүүн хариу тайлбар хэлэхдээ “Би нэг хүнд биш нийтэд зориулж энэ саналыг гаргасан” гэж байв.
Эмэгтэйчүүд эрхээ нэхсэн ч квотыг 30 хувь болгосонгүй
Чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцэн хуралдааны танхимын үүдэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамтран “Ялгаварлахаа зогсоо”, Эмэгтэйчүүдийн квотыг нэм” гэсэн бичиг бүхий шаардах хуудсууд барин шаардлага тавьж байгаагаа илэрхийлсэн юм. Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл хэлэхдээ “УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь гэж оруулсан байгаа. Монгол Улсын Олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн байдлыг авч үзсэн ч, өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, боловсролын түвшнийг харахад ч маш олон асуудлаар эмэгтэйчүүд 30 байтугай 50 хувь нэр дэвших боломжоо авах эрхтэй. Гэтэл 20 хувь гэдэг дэндүү харамсалтай. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтоос өгсүүлээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа, НҮБ-ын гэрээ конвенц гээд олон хуульд манай улс амлалт өгсөн атлаа түүнийгээ биелүүлэхгүй байгааг эмэгтэйчүүд эсэргүүцэж, энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох асуудлыг тавьж, шаардлага хүргүүлж байгаа” гэсэн юм. УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс ч энэ талаар горимын саналыг бас гаргаад байсан. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороогооруг санал дэмжигдээгүй тул чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч мөн дэмжигдсэнгүй. Иймд улс төрийн намуудаас нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх хуулийн заалт хэвээр үлдлээ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин