📅

УИХ-ын ажил сайн байгаа нь М.Энхболдтой холбоотой

🕔 2018/05/07 10:33

УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс иргэд, сонгогчдод шуурхай, бодит мэдээлэл өгөх үүднээс УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, Байнгын болон Дэд хорооны хуралдааны мэдээллийг 14 хоног тутам тоймлон хүргэж байхаар болжээ. Саяхан дөрөвдүгээр сарын 5-30-ны өдрүүдийн мэдээллийг УИХ-ын албан сайт болох parliament.mn-д оруулсан байна. Тодруулбал, дээр дурдсан хугацаанд найман удаа чуулганы нэгдсэн хуралдаан болсон бөгөөд 30 цаг гурван минут хуралдаж 33 асуудлыг хэлэлцсэн аж. Байнгын хорооны хуралдаан 25 удаа болж 38 цаг 42 минут хуралдаж 65 асуудал хэлэлцжээ. Тэгвэл Дэд хороодын хувьд хоёр удаа хуралдаж гурван цаг гаруйн хугацаа зарцуулсан бөгөөд хоёр асуудал хэлэлцсэн байна. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийж байлаа. Ингэхдээ үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг харуулж байв. 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна. Харин УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24895 цаг хуралджээ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан болохыг эдгээр тоон үзүүлэлт илэрхийлж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд УИХ дан ганц тоон үзүүлэлтээр сайн байгаагүй. Ажил хэрэгч, шуурхай байхын хажуугаар улстөржилт хамгийн бага төвшиндөө явж ирлээ. УИХ-ын даргад таалагдаагүй үг хэлсэн шалтгаанаар өмнөх 2012-2016 онд олон гишүүн микрофоноо хаалгаж байсан даа. Үг хэлээд дуусахад ард нь УИХ-ын дарга коммент хэлдэг увайгүй үйлдэл гаргаж байсныг нь 2016 онд Увс аймагт очиход эсэргүүцсэн жагсаал ч болж байв. Тэгвэл одоо УИХ-ын чуулган хамгийн нам чимээгүй нөхцөлд хууль тогтоох дээд байгууллагынхаа жинхэнэ чиг үүргээр ажиллаж байна. Нэг нам дангаараа УИХ-ыг бүрдүүлж байгаа гэдэг өнцгөөр элдэв хуулийн доголдолтой асуудлыг зүтгүүлж өргөн түмнийг хагаралдуулсан явдал гарсангүй. Харин тийм зүйл болох вий гэсэн хүлээлт бол байлаа. Энэ бүхний учир шалтгааныг төрийн албаны бүх шатанд ажиллаж ирсэн УИХ-ын дарга М.Энхболдтой холбон үзэж болох юм. Тав дараалсан их ялагдлын араас М.Энхболдын удирдсан МАН аймаг, сумын ИТХ, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдаад хариуцлагаа хүлээж намын даргаасаа буусан тэрбээр урьдын гавьяагаа тоочилгүй явсаар өдийг хүрлээ. Өөрийнхөө гавьяаг тоочиж, учир зүггүй дайсан тодруулж нийтээс сайн нэр зүүхийн төлөөх хүмүүсийн "зэс" өдөр өдрөөр цухуйсаар. Харин ажил хэрэгчээр зөвхөн өөрт оногдсон ажлаа сайн яваа төрийн хүний хүчин чармайлт бол алсдаа харагддаг аж.

П.Пүрэв

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол