Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Заасан газарт хорио цээрийн тусгаарласан бүс байгуулж, дотоод хорио цээрийн дэглэм тогтоох, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай тохиролцон Монголын талын зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
"Ногоон байгууллага”, "Эко тэмдэг” гэрчилгээ олгоно
Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон байгууллага” гэрчилгээ, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд "Эко тэмдэг” олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гадаад, дотоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж, авахад тусламж үзүүлэх, хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад давуу эрхтэйгээр оролцох, байгаль орчны олон улсын шагналд нэр дэвшүүлэх, олон улсын ижил төстэй дэвшилтэд технологи бүхий байгууллагатай хамтарч ажиллахад зуучлах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн стандарт боловсруулах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр тусгажээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгажээ.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.
Уг зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох үндсэн чиглэлийг баримталжээ.
Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо.
Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95 хувьтай байна
2017 оны эхний хагас жилд иргэдээс ирсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ хугацаанд 325 600 иргэн санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 310 615 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95,4 хувийн үзүүлэлттэй байна.
Товч мэдээ6
· Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.
· Дотоодын цэргийн тухай хуульд тусгасан "Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргүүдтэй уялдуулан "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн баталлаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.