Сэрх Богдын домог
Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд юм.
Эрт цагт Сэрх богд битүү ой модоор бүрхмэл уул байж гэнэ. Тэр насны ханиа сонгохоор Хангай нутгийг зорьж Эгийн даваагаар давж Булуут цармыг гатлаад гоо үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйтэй учирч амьдралаа холбохоор шийдээд байтал Хангайн эрчүүд мэдэж саад хийжээ. Тэгээд эсвэл гоо бүсгүйгээ орхих, нэг бол ой модоо өгөх болж гэнэ.Сэрх богд сэтгэлт бүсгүй Гуагаа сонгож Алтай нутагтаа ирж амьдарсан гэнэ.
Удалгүй хүүтэй болж Шовгор ягаан гэж нэрлэжээ. Ингээд Хангайн уулс модтой болж, Сэрхийн нуруунд байгаа Сэрх, Шовгор ягаан, Гуа гэсэн нэртэй зэрэгцээ гурван уулын тухай домог яригдсаар иржээ. Сэрх богдын өмнө, Шовгор ягаанаас хойш өөдөөсөө хараа тогтсон 20 мертр орчим өндөр ханан хаднууд яг л хаалга шиг харагддаг. Хуй-хуй хэмээх дээрэмчид довтолж Сэрх богдын өврийг өгсөх гэхэд Улаан хаалгын хоёр хад хоорондоо нийлээд хаагдсан учир дайсан айж ум хумгүй буцан зайлсан гэдэг.
Харин эндхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бөх ах дүү Хануй, Цогт-Очир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутаглаж байсан ах дүү бөхийн нэртэй Хануйн бууц гэж одоо бий. Тэд нутгаасаа явах болоход дусргал үлдээнхээр шийдэж Улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад, хонин чинээ чулуугаар ивүүр хийж суурилуулсан гэнэ. Одоо харахад яг л хүн ингэж тавьжээ гэмээр харагддаг байна.