📅

Авлигын эсрэг хуулийн 21.5-ыг хааш нь нуух гээв?

🕔 2018/05/07 09:07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацааг дууссан гэж үзээд түүнийг “солих” ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайхан нарыг иргэдийн сонголтоор сонгосон тул тэднийг томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байгаа юм. Гэвч АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудал эргэлзээ дагуулж байна. Түүнийг нөхөн томилогдсон тул өмнөх даргын үлдсэн хугацааг дуусгаад ажлаа өгөх ёстой гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм. Тэгвэл Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно' гэсэн байдаг. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нөхөн томилогдсон ч тухайн өдрөөс хойш зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санааг хуульд тусгажээ.

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг Н.Ганболдын оронд нөхөн томилсон тул хуулийн хугацаа нь дууссан гэж тайлбараж байгаа юм. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өер хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна' гэсэн заалтыг ишилж байгаа нь буруу гэж Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг шүүмжилсэн байдаг.

Харин ч Төрийн албаны тухай хуулийн 72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн байдаг. З.Энхболд цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаж, нийгмийг хагаралдуулж байгаа нь улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэж болгоомжлох нэгэн ч байна.

Бүр цаашилбал Х.Энхжаргал нь АТГ-ын тав дахь дарга бөгөөд өмнө нь ажиллаж байсан нэг ч дарга бүрэн эрхийнхээ хугацаагааг гүйцээж байсан удаа байхгүй аж. Таван даргын хоёр нь өөрийн хүслээр ажлаа өгч, зарим нь гэмт хэрэгт холбогдсон, нас барсан байдаг. Тэгэхээр бүрэн эрхийн хугацааг аль даргын үеэс тооцож, дараагийн даргаа томилох вэ гэдэг адармаатай. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлнэ гэж зааж өгчээ.

Ямартай ч АТГ-ыг тойрсон адармаатай асуудлыг УИХ-аас эцэслэн шийдэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол