Эзэн Чингис хааны мэндэлсэн он, сар, өдрийн талаар түүхчид, эрдэмтэн мэргэд тогтсон ойлголттой болоогүй атал Ерөнхийлөгчийн зарлигаар "Их эзэн Чингис хааны мэндэлсний ой - Монгол бахархлын өдөр"-ийг бид тэмдэглэж ирсэн. Чингис хааны мэндэлсэн улирлыг өвлийн улиралд хэмээн үздэг эрдэмтдийн саналаар Ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан нь мэдээж. Тэгвэл Эзэн Чингис хаан 1162 бус 1155 онд төрсөн, өвлийн эхэн сард мэндэлсэн бус таалал төгссөн хэмээх түүхэн нотолгоо, судалгаа бүхий гаргалгааг "Монголчуудын түүх" фэйсбүүк бүлгэмийн тэргүүн Ю.Пүрэвдорж хэрхэн сонирхолтойгоор, гаргаж тавьсныг уншигчдадаа хүргэж байна.
Эрхэм уншигчид, түүх сонирхогчид та бүхэн нийтлэлийг уншиж үзээд нэгийг тунгаана биз ээ.
ЧИНГИС ХААН ӨВӨЛ ТӨРӨӨГҮЙ
Чингис хаан хэрэв өвөл төрсөн бол Хамаг Монголын Есүхэйн хүү бус Мэргидийн Чилэдүйн хөвүүн болно. Монгол улсын төрөөс түүх сайн мэдэхгүй хэсэг эрдэмтдийн санаачлагаар Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоод жил болгон өөр өөр өдөр тэмдэглэсээр ирэв.
Уг нь эзэн Чингис хаан маань 1155 оны 6-р сарын 1 нд төрсөн хүн юм. Харин ахмад түүхчдээс академич Н.Ишжамц гуай Чингис хааныг 5-р сарын 31-нд төрсөн гэж маш дөхүүлэн бичсэн байдаг.
Түүхчид, судлаачдаас Их соён гэгээрүүлэгч, Чингис хааны алтан ургийн үр хойч В.Инжинаш "Хөх Судар"-таа Чингис хааны төрсөн болон нас барсан сар, өдрийг хамгийн үнэн зөвөөр бичиж үлдээсэн байдаг билээ. Гэхдээ тэдний нийтлэг нэг алдаа бол Чингис хааныг 1162 онд төрсөн гэж үзсэнд байгаа юм.
Харин 2011 онд манай хэсэг түүхчид, эрдэмтэд /Ш.Чоймаа, Б.Нагаанбуу г.м/ түүхийн буруу, зөрүү бичигдсэн сурвалж бичгүүдийг иш үндэс болгож Чингис хааныг өвөл төрсөн мэтээр ярьж, бичсээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр алдаатай зарлиг гаргуулсан билээ. Түүний жишээ нь Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол улс даяараа
1. 2012 онд 11-р сарын 14-нд
2. 2013 оны 11-р сарын 04-нд
3. 2014 оны 11-рсарын 23-нд
4. 2015 оны 11-р сарын 12-нд.........гэх мэтээр он болгонд өөр өөр өдөр тэмдэглэж байгаагаас үзэхэд тодорхой байна. Үнэнээр нь шулуухан хэлэхэд энэ бол Их хааныхаа дурсгалыг үл хүндэтгэсэн, хаанаараа доог тохуу хийсэн, улмаар Шинжлэх ухааныг уландаа гишгэж буй явдал юм. Бид өнөөдөр Их хааныхаа мэндэлсэн өдрийг жил болгон өөр өөр өдөр тэмдэглэсээр дэлхий нийтийн элэг доог, шившиг болж байна бус уу...
Түүхийн бараг бүхий л эх сурвалжид Чингис хааныг хавар төрсөн гэж бичсэн байдаг нь зүй ёсны үнэн зөв бичвэр юм. Чингис хааныг өвөл төрсөн болгоод байгаа манай Монголын эдгээр эрдэмтэд "Монголын нууц товчоо"-нд Чингис хааны мэндэлсэн тухайд ямар ч цаг хугацааг бичээгүй байдаг гэцгээжээ.
Үнэхээрийн харамсалтай. Учир нь "Монголын нууц товчоо"-нд Чингис хааныг хавар төржээ гэж ойлгохоор тов тодорхой бичсэн байдаг билээ. Жишээ авья:
"Монголын нууц товчоо" 53-р бүлэг:
"...Буйр, Хөлөн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд Айргууд, Буйргууд овгийн Татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиноо хүргэж очоод Татаарт баригдав..."
"Монголын нууц товчоо" 54-р бүлэг:
"...Тэр цагт Есүхэй баатар шувуу агнан явах зуур Олхунуд аймгаас эм аваад буцаж яваа Мэргидийн их Чилэдүй гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гуа үзэсгэлэнтэй хатан байв..."
"Нууц товчоо" 56-р бүлэг:
"...Өүлэн үжинг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов..."
"Нууц товчоо" 57-р бүлэг:
"...Амбагай хаан баригдаад Хадаан, Хотула хоёрыг нэр заасан тул Хамаг Монгол, Тайчууд нар Онон мөрний Хурханагын хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хотулыг хаан болгов..... Хутулыг хаан өргөмжилөөд Хурханагын саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав..."
Энэ бүгдээс ямар дүгнэлт хийж болох вэ..?
Амбагай хааны охиноо Татаарт өгч найр хурим хийж явсан, баригдсан яг тэр цагт Есүхэй баатар шувуучилж байж. Өүлэн үжин "...миний үнэрийг үнэрлэж яв..." гээд "цамцаа" Чилэдүйд өгсөн зэргээс үзсэн ч энэ үе нь Монгол нутгийн 8-9-р сарын үе байжээ гэдэг нь тодорхой байна.
Түүний дараа Хотулыг хаан болгож "...хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл.." бүжсэн гэхээр Хотул хаан болох үед хүйтний улирал эхлээгүй, газар хөлдөөгүй намрын 10-р сарын үе байсан болов уу...
Тэгэхээр Есүхэй баатар Өүлэнг авсны дараа Хотул хаан суух цаг vеийн хооронд бараг 1-2 сар орчимын хугацаа өнгөрч. Гэхдээ энэ үе бол 1154 оны намар цаг билээ. Харин бидний ихэнх нь 1161 он гэж ташаа ойлгож хэвшсэн нь харамсалтай.
"Монголын нууц товчоо"-нд үйл явдлуудыг маш товчилж бичсэн байдгаас энгийн уншигчид бүү хэл түүхчид, эрдэмтэд хүртэл уншаад ихээхэн ташаа ойлголт авсан байх нь түгээмэл харагддаг билээ.
Ямар ч л гэсэн Хотул хаан тэргүүтэй Хамаг Монгол-Тайчууд нар Амбагай хааны өшөөг авахаар Алтан улс-Татаарын холбоотой урт удаан дайнд татагдан орсон байна. Харин энэ тухай "Нууц товчоон"-д маш товчхон бичсэн байдаг. Тиймээс уншигчид, түүхчид энэ дайныг маш хурдан болоод дууссан мэт ойлголттой байдгийг ойлгож болох юм. "Нууц товчоо"-нд л Татаарууд гэснээс бус энэ дайн бол Хамаг Монгол болон Алтан улсын хооронд голчлон явагдсан дайн гэж үзэх нь үнэнд нийцнэ.
"Нууц товчоо" 58-р бүлэг:
"...Хотула хаан болоод Хадаан тайштай Татаар иргэнээс өшөө авахаар мордов. Татаарын Хотун Бархаг, Жали Буха хоёртой 13 удаа байлдавч Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав..."
"Нууц товчоо" 59-р бүлэг:
"...Тэр цагт Есүхэй баатар, Татаарын Тэмүжин Үгэ, Хорибуха зэргийн хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өүлэн үжин Ононы Дэлүүн болдогт Чингис хааныг төрүүлжээ..."
"Нууц товчоо"-ны энэ мэт товч, хязгаарлагдмал бичвэрээр энэ түүхийг сайн ойлгоход бэрхшээлтэй ч гэлээ зарим нэг зүйлийг бас ойлгож болдогт нь бас талархууштай.
Бас энэ тухай өөр түүхэн сурвалжуудаас зарим нэгэн зүйлийг нөхөн тодруулж болох билээ. Ямартаа ч дайтагч талуудын хооронд 13 том тулалдаан болжээ гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр нэг том тулалдаан хэдэн өдөр ч үргэлжилж болно гэдгийг ойлгох нь эхлээд зүйтэй болов уу. Эхний тулааны дараа дайчдаа амраах, эмчлэх, нөөц хүчээ сэлбэх, дараагийн тулаанд бэлтгэх г.м ажлуууд хийгдэнэ.
Харин дараагийн тулаан дайтагч талуудын нөхцөл байдал, стратеги-тактикаас шалтгаалж янз бүрийн цаг хугацаа, газар оронд үргэлжилсэн нь тодорхой юм. Тэгэхээр 13 тулалдаан гэдэг бол дайтагч талуудаас ихээхэн урт удаан хугацааны маш их зориг, тэсвэр тэвчээр, эдийн засгийн нөөц-чадавхи шаардсан Дайн юм.
Харин энэ дайн дуусаад Монголчууд нутаг буцаж байгаа үеийн тухай "Судрын чуулган"/1311/-д Хотул хааны тухай бүлэгт бичихдээ "...Хавар цаг байсан болохоор... " гэжээ. Хотул хааны морь "шаварт" зоогдсон, тэрээр шувууны "өндөг" гутлын түрийндээ хийж авч явсан зэрэг нь хавар цаг байжээ гэдгийг нь тодорхой болгож өгч байгаа юм. Тэгэхээр энэ үед Есүхэй баатар ч бас гэртээ харьж явсан цаг бөгөөд очиход нь хөвүүн Тэмүүжин нь мэндэлсэн билээ.
Тэгээд ч Монголын түүх бичлэгт он цаг заадаггүй боловч байдаг нэг зүйл бол өвөл цагийн тухайд уул, зун цагийн тухайд голыг дурдаж өгүүлсэн байх нь олонтаа буй. Үүний нэг жишээ нь "Нууц товчоо"-нд Тэмүжинг Оноын Дэлүүн болдогт төрсөн гэсэн нь тов тодорхой, ойлгомжтойгоор хавар-зун цагийг өгүүлсэн бичвэр мөн билээ.
Чингис хааныг өвлийн улиралд, 11, 12-р сард төрсөн гээд байгаа манай түүхчид эрдэмтэдийнхээр бол Их хаан маань эхийнхээ хэвлийд 2-р сард олдсон болж таарах гээд байна. Гэтэл тэр үед Есүхэй баатар гэртээ байгаагүй, аян дайнд явсан, дайнаас эргэж ирээгүй байсан үе билээ. Тиймээс Чингис хааны өвөл төржээ гээд байгаа нь түүнийг Есүхэй баатрын хүүхэд биш ээ гэсэнтэй нэгэн утгатай болж байна бус уу....
Есүхэй баатар Өүлэнг гэргий болгон аваад 2-3 сар хамт байгаад Амбагай хааныг өшөөг авах дайнд явсан байна.
Алтан улстай хийсэн энэ дайн 1154 оны 11, 12 сард эхлээд ирэх жилийн хаврын урин дулаан цаг болоход дууссан байна.
Чингис хааныг өвөл төрсөн гээд байгаа одоогийн энэ түүхчид, эрдэмтэд болон тэдний жишээ болгон аваад байгаа 17-19-р зууны тэр хэдэн /3/ сурвалжийг бичигчид бүгд л Чингис хааны нас барсан тайлга тахилгын холбоотой эртнээс уламжлагдаж ирсэн бичиг зүйлийг төрсөн мэтээр нь буруу ухаж ойлгосон л хүмүүс юм.
Өөрөөр хэлбэл Чингис хааны нас барсан цаг хугацаагаар нь Төрсөн өдрийг нь тэмдэглэж буй гэсэн үг юм.
Чингис хаан өвөл нас барсан нь түүхэн үнэн бөгөөд хэрэв шаардлага гарвал миний бие үүнийг хаана ч, хэзээ ч, хэнд ч нотлон гэрчлэхдээ баяртай байх болно.
Үргэлжлэл нь: Чингис хаан хэзээ төрсөн бэ? http://www.tolgoilogch.mn/_9mlh5r7vef
Эх сурвалж: МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols
Ю.Пүрэвдорж