Сар шинээр мөр гаргах зүг
Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө.
Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гарах хэрэгтэй. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина.
Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ.
Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харахыг зөвлөж байна.