Халиун толгой
Нэг хавар айлын эхнэр аргал хормойлж авчраад түллээ гэтэл иччихсэн могой авчраад галдаа хийчихсэн, зуухных нь бөөрийг бөлтийтөл нь тийрсэн байсан гэсэн яриа сонсож байв. Иччихсэн могой нүхэн дотор, заримдаа хад чулууны оёор зоослосон байх. Андуурсан нь юм болов уу, хураалттай аргал дотор нь намар ороод иччихсэн могой таарсан байх, эсвэл хэтрүүлсэн яриа ч байж магад.
Юутай ч манай нутаг Халиун сумын зүүн урдханд байх элст толгойг Халиун толгой гэх, дээр цагт могойны эх орон байсан гэдэг. Могой нь халиурч байдаг учир Халиун гэж нэрлэсэн юм гэнэ билээ гэсэн домогтой.
1941 онд Алтай аймаг Завханаас тасарч ирэхдээ Алтай хотын урд байх Олон нуурт буудалласанд Олгой нуураас усны бух гарч орилоод болоогүй юм гэнэ билээ. Тэгээд нүүж, Халиун толгойн баруунд, Халиун голын эхэн дэнжид бууриа зассан ч нэг жил болоод тэсэлгүй дахин нүүж одсон гэдэг. Аймаг төвлөж чадаагүйн шалтгаан нь өнөөх могой, бас салхи хоёр.
Үнэхээр ч миний багад буюу 1970-аад онд тэр дээр цагийнх шиг халиурч байгаагүй ч их могойтой байдаг байв. Сургуулийн дунд ангийн ах нар архины шилэнд могойн зулзага хийчихсэн, тамхины утаагаар утаж явах, гэрийн шалан дээр дэвссэн хулдаасан дээгүүр хосоороо дэржигнүүлэн явах. Хөлтэй мэт тийм дуу гаргадаг юм билээ. Ханын ирээсэн дээр гараад цагиргалчихсан ч байх. Байн байн гэр зуурт илэрсэн могойг унины үзүүрээр өлгөөд алсхан аваачиж хаюулаад, дээр нь өвс зангидуулан тавиулдаг байлаа. Би цөөнгүй могойн дээр тийн өвс зангидан тавьж байсан. Эргэж ирүүлдэггүй дом нь юм гэнэ билээ. Жил жилээс л могой багассаар, 80-аад оны сүүл гэхэд их ховор болсон, одоо ч тийм элбэг таараад байдаггүй юм шиг билээ.
Аав маань хээр гадаа ганцаар явах үед "Суман могой таарч магадгүй шүү. Цагираглаж байгаад хүн рүү харвадаг юм. Тийм могой таарвал эрчийг нь хариулж гараарай. Дагаж гарвал харвадаг юм гэнэ билээ" гэж захиж байсныг санана. Суман могой адууны хавирга хуга харвадаг юм гэх мэт ярилцаж байхын нь бас сонсож байв. "Хэр хол харвадаг юм бэ?" гэхээр "Ахар аргамжийн зайнд харвадаг юм" гэж байв. Энэ нь 10-15 м орчим болов уу, гэхээр сүрхий харвадаг амьтан байж дээ. Могойн чуулган, могойн эвэр, могойн бөөлждөс, могойн хальс гэх мэтээр могойны тухай бичвэл их юм бий дээ. Яагаад гэвэл би чинь яг тэр могойны эх орон болсон Халиун толгойн бэлд, Халиун голын хөвөөн дээр төрсөн хүн шүү дээ. Гэхдээ дараа болсу.
Халиун сумын нэрийг яагаад Халиун гэх болсон юм бэ? гэсэн нэгэн асуултад хариулав.
Зураг: - Могой нь халиурч байсан гэх Халиун толгой.