📅

Б.Бямбасайхан: Kомпаниуд сурснаараа бүсээ л чангалж байна даа

🕔 2020/03/13 15:22

Монголын бизнесийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-"COVID-19" цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд нэлээд хугацаа өнгөрчихлөө. Улс орнууд энэ цар тахлын эсрэг эдийн засгийн ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

-"COVID-19" цар тахлаас шалтгаалж, хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт санхүүгийн зах зээлд ихээхэн савлагаа үүсч, бодлого боловсруулагчдын үйл ажиллагаа гуравдугаар сарын эхний хагасаас идэвхжиж эхлээд байна. Жилийн хагаст дэлхийн эдийн засгийн өсөлт (ДНБ)гарцаагүй буурах хандлагатай байгаа. Санхүүгийн цочрол болон зээлийн хямрал үүсэх эрсдэлээс болж төв банкууд бодлогын хүүг бууруулж эхэллээ. 2007-2009 оны санхүүгийн хямралын үед төв банкууд иймэрхүү арга хэмжээ авч байсан юм. АНУ-ын Төв банкнаас гуравдугаар сарын 3-ны өдөр буюу мөнгөний бодлогын хорооны төлөвлөсөн хурлын өдрөөс хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Австрали, Канадын улсын Төв банк ч мөн хүүгээ бууруулаад байна. Европ, Английн төв банкууд ч хүүгээ бууруулах төлөвтэй байгаа. Хэрвээ зах зээлийн уналт энэ чигээр үргэлжилбэл АНУ-ын Төв банкны зүгээс хүүгээ цаашид ч бууруулна гэж төсөөлж байна.

-Монголын эдийн засагт сөрөг нөлөө гараад удаж байна. Онцолж хэлэхээр сөрөг нөлөө гэвэл?

-Америк, Хятад, Европ, Монгол гээд аль ч улсад эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг хэрхэн зөв уялдуулж, хүнд нөхцөл байдлаас гарах вэ гэдэг л асуудал болоод байна.

Манайх шиг уул уурхайн гаралтай таваараар тэжээгддэг улсууд бүгд л эдийн засаг, эрүүл мэндийн хямралын ирмэгт хүрээд байна. Эдийн засгийн хямрал нь улс төрийн асуудлыг араас дагуулдаг тул бүгд л өнөөдөр сандарч байна даа.

Эрүүл мэндийн кризис нь хэр удаан, хэр үнэтэй болохыг тааж чадахгүй байгаа тул. Жишээ нь, Монголын хувьд үйлчилгээний бизнесүүд бүтэн улирал таг зогслоо.Үйлчилгээний бизнесийн нэг онцлог нь алдагдсан боломжоо нөхөх боломжгүй. 100 хүний суудалтай ресторан нэг орой суудлын тооноос илүү хүнд үйлчлэх боломжгүй. Хоёр сар хаасны дараа нээлээ гэхэд өнгөрсөн өдрүүдэд олох байсан орлогоо нөхөж олох боломжгүй.

Үйлдвэрийн хувьд арай өөр. Агуулахдаа бараагаа нөөцөлж байгаад, эсвэл дараа нь хоёр, гурван ээлжээр ажиллаж байгаад алдагдлаа нөхөөд явж болдог талтай.

-Үйлчилгээний салбар ашгаа нөхөж олохгүй гэхээр эдийн засагт яалт ч үгүй том нөлөө үзүүлэх юм байна. Өнөөдөр гэхэд (өчигдөр) хүнсний дэлгүүр, дугуй засвар гээд цөөхөн газрыг эс тооцвол үйлчилгээний бараг бүх газрыг хаачихлаа...?

-Харин тэглээ. Үйлчилгээний газруудын хувьд бас нэг онцлог бий. Тэд цагаан сарын баярын үеэр жилийнхээ орлогын нэлээд өндөр хувийг олдог нь статистикаас харагддаг. Энэ нь хувь хүнд бол сар шинийн баяр, эдийн засагт бол худалдаа, үйлчилгээний салбарыг идэвхжүүлдэг онцгой үйл явц. Энэ жил сар шинийг өргөн дэлгэр тэмдэглээгүй учраас үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн олохоор тооцож төлөвлөсөн орлого тасарсан байна. Зөвхөн Монголд биш хаа сайгүй л ийм асуудалтай тулгараад байна. Олон улсын иргэний агаарын тээврийн салбар гэхэд 113 тэрбум ам.долларын алдагдалд орчихсон тооцоо байна. Энэ бүр даамжирах төлөвтэй.

-Коронавирусийн эдийн засаг дахь нөлөө нэлээд хожуу мэдрэгдэв үү, манай улсад?

-Дэлхий даяар өргөн тэмдэглэдэг Зул сарын баярын өмнөөс буюу 12 дугаар сарын дундаас Хятадын Цагаан сар дуустал Ази, Австрали талын хөрөнгийн захуудын арилжаа буурдаг. Тэр үеэр шинээр хөрөнгө босгох хэлцлүүд идэвхтэй хийгддэггүй. Жил болгон л ийм зүйл болдог. Хятадын Цагаан сар дуусаад зах зээл сэрдэг л дээ. Үйлдвэрлэл ч идэвхжээд, хөрөнгийн зах дээрх хөдөлгөөн ч идэвхжээд төслүүд мөнгө төгрөгөө босгохоор идэвхтэй ажилладаг. Гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод Монголд үйл ажиллагаа явуулдаг төслүүд энэ үеэр мөн саармагждаг. Хоёр сар орчим амраад эргээд сэргэдэг гэсэн ойлголттой байсан чинь саармагжих хугацаа нь урт болчихож байгаа юм. Хайгуулын компани байлаа гэхэд хоёрдугаар сард мөнгөө босгоод гурав, дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлээд явдаг цикльтэй. Гэтэл тэр боломж нь хаагдчихаж байгаа юм. Үүнийг эргээд яаж сэргээх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дуулдаж байна. Засгийн газар төсөв, татварын бодлогын шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх. Том зогсолт хийчихсэн учраас бүтээн байгуулалтын ажлуудыг маш эрчимтэйгээр эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо үүсээд буй эдийн засгийн асуудал улам даамжирна.

-Богино хугацаанд цаг алдалгүй хийх ёстой арга шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Олон улсын зах дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Богино хугацаандаа тэгвэл алтны үйлдвэрлэлийг идэвхжүүлбэл эффект өндөр байх магадлалтай. Гэхдээ алт хоёр талдаа үзүүртэй зүүтэй адилхан. Нэг талаасаа дотооддоо худалдаж аваад валютын нөөц нэмэгдүүлнэ гэдэг. Нөгөө талдаа мөнгө ихээр хэвлээд байдаг сул талтай гэж эдийн засагчид үздэг. Алтыг шууд экспортлохгүй төгрөгөөр худалдаж авдаг болохоор тэр. Алтны үнэ гайгүй байгаа энэ үед бол тодорхой ажлын байр бий болж, эдийн засагт түр зуурын идэвхжилт өгөх магадлалтай. Алтны уурхай эрхэлдэг ихэнх компани энэхүү улирлын чанартай орлогоороо бусад бизнесээ дэмжээд явдаг нь нууц биш.

-Та түрүүн бүтээн байгуулалтыг яаравчлах ёстой гэсэн. Тендер зарлах гэх мэтээр хугацаа авах тал бий шүү?

-Бүтээн байгуулалтын төслүүдийн хувьд тендерийн процесс дуусдаггүй гэх мэт удааширдаг шалтгаан бий. Энэ хүнд үед аль болох түргэн ажилдаа орох арга гарцыг олох шаардлага үүсчихлээ. Үүнийг Засгийн газар харж байгаа биз. Жишээ нь, өнөөдөр Дэлхийн банк 13 тэрбум, валютын сан 50 тэрбум гээд “COVID 19”-т зориулсан тусгай санхүүжилтийн эх үүсвэр бий болгож байна. Гэхдээ саяхныг хүртэл иймдээ тулна гэж харахгүй явсаар дэлхий даяар цаг алдсан тал байгаа. Нэгдүгээрт, зөвхөн Хятадын асуудал гэж харж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн 110 гаруй улсад тархчихлаа. Хоёрдугаарт, “COVID-19”-ийн халдвар түрүүн хэлсэнчлэн удааширч байгаа эдийн засгийн цикльтэй давхцаж таарсан. Хоёрдугаар сарын сүүлээс л хөрөнгийн зах зээлүүд мэдээ авч шоконд орж, сандралдаж эхэлсэн. Бүгд л сандралдаж байна. Хамгийн сайн бэлтгэлтэй нь Сингапур гэж хэвлэлүүд мэдээлж байна.

-МҮХАҮТ нэлээд арга шийдэл санал болгож ажиллаад эхэлчихэв үү?

-Танхим маань тодорхой санаачилгууд гаргаж байна. Хамгийн гол нь ажлынхаа байрыг авч үлдэх шаардлагатай гэдэг үндсэн дээр богино хугацааны эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Бизнес хооронд бол харилцаандаа үндэслээд асуудлаа уян хатан шийдэх байр суурь голлодог давуу тал бий. Ер нь ийм хүндрэлийг өмнө нь бид даваад гарч байсан. Энэ удаад ч гэсэн даваад гарахын тулд хаа хаанаа ойлголцож ажиллах хэрэгтэй. Манай эдийн засаг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 4 дахин томорчихсон. Засгийн газарт төсвийн бодлого, татварын бодлого гэх мэт зохицуулах арга хэрэгслүүд бий. Тэр бодлогоороо уян хатан удирдаж компаниудаа дэмжээд явах шаардлага нэмэгдэж байна. Нөгөө талаас нь харвал “COVID-19” дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл дэх аргачлалаа өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг сануулж байна. Европт ч юм уу Америкт ажилтнаа гэрт нь ажиллуулах зохицуулалт хийе гэхээр хуулийнх нь хүрээнд боломж хязгаарлагдмал байгаа.Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлээ хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуултыг улс орнууд өөртөө тавьж, гарц гаргалгааг нь хайж эхэлж байна. Монголын зарим компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж эхэлсэн. Заавал хуулийн нарийн зохицуулалтгүйгээр хийж болдгийг харуулсан жишээ л дээ. Гэхдээ бүгд л алдагдсан орлогоо яаж нөхөх вэ гэдэг дээр очих нь тодорхой.

-Алдагдсан орлогоо нөхөхийн тулд яах ёстой гэж?

-Хамгийн түрүүнд компаниуд маань сурснаараа бүсээ чангалах дэглэм лүүгээ л орж байна даа.

-“COVID-19” цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй байна. Монгол гэхэд коронавирус илэрсэн улсын тоонд өнөөдөр (өчигдөр) орчихлоо. Дэлхийн олон улсад илэрсэн энэ цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй гэхээр эдийн засгаа сэргээх арга шийдлүүд тухай бүрт өөрчлөгдөөд явах уу?

-Тэгнэ. Тухайн үедээ, боломж бололцоондоо тохируулж л шийдвэрүүдээ гаргаж таарна. Тэр утгаараа Америкт ч гэсэн хийж байгаа үйлдлүүд нь хангалтгүй гэж хүмүүс дүгнэж байна. Маргааш дуусна гэх юм бол нэг зүйл төлөвлөнө. Гэтэл маргааш дуусах уу, сарын дараа юу, эсвэл бүр дахиад зургаан сар үргэлжлэх үү гэдэг нь ойлгомжгүй байна. Олимп хүртэл хэзээ болох нь мэдэгдэхээ больчихлоо. Долдугаар сарын сүүлээр болох зүйл яах нь мэдэгдэхгүй байна гээд харахаар өнөөдөр бид ямар нэг зүйлийг төлөвлөхөд хүнд болчихож байгаа юм. Хариуцлага, үүрэг нь бол явж явж өөр дээр л ирнэ шүү дээ. Хувь хүн хариуцлагатай бол халдвараас сэргийлж болно. Компани ч ялгаагүй хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгийн хэцүү нь компаниуд бүсээ чангалаад олон жил болж байна даа. Эдийн засаг, улс төр, зах зээлийн ойлгомжгүй байдал гэх мэт олон төрлийн эрсдэл өнөөдрийг хүртэл компаниудад зовлон болсоор яваа. Макро түвшинд өсөөд байгаа харагддаг ч яг салбар бүрт тийм өсөлт гарсан гэхэд захирлууд үгүй л гэдэг. Компани болгон алт, нүүрсний бизнес хийдэггүй биз дээ.

-Нэгэнт бүсээ чангалж яваа бизнесийнхэнд дахиад бүсээ чангална гэдэг хүндхэн тусах нь ээ дээ?

-Товчхондоо тийм. Гэхдээ хэдийгээр зовлонтой байгаа ч ирээдүйгээ зөв харах хэрэгтэй. Гадаад бодлогын хүрээнд гээд ярихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал цагаа олсон, хэрэгтэй алхам болж байна. Өнөө маргаашдаа шууд том өгөөж өгөхгүй ч гэлээ дараагийн хэдэн жилд Монголын компаниудад эерэг боломжуудыг нээж өгнө гэж би хувьдаа харж байгаа. Монголын компаниудтай бизнес хийдэг Хятадын олон компаниуд бидэнд талархал илэрхийлсээр байгаа нь үүнийг илтгэнэ. Компаниуд ийм хямралын үед зардлаа бууруулаад дэглэмтэй сахилга баттай ажиллаад ирэхээр зах зээлд нэг давуу тал үүсдэг. Компаниуд шинэ юмыг эрэлхийлж, шинэ үнэ цэнийг ямагт бүтээдэг. Дэлхийн улс орнуудын өмнө өнөөдөр түрэн орж ирж буй аж үйлдвэрийн IV хувьсгал амьдралд улам бүр хэрэгтэй болохыг ойлгуулж байна. Үүнийг дагаад Монголд 5G гэх мэт олон зүйл нэвтрэх боломж нээгдэнэ. Анзаараад байхад коронавирусийн тархалтын үеэр IT компаниуд нэг их санаа зовохгүй байна. Учир нь тэд дандаа шинийг бий болгодог. Тийм учраас харин ч шинэ боломжийг хараад шинэ бүтээгдэхүүнүүд гаргах гэх мэтээр өөрсдөдөө давуу тал үүсгэх боломж бизнесийнхэнд бий.

-Ганц салбараас хамааралтай болохоор эрсдэлтэй үед хэцүүддэг, эдийн засгаа төрөлжүүлбэл ийм байдалд орохгүй гэж ярьдаг. Таныхаар ямар ч эрсдэлийн үед эдийн засгаа дажгүй авч гарахын тулд бид яах ёстой вэ?

-Эдийн засгийн төрөлжилт гэхээр бид хөдөө аж ахуй, ноос, ноолуур, мах гэдэг ч яг үнэндээ аж үйлдвэрийн IV хувьсгал дээр үндэслэсэн шинэ боломжууд мөн нээгдэж байгаа. Манайх шиг жижиг эдийн засагтай улсын жижиг компаниудын тухайд ажил болгоныг тодорхой хугацаатай, төсөвтэйгөөр төлөвлөж, хугацаанд нь шуурхай гүйцэтгэдэг арга барилыг сайн эзэмшвэл амжилтад хурдан хүрнэ. Тэгж байж л өрсөлдөхдөх чадвартай амьдарна. Өнөөдрийн өрсөлдөх чадвар бол хүн болон менежмэнттэй шууд холбоотой. Нөөц бололцоогоо яаж өөрт ашигтайгаар зарцуулах вэ гэдэгт чиглэсэн менежмэнт хэрэгтэй. Нэг юмыг сайн ялгах хэрэгтэй. Ялангуяа залуучууд. Нэгдүгээрт, нэг зүйлийг маш сайн чаддаг байх нь их чухал. Нэг ажлыг маш сайн хийж чаддаг хүн тэр чадвартаа дөрөөлөөд төслийн олон ажлыг хийх чадвартай болдог. Төслийн багт ороод ажиллахаар хүссэн хүсээгүй хажуугийн хүнээсээ суралцдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол