Монголд Ерөнхийлөгчийн засаглал л тохирох нь тодорхой байна
Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, Чингисийн алтан ураг, тайж нар, өнөөдрийн улс төрчид
Эхэндээ овгийн ахлагч нар, хожуу нь аймгуудын тэргүүн, зонхилогчид, эцэст нь улс гүрний хаадууд улсынхаа газар нутаг, хүн ард, мал сүрэг, ер нь бүхий л баялгийн эзэн, бүрэн эрхтэй өмчлөгчид байсан онцлог нүүдэлчдийн хувьд нэн эртнээс ХХ зууны эхэн хүртэл үргэлжилжээ. Монгол Нирун улс түргүүдэд цохигдон бутрах үед овог, аймгууд дайн, түрэмгийллийн хөлөөс дайжин нүүдэллэж шинэ нутаг оронд очихдоо ч гэсэн бүгдийг хаман өмчлөх уламжлалт арга хэлбэрээ баримтлан хольцолдож хутгалдах биш мөн л бие биеэ даан харьцангуй тусгаар байдлаар зэрэгцэн оршиж, дор бүрэндээ хүч сэлбэн тэнхэрсээр сурвалжит язгууртнууд нь албатуудаа уламжлал ёсоор өмчлөн захирсаар байжээ.
Түрэг, Уйгар, Хиргизийн ноёрхол унаж, Төв Азийн улс төрийн амьдрал саармагжиж хүчирхэг эзэнгүй болсноор язгуурын Монгол аймгууд нэгдэж Их Монгол улс байгуулагдаж эзэн нь Чингис хаан болжээ. Их Монгол улсын бүх баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах (шагнах, бэлэглэх, өвлүүлэх, хураан авах) онц эрх ганцхүү Чингис хаанд л байжээ.
1185-1206 оны хооронд 30 гаруй удаагийн дайн, тулалдаан хийж 80 гаруй том, жижиг аймгийг эрхшээлдээ оруулж монгол угсаатныг нэгтгээд Чингис хаан газар нутаг, хүн ардаа ээж, дүү нар, ойр дотны хамтран зүтгэгсэд, авга, нагац нартаа хуваан эзэмшүүлжээ. Хожуу нь эзэнт гүрнийхээ бүх нутаг дэвсгэр, хүн ардыг дөрвөн хүүдээ өвлүүлэн үлдээсэн байна. Чингэж Их Монгол улс болон Монголын эзэнт гүрэн нь яг хэрэг дээрээ бол Чингисийн алтан ургийнхний өмч байжээ.
Дээр яригдсан бүхэн бол хэмжээгүй эрхтэй хааны засаг бүхий аль ч улс, гүрэнд түгээмэл байсан эрх, дарх юм. Улс орон бүхлээрээ хааны өмч, хүн ам нь бүгдээрээ хааны албат, цэрэг арми нь хаандаа үнэнч байх тангараг өргөдөг, улсаа төлөөлж эцсийн шийдвэрийг хаан гаргадаг, хааны аль ямар ч үйлдлийг шүүн хэлэлцдэггүй, "Хаантан алдсан, эндсэн байх учиргүй" гэх төр шашин хосолсон хууль үйлчилдэг, "Хааны үг бол тэнгэрийн таалал мөн" хэмээдэг ёс зүй, сэтгэл зүйн баримтлал ноёрхдог байжээ. Хааны тушаал заавраар бусад оронд довтлон орж эзлэх аваас мөнхүү орны газар нутаг, хүн ард, бүх баялаг нь мөн л хааны өмч болдог. Тэдгээрийг хэрхэн эзэмших, ашиглах, захиран зарцуулахаа (худалдах, хувааж өгөх, бэлэглэх, шагнах, эргүүлж хураан авах гэх мэт) хаан өөрөө л шийддэг байв. Хүн ам, иргэдийн дунд хааны дараа орох эрх дархтан, ямбатан бол хааны ургийнхан байх агаад ихэнх оронд энэ нь бүр хуульчлагдсан байв. Иймэрхүү хууль зарчим түгээмэл үйлчилдэг байснаас улбаалаад Чингисийн алтан ураг, түүний яс, цусны хамаатал бүхий бүх хүн эр, эм ялгаагүй эзэд, ноёд байж, аль нэг хэмжээ түвшинд дархлагддаг байжээ. Ийм онцгой байдал давуу эрх, дээд зиндаа ХIII зуунаас бүр ХХ зуун хүртэл сахигджээ. Жишээ нь Чингис хааны шууд удмын тайж нар (төрөл тайж) болон Чингисийн дүү нарын удмын тайж нарт (харъяа тайж) цаазын ял оноодоггүй байсан цаг үе буй…
Манж Чин гүрний үеэс тайж гэх хятад гаралтай үг, хэргэмээр алтан ургийн эрчүүдийг нэлэнхүйд нь цоллох болжээ. Гэвч тэдний нийгэмд эзлэх байр, суурь нь тухайн тайжийн эцгийн байр суурь, өөрийн нь боловсрол, хөрөнгө чинээ, албатын тоо, хувийн нэр төр, гавъяа шагнал, хичээл зүтгэл, холбоо сүлбээ, эцгээс залгамжилсан хэргэм зэрэг мэтээс хамаардаг байв. Чин улсын үед хиад боржигин овгийн тайж нарыг дөрвөн дэс болгон төрийн албанд ашиглах болжээ.
Тайж нарын гэр бүлийн хүмүүс хоорондоо гэрлэх хориотой байсан нь цус ойртохын үр дагавраас сэргийлсэн чухал цээр байв. Ийм цээр Европын улсуудад байсангүй. Тэд цус ойртохын хор холбогдлыг таньж амжаагүй байжээ.
Төрөл болон харъяа тайж нар бусад иргэдээс давуу эрх, дарх эдлэхийн зэрэгцээ эртнээс тогтсон уламжлал ёсоор заавал сахих, мөрдөх ёстой онцгой үүргүүдтэй байлаа. Засаг, засаг бус, бүр хохь (ядуурсан) тайж нар хүртэл хөвгүүдээ бичиг үсэгтэй, хууль цааз, тоо бодлого, төрийн хэргийн мэдлэгтэй, эх түүх ба ургийн бичгээ судалж таньсан, үндэсний үзэлтэй, халүүн эх оронч хүмүүс болгож хүмүүжүүлэх ёстой гэсэн бичигдээгүй хуульд захирагдах учиртай байв.
Энэ үүргээ ч тайж нар эрх мэдэл, хэргэм зэрэг, хөрөнгө чинээнээсээ үл хамааран дээр дооргүй биелүүлсээр иржээ. Энэ улс орон, газар нутаг, бүх баялаг, ард иргэд бол бидний эцэг өвгөдийн амь нас, цусаар олдсон ба хамгаалагдаж ирсэн юм гэдгийг яс махандаа шингээж ойлгосон хүмүүс бол юуны өмнө тайж нар (Чингисийн алтан ургийнхан) байв. Тэд оюунлаг хүмүүс, үндэсний сэхээтний давхрааг голчлон бүрдүүлж байжээ. Тэдний дунд нэр цууд гарсан томоохон эрдэмтэд, судлаачид ч олон байв. Лам нарын дундах эрдэм мэдлэгтэй оточ, маарамба, гавж нар ч монголын сэхээтний нэгэн хэсэг болсоор ирсэн ба тэдний дунд лам болсон (тойн гэгдэгч) тайж гаралтай оюунлаг хүмүүс мөн олон байжээ.
Манж Чин үлсын үед тайж нарын хөвгүүд дунд манж ба монгол бичигтэй, манж болон хятад хэлтэй хүмүүс олон байв. Манжийн төр засаг чухамхүү боловсролтой тайж нарын хүчээр л Монгол дахь төрийн хэргээ явуулж иржээ. Төрийн хэрэгт оролцохын хажуугаар тайж нар эх оронч үүргээ биелүүлж Монголыг хятадчилах, монголчуудыг Хятадад уусахаас сэргийлж байх амин чухал бодлогыг ил ба далд шууд ба хөндлөнгийн аргаар хэрэгжүүлсээр байжээ. Монголоо, монголчуудаа өмөөрөн, хамгаалан тэмцсээр алтан ургийн олон тайж амь насаа алдаж, эрүү шүүлтэд орж, элдвээр хэлмэгдсээр байсныг гэрчлэх баримтууд олон буй…
Монгол хүн, монгол үндэстэн, Монголын төрд үнэнчээр зүтгэн алба хаах учиртай боловсон хүчний нөөц нь тайж нар, тэдний хөвгүүд байсаар ирснийг судалж таньсан харь орны төр засаг төрөл болон харъяат тайж нарыг болбол л устгах, цөөлөх, бүр үгүй хийх бодлогыг "төрийнхөө хар хайрцагны бодлого" болгон баримталдаг байлаа. Иймэрхүү далд, нууц, эчнээ бодлогын золиос болсон тайж нарын тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ.
Чингис хааны хөвгүүд болон охидын үр хойчсыг бүгдийг нь цагаан ястай, Чингисийн алтан урагтай яс, цусны хамааралтай хэмээн хүндэтгэн үзсээр иржээ. Ийм хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд үзэх аваас 20-40 саяд хүрэх магадлал тун өндөр ажээ.
Тайж нарын нэр, нөлөөг Манж Чингийн төр засаг ч сайн ашигласан ба Төвдийн шарын шашны томчууд ч мөн "гурав худалдаж иджээ". Энэ асуудлыг нарийвчлан судалж түүхэн үнэнийг нээн илчилж сургамж авах нь өнөө ч хэрэгтэй, маргааш ч бас хэрэгтэй болчихоод байна.
Монголын өндөр дээд язгуур угсаа бүхий хүмүүсийг төрийн хэрэгт ашиглах явцдаа Манжийн төр тэдгээрийн тодорхой хэсгийг "ихэд эвдэлжээ". Хятадыг байлдан эзлэх, цэргийн хүчээр дарангуйлан захирах үйлсэд Монголын нэг зуун мянга шахам цэрэг эрс биеэрээ оролцсон гавъяа, мөн энд тэнд дэгдэх болсон бослого, хөдөлгөөнийг дарахад Монголын морин цэргийн гүйцэтгэх асан онцгой үүрэг зэргийг Манжийн хаад ихэд үнэлж, тухай бүр ноёд жанждыг хүндээр шагнаж, өөртөө улам улам ойртуулан авсаар, өнгө ба мөнгөний эрхэнд автуулж, ховсдон өөрчилсөөр байлаа. Тэгэх тэгэхдээ бүр ойр хооронд нь уралдуулж, өрсөлдүүлж эв нэгдлийг эвдэлж, элгэн саднаа ч гэх сэтгэлгүй болгон харьшуулж "идэх цадахаа, эмээх зовохоо ч үл мэдэх болгон" хувиргасаар байв. ХVIII, XIX зуун гэхэд зэрэг, хэргэм, отго, жинс, ямба, цэнгэлийн хойноос улайран хөөцөлдөж, энэ хэрэгт нь тусалж чадах манж сайд нарт том том авлига өгсөн хэрэг Монголын ноёдын дунд хаана л бол хаана гарч байдаг болжээ. Манжийн хааны ойрхны төрөл, садан сайд, түшмэлүүдэд өөрсөддөө зэрэг, хэргэм, цол, дэс нэмэхийн төлөө Өвөр Монгол, Ар Монголын ноёд, түшмэлүүдийн өгсөн авлигын хэмжээ тус бүр хэдэн арван мянган лан мөнгө, бүр хэдэн зуун мянган лан мөнгө хүрч байсныг гэрчлэх баримт Хүрээ сайдын хуучин данс, Улиастай, Ховдын хуучин данс, Их шавийн хуучин дансанд албан тушаал ба овог нэртэйгээ тэмдэглэгдэн үлджээ. Үүний зэрэгцээ Төвдийн шашин суртлын ихэс дээдэс, Далай лам, Банчин эрдэнэ, мөн төр засгийн нь дээд түшмэлүүдэд хахууль, авлига өгч хувь хувийн хэрэг, зоригоо бүтээлгэн авч байсан баримтууд мөн цөөнгүй байна. Сэцэн хан Санзайдоржийн авлигын хэрэг, Түшээт хан Цэрэндоржийн хэрэг, Их шавийн шанзадбагийн хэрэг гэх мэтийн авлига өгсөн ба авсан дуулиант хэргүүд ч олон бий. Манжийн хаанаас Өвөр Монгол, Ар Монголын ноёдыг шагнах, тэдэнд цалин пүнлүү олгохдоо Хорчины ван, гүн, бэйл, бэйс, тайж нарыг ихэд онцгойлон үзэж байсан баримтууд олон байна. Жишээ нь Өвөр Монголын бусад хошуудын Чин ван нарт 2000 лан мөнгө, торго 25-ыг пүнлүү болгон олгож байсан бол Хорчны чин ванд 2500 лан мөнгө, торго 40-ыг олгож байв. Шагнах үедээ ч ижилхэн зэрэг хэргэмтэй ноёдод Хорчины ба бусдад нь гэж үлэмжхэн хэмжээний ялгаа гарган мөнгө, торго олгож иржээ. Энэ байдал нь монгол ноёдыг өрсөлдөх, харилцан дайсагнах, Манжийн хаанд ойр шадар болох гэхдээ эх орон нэгтнээ гүтгэх, ховлох, ойр дотны нь хүмүүст хээл хахууль өгөх, энэ зорилгоор албат, хамжлагуудаас хууль бус татвар гувчуур авах үйлдэл газар аваад байжээ.
Монголын хүн амыг 150 шахам хошуу болгон хуваагаад тэдгээрийг захирсан ноёдыг өнгө, мөнгө, зэрэг, хэргэм, ихэмсэглэл, тансаглалд жолоогүй шунагчид болгон хувиргаснаар тэд эх оронч сэтгэл, монгол хүний үндэсний үзлээ гээж олонхи нь Манжийн төрийн бууны ноход болон хувирчээ. Хятадыг эзлэх, захирах хэрэгт ашиглаж байсан Монголын 100 мянга шахам цэрэг эрсийг гэр бүлийнх нь хамтаар монгол найман хошуу болгон Бээжин хавьд суулгаж албатаа болгож хятадад уусгажээ.
Дотоод Монголын 25 аймаг, 49 хошуу, Халхын 4 аймаг, 82 хошуунд хан, чин ван, жүн ван, бэйл, бэйс, улсын түшээ гүн, улсад туслагч гүн, хошууны хэргийг захирах тайж, I-IV зэргийн тайж нар, 10 шахам зэрэг, зиндаа бүхий түшмэлүүд гэх мэтийн хүмүүсээс бүрдсэн том давхраа буй болж тэд ардуудыг дарлан мөлжиж, Манжийн хааны ашиг, сонирхолд бялдуучаар үйлчилж байжээ. Тэдэн дээр шарын шашны ихэс, дээдэс, лам нарын давхрааг нэмэхлээр нийгэм дэх паразит (мөлжигч) давхрааны тоо, хэмжээ гарах ба түүний эгнээ жилээс жилд өссөөр байв.
Монголынхоо өнгөрсөн үе дэх хүн амзүйн бүрэлдэхүйн, бүтцийг судлах, танихын зэрэгцээ бид бүхэн өнөөдрийн хүн амзүйн бүрэлдэхүйн, бүтцийг таних, судлах ажлыг шаардлагын түвшинд хиймээр, үр дүнг нийтэд сурталчилмаар байна. Газар авч хавтгайрсан авлигын үзэгдэл түүний хөнөөлт үр дагаврын асуудалд манай мэргэжлийн гэгдэх социологичид бараг л сохор, дүлий байсаар өнөөдрийг хүрлээ. Манай зарим телевиз, доргио шоучид Монголын тэргүүний хүмүүс, элит давхрааны төлөөлөгчдийн "Ёолк" гээчийг хийж урилга, заллагаа ихэнхдээ том авилгачид, тодорсон луйварчдад илгээж тансаг Ёолкоо улс даяар үзүүлж, гайхуулж байх болов. Элитэд тавигддаг хамгийн хатуу, анхдагч шаардлага бол тэр хүн, тэр хүмүүс үнэхээрийн гэгээрэгсэд, шударга үйлстэн, ариун явдалтан болох нь ард олондоо илтэд болж алдаршсан байх явдал билээ. Ижилгүй хүчирхэг зэвсэг болсон хэвлэл мэдээллийнхэн "чоныг хонь болгож", "нүгэлтнийг буянтан болгож" сурталчилах нь үнэхээрийн ичгүүртэй хэрэг. Жишээ нь нэгэн том, тансаг гэгдсэн Ёолкод уригдагсдын 40 гаруй хувь нь авлига ба луйвраар баяжсан хүмүүс байжээ…
Тайж нар хэдийгээр зуун зуундаа Монголын сэхээтний давхрааны үндсэн цөм хэсэг, оюунлаг иргэд, соён гэгээрүүлэгчид, түүхч, судлаачид, соёл түгээгчид байсан боловч тэдний дээд элит хэсгийн тэмцэл, зөрчил, өмчирхөл, мөчөөрхөл, атаа жөтөө нь Монголчуудын үндэсний ашиг сонирхолд том том гай тарьсан нь бас үнэн болно. "Монголчууд эвтэй байхдаа л хүчтэй" хэмээсэн үнэн үгийг дээрх байдалтай уялдуулж эрдэмтэн мэргэд хэлж дээр дооргүй давтаж байх болжээ.
XVII-XVIII зууны үед тайж хэргэмтний тоо хэдэн зуугаар тоологдохоор олширчээ. Гэвч тэдгээрийн дундаас онцгой эрх дархтай нь Алунгоо эхээс төрсөн Бодончараас үүдэлтэй хиад боржигин овогтой ноёд байв. Энэ үеийн тайж хэргэмтнийг дотор нь Боржигон тайж нар, Цорос тайж нар, Хойд тайж нар, Урианхай тайж нар, Торгууд тайж нар хэмээн 5 ангилж болох байв.
Язгуурын монгол аймгуудын эрхтэн дархтангаас сурвалжтай, Чингис хааны хөвгүүд, охид, ач, зээ нартай яс, цусны хамааталтай ноёд, хатдын хоорондох ноцтой зөрчил бүхэн дандаа л өмч, эзэмшилтэй холбоотой гарч байжээ. Чингис хааны ач нарын хооронд, зарим их хааны хатад ба хөвгүүдийн нь хооронд гарсан тэмцэл, үл ойлголцол бүр дайн, дажинд ч хүргэж байв. Том ноёдын хоорондох зөрчил, тэмцэл, өш хонзон нь яван ужгирч, хүрээгээ тэлсээр Чингисийн эзэнт гүрнийг задалж, эцэс сүүлдээ Их Монгол улсыг мөхөөжээ.
Язгуур, угсаа, хэл, соёл, түүх, уламжлал нэгтэй монгол ноёдын хоорондох зөрчил, тэмцэл, өмчирхөл, мөчөөрхөл, бардам зан, атаа жөтөө нь XVII, XVIII зуунд дайн, дайжин, салан тусгаарлалт, дайжин нүүлт, харьд дагаж вассал болох, эргээд элэг нэгтэнтэйгээ дайтах зэрэг гутамшигт, хөнөөлт үр дагаврыг үүджээ. Чингисийн алтан ургийн ноёд Их Өвөөгийнхөө бүтээсэн, цогцлуулсан бүхнийг эвдэлж нураажээ. Ингэхэд хүргэсэн гол нөхцөл, шалтгаан нь тэдний хооронд өмч, эзэмшил, хааны сэнтий зэргээс үүдэлтэй зөрчил, тэмцэл, дотоодын дайн, дажин байлаа. Монголчууд өөрсдөө өөрсдийгөө хорлодог тэр булай хөнөөлт аян өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байна. Энэ бол бидний эмгэнэлт зан чанар ажээ.
Монголын нийгэм дэх цаг цагийн сэхээтний давхрааны гол хэсэг, цөм нь болж байсан тайж нар, ялангуяа энэ давхрааны дээд, оройн хэсэг болсон том ноёд Монгол орон, нийт монголчуудыг зөв, сайн руу ч их хөтөлсөн, мөн буруу, муу руу ч түлхсэн нь үнэн түүх болой. Ялангуяа нэн эгзэг, ээдрээтэй XVI-XVIII зууны нөхцөлд (Ойрд ба Халхын хоорондох зөрчил хурцадсан, Халх нар дотроо хагарсан, Ойрдууд салж сарнисан, өвөрлөгчид, цахар барга, буриад шил шилээ харсан, гаднаас Орос, Хятад, Манж, Төвдийн ил далд оролцоо, гар хөл, ашиг сонирхол элдвээр сүлэлдэн хүчтэй нөлөөлж байсан) нийт Монголын том ноёд, нөлөө бүхий тайж нар эв эеэ ч ер олсонгүй, эмхэрч цэгцэрчиж ч ер чадсангүй нь мөн л үнэн түүх юм. Дурдсан зуунууд дахь атаа жөтөө, өмчирхөл, мөчөөрхөл, алдаа төөрөгдлийн учрыг ойлгож, хужрыг тунгаах аргагүй шахам ховор тохироо бүрдсэн ч бас түүхэн үнэн болой… Энэ бүхэн эцсийн дүндээ нэгдсэн, нэр төртэй төв төр, их хааны засаглалын хомсдолд нийт монголчууд орсны хөнөөлт үр дагавар байв.
Монгол орон 1992 оны үндсэн хуулиар хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын (холимог) засаглалтай болсон ба энэ нь шилжилтийн нөхцөлд таарч, тохирч байлаа. Харин яг амьдрал, практик дээр болохоор төр, засгийн эрхийг ээлжлэн барьж байсан хоёр намын удирдлагад эх оронч бус, шударга бус, авлига болон бусад бусармаг аргаар хөлжиж, баяжихыг зорилгоо болгосон муу хүмүүс, урвагчид зонхилон шургалснаас болж шинэ үндсэн хууль төр засгийн гурван өндөрлөг болон намуудын үйл ажиллагаанд ер сахигдсангүй, зүйлчлэн хэрэгжсэнгүй.
2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд нь яг хэрэг дээрээ бол УИХ-д олонхи болж чадсан намын дарга болон түүний гар хөл бологсдын зоргоор аашлахад нь л боломж олгосон, хүч нэмсэн "засвар боллоо".
Өнгөрсөн 30 жилийн практик, туршлага болон XXI зууны эхэн үеийн дэлхийн практик, туршлагаас үзэхэд өнөөдрийн Монголын нийгэмд парламент, шүүх засаглал, хүчтэй хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн хатуу хяналтын доор ажилладаг Ерөнхийлөгчийн засаглал л тохирох нь тодорхой байгаа болно.
Төгс, төгөлдөр болж чадаагүй байгаа намууд, тэдгээрийн итгэж найдахад хэцүү удирдах бүлэглэлд хувь заяагаа даатгах нь Монголчууд биднийг дахиад л олон талын эрсдэлд оруулчихаж буй харалган бодлого мөн юм.
Тайлбар:
Тайж - Хятад үг. Ази дахинд хаадыг тэнгэр угсаатай гэх ба Чингис хааныг "тэнгэрийн элч, тэнгэр заяатай, тэнгэрээс тэтгэгдсэн" гэх мэтээр үзэхийн учир "тэнгэр угсааны" гэх утгатай Тайж хэмээх үг монгол хэлэнд орж өвөрчлөгджээ.
Чин улсын үед албат ардуудаар хүлээн зөвшөөрөгдсөн угсаа гаралтай, гэрээр олгогдсон өндөр боловсролтой, монгол, манж бичигтэй, манж болон хятад хэлтэй тайж нарыг Манж Чингийн төр засаг элдвээр урамшуулан өргөн ашиглаж байв.
Төрд алба хааж буй тайж нарыг дөрвөн дэс болгож, хичээл зүтгэлээр нь үнэлэн элдэв чимэгтэй гүн, бээл, бэйс, ван, хан болгон дэвшүүлж, цалин хангамжийг нь дагалдуулан нэмдэг байжээ.
Төрөл тайж - Чингис хааны хөвгүүдээс салбарласан (шууд удмын) хүмүүс.
Харъяат тайж - Чингис хааны дүү Хасар, Бэлгүтэй, Тэмүгэ нарын үр хойчис.
Цорос тайж - Дува Сохорын хүү Донойн удмынхны үр хойчис.
Хойд тайж - Ойрдын Худуга бэхи ноёны (Чингисийн алтан ургийн хатадтай гэрэлсэн) хөвгүүдийн үр хойчис.
Урианхай тайж нар - Есөн өрлөгийн нэг Зэлмэ жанжны үр хойчис.
Торгууд тайж нар - Хэрээдийн Тоорил хааны хөвгүүдийн үр хойчис.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Эх сурвалж: sonin.mn