📅

Д.Наянбуу: Шүлхий өвчний вакцинжуулалтад 204 мянга 495 толгой малыг хамруулаад байна

🕔 2021/12/03 18:57

Д.Наянбуу: Шүлхий өвчний вакцинжуулалтад 204 мянга 495 толгой малыг хамруулаад байна

 

Говь-Алтай аймгийн долоон суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Наянбуутай ярилцаж өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Говь-Алтай аймгийн долоон суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн. Өнөөгийн нөхцөл байдлын мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-12 дугаар сарын 1-ний байдлаар манай аймгийн долоон сум тухайлбал, Халиун, Есөнбулаг, Шарга, Хөхморьт, Баян-Уул, Тайшир, Цогт сумын 16 голомтод 167 өрхөд малын гоц халдварт шүлхий өвчний халдвар бүртгэгдсэн байна. Манай Мал эмнэлгийн газар халдвар гарсан сумдад вакцинжуулж дархлаа суулгах ажлыг эрчимтэй хийж байна. Тодруулбал, долоон сумын голомтлон өвчилсөн малыг нэг,  хоёрдугаар ээлжийн вакцинжуулалтад 100 хувь хамрууллаа. Үүнтэй холбоотойгоор ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар  шүлхий өвчний голомтын бүс болох 346 мянга 599 мкв талбайд ариутгал хийгээд байна. Ариутгал халдваргүйтгэлд нийт 158,8 кг бодисыг зарцууллаа.

-Халдварын 16 голомт байгаа тухай ярилаа. Хамгийн сүүлд ямар суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Мал эмнэлгийн ерөнхий газрын заавар зөвлөмжийн дагуу 28 хоногийн хугацаанд нэг, хоёрдугаар вакцинжуулалт хийдэг. Үүний дараа ариутгал халдваргүйтгэлийн 14 хоног нийт 42 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон ажилладаг. Сүүлчийн мал өвчилсөнөөс хойш 28 хоногийн дараа нэмж мал өвчлөхгүй бол сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагчийн саналыг үндэслэн хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын  дэглэмд шилждэг. Өнөөдрийн байдлаар 16 голомтоос 5 нь хязгаарлалтын дэглэмд шилжин, ариутгал халдваргүйтгэлийн 14 хоногт явж байна. Голомтлон гарч байгаа халдвар өөр бусад малд халдварлах магадлалтай байгаа учир бид Мал эмнэлгийн ерөнхий газарлуу нэмж вакцин авахаар захиалгаа өгсөн, өнөө маргаашгүй ирнэ. Гэхдээ улсын хэмжээнд цөөнгүй аймагт шүлхий өвчин гарсан учир вакцин хангалттай тоогоор ирэхгүй, хүрэлцээ муу байгаа. Нэмэлт вакцин ирэхээр голомтыг тойрсон сэжигтэй бүс нутгийн малыг вакцинжуулахаар төлөвлөөд байна.  Хамгийн сүүлд 11 сарын 24-нд Шарга сумын Баянгол багт шүлхий өвчин бүртгэгдсэн. 

-Хязгаарлалтын дэглэмд шилжсэн 5 голомтыг тодорхой танилцуулвал. Аль суманд тархалт зогсож хорио цээрийн дэглэм буурав?

-Өнөөдрийн байдлаар Цогт сум хязгаарлалтын дэглэмд шилжсэн. Халиун, Шарга, Хөхморьт, Тайшир сумдаас тус бүр нэг голомт хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Ингэж хякгаарлалтын дэглэмд шилжсэнээр дахин 14 хоног ариутгал халдваргүйтгэл тогтмол хийх ёстой. Энэ хугацаанд уг голомтоос дахин мал өвчлөхгүй бол эцсийн ариутгал хийгдэж, заасан хугацаа дуусмагч хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм. 

-Долоон сумын 167 өрхийн мал шүлхий өвчнөөр өвчиллөө гэлээ. Эдгээр өрхийн хэчнээн толгой мал шүлхийн халдвар аваад байна вэ. Шүлхий өвчнөөс шалтгаалан малын хорогдол гарсан уу?

-Одоогоор гоц халдварт шүлхийн вакцинжуулалтад нийт 204 мянга 495 толгой малыг хамруулаад байна. Үүнийг бод, богоор нь ангилвал:  тэмээ- 10, үхэр- 7244, хонь- 65770, ямаа- 131471 толгой мал нэг, хоёрдугаар вакциндаа хамрагджээ. 

Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор малын хорогдол гараагүй. Энэхүү халдварт өвчин нь 99 хувиар шинж тэмдэг нь арилдагаараа онцлогтой.

-Одоо яг иргэдийн өвлийн хүнс хоолоо бэлддэг цаг шүү дээ. Мал эмнэлгийн газраас шүлхийтэй малыг худалдан борлуулах, зах зээлд нийлүүлэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллаж байна. Хяналт шалгалт тавьж байна уу?

-Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд өдөр бүр аймгийн хойд пост дээр гарч хяналт шалгалтын ажил хийж байна. Хяналт шалгалт хийхдээ аймагруу орж ирж байгаа махны гарал үүслийн гэрчилгээг байнга шалгадаг. Мөн Шинэ-Алтай худалдааны төвийн лабораторид манай байгууллагын холбогдох мэргэжилтэн ажиллаж байна. Ингэснээр зах, худалдааны төвд зарагдаж байгаа махны гарал үүслийн гэрчилгээ, махны дээжийг өдөр бүр тогтмол шинжилгээ хийх гэх мэт хяналт шалгалтын ажлууд эрчимтэй хийж байгаа. Өнөөдрийн байдлаар шүлхийтэй малын махыг худалдан борлуулах, идэш хоолондоо хэрэгглэх гэх мэт зөрчил илрээгүй. Малчид маань шүлхий өвчин бүртгэгдсэнээс хойш гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авч хэвшсэн. Зөвхөн мах гэлтгүй малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээг заавал шалгаж байгаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар амьд малыг аймгийн төврүү оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байгаа. 

-Шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор малчид өөрсдөө дур мэдэн малдаа тарилга туулга тарих тохиолдол гарах болсон. Ингэж тарилга туулга хэрэглэх нь зөв үү?

-Малчид дур мэдэн хамаагүй тарилга туулгаар малаа тарих тохиолдол ганц нэг суманд гарсан. Ийм асуудал хэрхэвч байж болохгүй. Ямар ч вакциныг холбогдох газрын заавал зөвлөмж, хяналтын дор итгэмжлэгдсэн мэргэжлийн малын эмч хийх ёстой. Дур мэдэн хамаагүй вакцин малдаа хийвэл зөрчлийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрвээ энд тэндээс вакцин авчран хийх гэж байгаа бол тэр вакцин нь хадгалалт хамгаалалт, хүргэлт гээд бүгд зөрчигдсөн байгаа. Тиймээс энэ бол вакцин биш ямар ч үр дүнгүй зүгээр ус юм. 

-Аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод амьдарч байгаа нутгийн уугуул суугуул иргэд, оюутан залууст өвлийн хүнсийг нь хүргэх “Хүргэлт” арга хэмжээ хоёрдахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан энэ цаг үед Улаанбаатар хотруу эрүүл малын мах хүргэх нь танай байгууллагын алба хаагчдад ихээхэн ачаалал үүсгэх байх. Энэхүү арга хэмжээнд ямар зохион байгуулалттайгаар оролцож  байна вэ?

-“Хүргэлт” арга хэмжээ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 8-нд болох гэж байна. Бид голомттой бүсээс мах нийлүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор сумдын Мал эмнэлгийн тасгийнханд үүрэг чиглэл өгсөн. Мөн мал, маханд гарал үүслийн гэрчилгээг бичиж өгөх, ариутгал халдваргүйтгэл хийхээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд малчдад хандан зөвлөмж мэдээлэл хүргэнэ үү?

-Малын гоц халдварт шүлхий өвчин манай аймагт зөөвөрлөгдөн тархсан. Тиймээс малчид, мал бүхий иргэд, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч та бүхэн малын гаралтай бүтээгдэхүүнд заавал мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ аваарай. Хаанаас, ямар мал авч байгаадаа маш сайн анхаараарай. 

Мөн малчид та бүхэн малаа заавал хариулга маллагаатай байлгаарай. Шүлхий өвчин гарсан энэ цаг үед халдвартай малтай нийлж эрсдэлд оруулж байна. Голомттой газраас мал худалдан авахгүй байх, нүүж очихгүй байх, голомттой газраас ирж байгаа малыг хотондоо оруулахгүй байхыг анхааруулж байна. Шүлхий өвчин нь вакцин гэхээс илүүтэй хорио цээрийн дэглэмийг маш сайн тогтоох хэрэгтэй. Энэхүү халдварт өвчин нь өвлийн улиралд тэсвэртэй вирус юм. Тэгэхлээр нэгдүгээр малын шилжилт хөдөлгөөн, хоёрдугаарт бэлчээр, гуравдугаарт голомттой газраас ирж байгаа хүний хувцас хцнар, машин техникийн дугуй, эд ангид дамжин тархдаг. Тиймээс малчид та бүхэн бидний зүгээс өвч байгаа заавар зөвлөмжийг чанд сахин мөрдөөрэй.

-Цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол