Макрон Европыг “торгоны зам”-д нэгдэхийг уриалав
Ази тивийг Европтой тэнгис, газар, төмөр замаар холбох Хятадын томоохон амбицын илрэл болсон Торгоны зам дэд бүтцийн төсөлд Европын орнуудыг нэгдэхийг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уриалав. Тэрбээр даваа гаригт Хятад улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийж буй юм. Түүний айлчлалыг бизнесийн 60 орчим төлөөлөгч дагалджээ.
Эммануэл Макрон Торгоны зам төслийн ач холбогдлыг үнэлсэн боловч Хятадын ноёрхлоос болгоомжилж буйгаа нуусангүй. Хятадын дарга Си Жиньпин “Шинэ торгоны зам”-ыг сэргээх санаагаа 2013 онд анхлан дуулгасан билээ. Энэ төслийн хэрэгжүүлэх үүднээс Азийн дэд бүтцийн олон улсын банк байгуулснаа хэлэхдээ, Хятад анхны хөрөнгө оруулалтаа 47 тэрбум ам.доллар хэмээн зарласан юм. Харин өдгөө нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төсөл Хятадын нэг бүс-нэг зам нэрээр олон улсад танигдаад буй. Гэхдээ Европын зарим орон энэхүү төслийг Хятадын нөлөөгөө нэмэгдүүлэх оролдлого хэмээн болгоомжилж байна. АНУ болон Европын орнууд Бээжинтэй худалдаа наймаа хийхэд өөрсдийн зах зээлээ чөлөөтэй нээж өгдөг ч Хятад улс эргээд элдэв хориг саад хийх элбэг тул шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Франц улсын Хятадтай худалдааны алдагдал өнгөрсөн онд 30 тэрбум евро буюу 36 тэрбум ам.доллар орчим болжээ.
Парис хотноо 196 улс нэгдэн Уур амьсгалын өөрчлөлтийн гэрээг байгуулсан нь Франц улсын нэгээхэн том амбиц болсон юм. Хэлэлцээрийн гол зорилго нь дэлхийн дундах агаарын хэмийн өсөлтийг аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс доош барих. Үүний тулд хөгжиж буй болон буурай орнуудыг бохир нүүрсний хэрэглээнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд туслах зорилттой. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээ хэлэлцээрийн дагуу хөгжингүй орнууд өндөр хэмжээний хандив өргөх ёстой. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Уур амьсгалын ногоон санд гурван тэрбум ам.долларын санхүүжилт өгөхөө өмнө нь амлаж байсан. Энэ дагуу АНУ-ын Засгийн газар өнөөдрийг хүртэл ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг тус санд хандивлажээ. Гэвч, үлдсэн хоёр тэрбум ам.долларыг өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп олгохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Улмаар тэрбээр хэлэлцээрээс АНУ гарах шийдвэр гаргаснаар Франц улс дэлхийн II том эдийн засаг Хятад улсыг түшиглэх болов. Макрон эртний торгоны замын эхлэл болсон Хятадын хойд хэсгийн Сиан хотноо айлчлах үеэрээ “бидний тавилан холбогдсон. Ирээдүйд Франц, Европ, Хятадын нэгдэл хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Айлчлалын үеэр хоёр тал Сирийн асуудал болон Солонгосын хойгийн хурцадмал байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.ТУЯА