Ундны усны саваа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдэд ундны усны саваа цэвэрлэж хэвшихийг уриаллаа. Ус нь хүний үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр бохирддог. Ус бохирдсоноор хүрээлэн буй орчинд төдийгүй ургамал, амьтан ба хүний биед сөргөөр нөлөөлдөг. Шаардлага хангаагүй усан хангамж, ариун цэвэр, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж бэлтгэн хэрэглэсэн уснаас халдварт өвчин үүсдэг байна.
Тухайлбал, эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон усыг хэрэглэвэл холер, гэдэсний хижиг, цусан суулга гэх мэт халдварт өвчин үүсдэг бол ахуйн шаардлагыг хангаагүйгээс хамуу, суулгалт, бөөс бүүрэг, хачгаар үүсгэгдэх өвчин үүсдэг юм. Харин усны хатуулаг чанар ихсэхэд хүн амын дунд бөөр, шээсний замын чулуужих өвчин үүсдэг бөгөөд фторын хэмжээ ихсэхэд шүд үйрэх, шүд цоорох өвчин үүсэх аюултайг тус аймгийн ЭМГ-аас танилцууллаа. Хамгаалсан гол, нуур, булаг, шанд, гүний худаг, усан сангийн ус нь ундны усны баталгаат эх үүсвэр болдог ажээ.
Ундны усыг хадгалахад тавигдах эрүүл ахуйн шаардлагуудыг онцлон танилцууллаа.
-Худгийн орчмын хөрс цав цууралт үүсээгүй, хамгаалалтын бүс тогтоосон байх ба худаг заавал тагтай байх
-Усыг гурав хоногоос илүү хадгалахгүй байх
-Усны сав нь усанд уусдаггүй, зэвэрдэггүй хүний эрүүл мэндэд хоргүй материалаар хийсэн байх
-Усны сав хоргүй, зэвэрдэггүй, тагтай байх ба ус хутгах шанагыг тусад нь байлгах
-Усны савыг 7 хоногт нэгээс доошгүй удаа бүрэн суллаж сайтар сойздож угаан нарны гэрэлд тавьж хатаах
-Усны савыг нарны тусгалаас зайдуу, ариун цэврийн байгууламжаас хол байрлуулах, гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах.
-Бохир гар, бохир шанагыг усанд дүрэхгүй байх.
-Хуванцар саванд 1,2 HDPE, 4 LDPE, PP гэсэн тэмдэглэгээ байвал хүнсний зориулалттай хэрэглэхэд аюулгүй ажээ.
Э.Нарангэрэл