📅

МҮЭ-ийн холбоо орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна

🕔 2018/04/26 09:05
 
ҮЭ-үүд Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдэл /5 сарын 1/-ийн өдөр жагсахаар болсноо өнөөдөр /2018.04.25/ сэтгүүлчдэд мэдээллээ. 
Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд АЗҮЭХ, ТХГТАҮЭХ, ЭХГУУҮЭХ, БҮЭХ, НҮЭХ, ҮҮЭХ, ХХААБОҮЭХ, ХБНААҮЭХ, БСШУҮЭХ-ны дарга нар оролцож мэдээлэл байр сууриа илэрхийллээ. 
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ,
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн хэлэлцээрээр тохирсон заалтуудыг хэрэгжүүлэхийг шаардаж жагсаал цуглаан хамтын маргаан үүсгэх нөхцөл байдалд хүрч байна. 5 сарын 1 нд МҮЭ-ийн холбоо гишүүн байгууллагуудынхаа хамт орон даяар жагсаал цуглаан хийж тулгамдсан асуудлуудыг шаардах болно. Зөвхөн нийслэлд ойролцоогоор 10 гаруй мянган хүн оролцохоо мэдэгдээд байна. 
Сүүлийн 3 жилд цалин хөлс дорвитой нэмэгдүүлсэнгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчдад урамшуулал хэлбэрээр 300 мянган төгрөг олгосон нь харилцан адилгүй суутгал хийгдсэн талаарх гишүүдийн шүүмжлэл ирсээр байна. 
МҮЭ-ийн холбооноос үндсэн цалин хөлс нэмэгдүүл гэж удаа дараа шаардлага тавьж ирсэн. Олон ч Засгийн газар солигдож цалин хөлс нэмэгдүүлэх олон гарц боломж байгаа ч  шалтгаан тоочиж хойрго хандаж байна. 
Өнгөрсөн дөрвөн жилд валютын ханш өсч, нэг доллар тутамд 800 төгрөгөөр төгрөгийн ханш унасан. Нөгөөтэйгүүр амьжиргааны баталгаажих түвшин нэлээд өслөө. Валютын ханшны өсөлттэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэн байна. Сандал суудал, тендер, төсөл хөтөлбөр гэхээсээ илүү иргэдийн бодит орлогыг тэр дундаа цалин хөлсийг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллахыг Засгийн газраас бид шаардана. Хөдөлмөрийн үнэлэмж унах бүрт харь газарт ажиллах хүсэл сонирхолтой ажилчид хэдэн мянгаараа нэмэгдэж байна. Хөдөлмөрийн тухай болон Нийгмийн даатгалын тухай, Татварын тухай хуулиудад гол анхаарлаа хандуулж байна. Хэрэв Хөдөлмөрийн тухай хууль өмнөх түвшнээсээ буурч батлагдвал буцаан татах, хориг тавих арга хэмжээ авах ёстой. 
Сэтгүүлчид Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтын талаар түүнээс тодруулга авлаа. 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дундаж цалингийн 40 хувиас доошгүй нэмэгдүүлэх бодит шаардлага байна. Өөрөөр хэлбэл 400 мянгаас дээш нэмэгдүүлэх хэрэгтэй. ХХДХ нэмэгдэхэд торгууль нэмэгдэхгүй учир нь зөрчлийн хуулиар торгуулийг тусгай нэгжээр тооцдог болсон гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол