Ганцаардсан Ерөнхийлөгчийн АРГА ЯДСАН ҮЙЛДЭЛ
Ганцаардах учиргүй Ерөнхийлөгч маань илтэд ганцаардаж байна. Нэр нөлөө нь бүдэг бадаг хэдэн сэтгэгдэл бичигчдээс өөр ханьгүй болжээ. Өнгөрөгч дөрвөн жилд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас ийнхүү ганцаардлаа гэж ойлгож байна. Арга ядаж байгаа нь ч харагдана лээ. Ямар сайндаа л Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандаж байхав дээ. Тодотговол, УИХ-аас баталсан “Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын шүүхийн тухай”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Бүр өөрийн биеэр хүрэлцэн очив. Монгол Улсын түүхэнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон нь үгүй. Тийм түүх ч Монгол Улсад алга.
Уг нь бол өнгөрсөн жилийн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаад салбар хуулиудыг өөрчилж байгаа. Өөрчлөхөөс ч өөр аргагүй. Энэхүү дагаж гарч байгаа хуулиуд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан бололтой. Үүнээс анзаарахад Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө эрх мэдлийг өндөр болгохын төлөө явж байгаа нь өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очсон хэрэг болж байна. Эдгээр хуулийг баталсны дараагаар Ерөнхийлөгч хориг тавьсан боловч УИХ хүлээж аваагүй. Чуулган ч завсарлаж, хуулиуд ч өөрчлөлт орсон тэр хэлбэрээрээ үлдсэн. Ерөнхийлөгч ч албан сайтаараа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү гэсэн санал асуулга явуулсан юмдаг.
Тэр санал асуулгаас нь харахад 2020 оны сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй эрх мэдэл дахин атгасан эрх баригчдад өнөө айхтар хэл ам татуулаад байдаг “хонгил”-ыг атгууллаа гэсэн утгатай байсан. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг “хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар), шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрэн алдагдуулсан, шүүх эрх мэдлийг УИХ-аар дамжуулан улс төрийн нам, улс төрчдийн эрхшээл, нөлөөлөлд оруулах бодит эрсдэл дагуулсан гэж үзэж байгаа нь зөв үү”, “Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг 41,686 албан тушаалтан байгаагаас 41,651 нь Ерөнхий сайдын удирддаг Засгийн газар, түүний харьяа байгууллагууд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд байна. Иймд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ-аас томилбол тус байгууллага хараат бусаар ажиллаж чадах уу”, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий хууль болсон хэмээн үзэж байгаатай та санал нийлж байна уу” гэсэн асуултыг олон нийтэд тавиад зөв, буруу, хэлж мэдэхгүй байна гэсэн гурван сонголтоор хариулахыг хүссэн байсан.
Ийнхүү Цэцэд Ерөнхийлөгч хандаж байгаа нь наад талдаа бол эрх баригч нам эрх мэдлийг өөртөө хурааж, нийгмийн үнэт зүйл, ардчиллын ололттой харшилж байгааг эсэргүүцэж байгаа мэт төрхийг бүтээж байгаа мэт. Харин өнгөрсөн 30 жилийн алдаж, оносон хугацаанд Ерөнхийлөгч ямар эрх ямба эдэлж байв гээд бодох юм бол хариулт нь өөр болчихно.
Хуулийн өөрчлөлтөөс өмнө Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн хяналтын хорооны гишүүдийг санал болгож УИХ-аар батлуулдаг байсан. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байлаа. Одоо бол сайн ч, муу ч ард түмний төлөөлөл болсон УИХ-ын 76 гишүүн нээлттэй шалгаруулах байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн талыг бүрдүүлдэг болж өөрчлөгдсөн. АТГ-ын даргыг томилох асуудал Ерөнхий сайдад хамааралтай боллоо. Дээрх эрх мэдлүүд Ерөнхийлөгчид хадгалагдаж байх үеэс чухам “Шударга бусын хонгил” гэх яриа гарсан. Анх энэ хэллэгийг гаргаж ирсэн хүн нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн удирдлага шүүгч нарыг дан ганц Ерөнхийлөгч томилдогоос үүдээд хэрэгт оруулахыг хүссэн аливаа хүнээ шууд “хонгил”-оор чирж шоронд суулгадаг гэсэн утгатай. Ийм болохоор улстөрчид, судлаачид “Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагад нөлөөлөх эрх мэдлийг сулруулаач” гэж байн байн хэлдэг байлаа. Түүнийг нь ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгож, одоо салбар хуулиудыг өөрчлөн баталгаажуулж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламентаас, АТГ-ын даргыг ч Ерөнхий сайд томилдог болгож эрх мэдлийг задалсан.
Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг тухайн орон нутгийн ИТХ-д санал болгож томилуулах эрхтэй болсон. Хуулийн байгууллагад улс төр орвол аймшигтай завхрал үүсдэгийн адил төрийн ажил дээртэй, доортой байхгүй бол урагшилдаггүйн зовлонг монголчууд мэддэг болсон болохоор энэ өөрчлөлтүүдийг олон түмэн хүлээж байсан зүйлс юм аа. Харин үүнийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байхад ажиглан суусан Ерөнхийлөгч сонгуулийн жил гармагц улстөржих сэдвээ болгохоор гэнэт шийдсэн мэт үйлдэл хийж эхэллээ. Магадгүй, сонгууль дөхөх хэрээр тал талаасаа хавчигдаж эхэлсэн ганцаардсан Ерөнхийлөгч маань олон нийтийн анхаарлыг татах гэж арга ядахдаа л ингэж байгаа болов уу даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН