“Оффшор бүсэд 17 тэрбум биш 31 их наяд төгрөг байна”
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо. АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас, Швейцарийн Авлига ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос нар оффшор бүсэд байршсан Монголын хөрөнгийг хэрхэн татах тухай лекц уншлаа. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ "Ерөнхийлөгч сонгуулийн дараа олон байгууллагад оффшорын асуудлаар үүрэг өгсөн. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн. Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа талаар сургалт явуулж байна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна” гэв.
АТГ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ТОГТООХ БОЛОМЖТОЙ
Аливаа улс орон оффшор бүст байгаа мөнгийг олж тогтоосон тохиолдолд, тухайн мөнгө нь төрийн өндөр албан тушаал тасралтгүй хашиж байсан хүн байгаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй, өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс давсан бол энэ мөнгө нь төрийн мөнгө гэдгийг нь батлах ёстой. Хэрэв баталж чадвал энэ мөнгийг авах эрх нь нээгддэг зарчим бусад оронд байдаг юм байна. АТГ-аас 17 тэрбум төгрөг оффшор бүст байдаг гэсэн тоо хэлдэг ч олон улсын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 31 их наяд төгрөг магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Тиймээс мөнгөний эх үүсвэр нь хаанаас, хэн гэдэг хүний нэр дээр байна вэ гэдгийг АТГ шалгаж, тогтоох боломжтой юм байна. Түүнээс гадна оффшортой тэмцэхэд тухайн улсын иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг оролцогчид онцолсон юм.
Никос Пассас: МӨНГӨ НЬ АЛЬ БҮСТ БАЙГААГ ТОДОРХОЙЛЖ ЧАДВАЛ ТЭМЦЭХ БОЛОМЖ ГАРНА
Оффшор бүст байгаа Монгол Улсын иргэний нэр дээрх дансыг шалгаж, аль байршилд байгааг нь тогтоох нь чухал байдаг юм байна. Энэ талаар Никос Пассас "Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлын талаар тодорхой хэлэлцээр хийж байгаа нь тодорхой үр дүнтэй ажил гэж бодож байна. Мөнгө хаана нуугдсан, хаана байгааг нь тодорхойлох ёстой. Гэхдээ энэ бол олон дамжлага дамжиж явдаг учраас хүндрэлтэй байдаг. Өөрийнхөө хөрөнгө орлогоос хэт их давсан өмч хөрөнгийг гадаадад эзэмшдэг, нуудаг гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээлэлтэй байгаа. Тиймээс цаашид мөнгө, эд хөрөнгө нь аль бүст нуугдсан байгаа вэ гэдгийг тодорхойлж чадвал энэ асуудалтай тэмцэх боломж гарна” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.БАТСАЙХАН