📅

ЗҮГГҮЙТЭЖ ЯВСАН МИНЬ...

🕔 2018/05/09 13:47

ЗҮГГҮЙТЭЖ ЯВСАН МИНЬ...

 

Наанаа гэмгүй царайлж байгаад цаагуураа сүрхий зүггүй нөхөд байдаг даа. Даа ялангуяа ижлээ олохоороо юу? Гантулга бид хоёр нийлэхээрээ санахгүй, сэдэхгүй юм үгүй, санаа нийлж, гүйдэл явдал таарна ч гэж жигтэйхэн. Өнөөдөр хархан багын найзтайгаа уулзав. Тэгээд дөрвөн сарын нэгэн болж буйн хэрэг юу билээ, хоёул хэрхэн дүрсгүйтэж явснаа жаахан дурссу.
.
ЧОНО БОЛЖ, БУУДУУЛСАН МИНЬ
Нэгэн удаа бид хоёроор хярд, Хотонгийн бэлчирийн эх өөд хэдэн ямаа хүргүүлдэг юм байна. Манай хоёр айл зусаж байсан хэрэг л дээ. Бид долоодугаар анги төссөний зун юм даг. Өглөө үүр хаяараагүй гарсан бид хоёр нөгөө хэдэн ямаагаа тас ороолгон гялазлтал хөөгөөд үд өнгөрч байхад айлд нь хүргээд өгчихөв өө. Уг нь тааваар нь туувал бүтэн өдөржингийн явдал болох ч гол нь аавууд маань оройдоо багтаж ирэхийг хатуу захисан тул өөрсөддөө зүггүйтэх цаг гаргахын тулд тийн хөөрхий хэдэн ямааг сунаж унатал нь элдсэн хэрэг. Хоёул нэг нэг калибр буу үүрчихсэн. Дайз дүүрэн сумтай. Манай Гантулга маань тун яггүй буудна. Гозойлгосон хавиргыг бол тавин метрийн зайнд ганц сумаар л тас хяргана. Би ч бус мөчөөгөө өгөхгүй. Аль тавдугаар ангиас хойш буу үүрээд сурчихсан, бас хоёр жил дараалан “Дөл” тоглолтын буудлагын тэмцээнд орчихсон, туршлагатай хашир "анчид". Тарвага туулайхнаа бол хөөрхөн шоглочихно. Тэгээд айлдаа хэдэн ямаагаа хүргэж өгөнгүүт мориноосоо ч буулгүй ухасхийлгэцгээв. Овоон нуруу бол тарвага ёстой л буцалж байдаг байлаа, тэр үед. Нуруун дээр гараад оройн гараагаар нэг нэг судаг өгсөөд баахан гүйлээ. Том тарваганууд нь бид хоёрын бараанаар л шургаад орчихдог юм, ер буу тавиулсангүй. Мөндөлхөн бол зөндөө. Аргаа бараад нэг хотил буудаж, өнөөхөө боолоо. Боочихоод үсийг нь зулмалхаар гал дээрээ чулуу тэгнүүлж тавьчихаад хоёул ойрхон байх өндөр эрэг рүү үсрэн тоглож гарав. Тоглоомондоо улайраад өнөөх тарвагаа мартчихаж. Нэг мэдэхнээ нь нар жаргах дөхөөд, аль хар үүрээс хойш юугаар ч гялайлгаагүй гэдэс маань сүрхий ширүүн хоол нэхээд буйг мэдрэх үедээ гэнэтхэн гал дээр орхисон тарвагаа санаад гүйгээд очтол байдаггүй. Хоёр атгын чинээ морзойсон хар юм байж байна. Дэмий л яраад үзвэл хэдийнээ бараг 99 хувь нь нүүрс болоод, толгойны нь ар орчимд жаахаан юм үлдчихэж. Яахав дээ, тэндээс нь нэг нэг долоочихоод мордлоо доо. Тэр завсраа өнөөх атгын чинээ болчихсон тарвагаа харж баахан хөхрөлдөж байгаа юм. 
Тэгээд Овоон нуруунаас урагш бууж, хоёр гурван боорцог олж ходоодоо тайвшруулах санаатай Сайн усны голд байх айлуудад очив. Үдшийн бүрий тасарч байх үе байв. Айлууд саахаа нийлүүлээд бөөн шуугиан, үймээн, юун бид хоёрыг анзаарахтай манатай. Тэгээд гэрийн зүг эргэж, Модон давааны аманд байсан Буж Байлаагийн хотны захаар гарч явтал нохой нь гэж нэг сүрхий айхтар догшин амьтан дуу шуу ч үгүй шуугиж ирээд морь үргээн арайтай л унаж хоцорсонгүй. Нохойд нь шарахлсандаа хоёул хотных нь урд гүдгэрээр чоно болон ульж дөрвөн хөллөж гүйгээд, хөөрхий муу нохойг нь гаслуулан гангинуулан чулуу, нойтон шилмүүсээр ороолгож хөөгөөд, малыг нь пижигнэтэл үргээж гарав. Гэтэл гэрийн зүгээс Буж Байлаа л бололтой бүдүү паргиа хоолойтой хүн хашгирч чимээ өгч байна. Тэгэхээр нь улам ч бахтайяа нохойг нь нэг сүрхий гаслуулаад, хонийг нь тас үсэртэл үргээж орхитол яг толгой дээгүүр тасхийгээд л явчихдаг юм. Калибр бол тийм чанга дуугүй, лавтай карбиндсан хэрэг. Хоёул бушуухан гүйгээд мориндоо мордоод Модон давааны ам өлгөөд л ороолгож гарлаа. Араас дахиад л буу тас хийж байх нь тэр. Ямар азаар тэнэсэн суманд оногдчихоогүй юм. Хошуу тойрсон хойно оо, бид хоёрыг үнэхээр чоно гэж итгэсэн Буж Байлааг шоолж хоёулаа эмээл дээрээ тогтож чадахгүй шахам хөхрөлдөж билээ. Бас болоогүй ээ, чоно болж уртаар татаж улихаа юуны мартах билээ. Юун тэр бууны тэнэсэн сум бодохтой манатай. 
.
ЧӨТГӨР БОЛЦГООСОН МИНЬ...
Буж Байлаад буудуулж хөөгдөөд гэрийн зүг зам зууртаа Өргөн харын модны танд байх бяцархай хадан толгойн өвөрт ганц гэрээр зусаж байсан манай том хүргэн ахын яг хаяагаар гардаг юм. Шөнө дунд дөхөж байлаа. Өдөр шөнө хоёр юм хялайлгаагүй өнөөх муу ходоод хоржигноостой ч бид хоёрын санаа сэтгэл нэн өндөр... Буж Байлааг айлгачихсан, бас ч үгүй хэдий идэж чадаагүй ч нэг хотилоор боодог хийчихсэн эр улсын чинь сэтгэл санаа өндөр байлгүй ч яахав дээ. Тэгээд гэнэтхэн ах эгч хоёроо айлгацгаах санаа төрөв. Уг нь манайтай айл зусах юм ярьж байсан ч дангаараа зуссанд нь жаахан сэтгэл гонсгор ч байсан хэрэг. Үеийн хоёр зээтэйгээ баахан зүггүйтэх л гэж тэр шүү дээ. Тэдний гэрийн ард байх хадан толгой дээр хэдэн жилийн өмнө аянга буугаад бяцлаад хаячихсан юм. Бид хоёр алсхан шиг далд газар морио уячихаад өнөөх бяцархай хадан дотор байрлаад авцгаалаа. Тэднийх нохойгүй. Нохойтой байсан ч тоохгүй л дээ. Эхлээд малыг нь үргээв. Цөөвтөр богоо шиндүүгээр хашаа хийгээд хашчихсан учир бид хоёрын оролдлого тийм ч амжилттай болсонгүй. Ямаанууд хичнээн үргэвч ямар хашаанаасаа давж үргэж чадах биш. Ахынх ядахдаа гэрэл ч гаргасангүй, таг чиг. Тэгэхээр нь тактикаа өөрчилж, гэрт нь улам ойртож байгаад янданг нь чулуугаар цохих юм болов. Харанхуй шөнө тул нэлээд хэдэн чулуу илгээж байж, хэд хэдэн удаа сүрхий дүн дан хийтэл онолоо. Таг чиг... Гэрийг нь аргамжийн зайтай тойроод, хоолойгоо базаж байгаад чихарсан дуугаар ах, эгч хоёрынхоо нэрээр нь дуудаж, орилж, гийнаж, уйлж, чарлаж гарав. Бас л таг чиг. Хоёулаа баахан аяглаж аяглаж, ямар ч хариу үгүй таг чиг байхаар нь залхаад жаахан урам муутайхан морьд руугаа буцав. Гэхдээ л бас тэднийгээ шоолоостой. Бас тийм айхтар бөх унтдаг аа, гээд л хоёул мориныхоо хондлой дээгүүр давж унатлаа хөхрөөстэй. Тэгээд шөнө дунд өнгөрч, үүр дөхөж байхад гэртээ нэг юм ирцгээлээ дээ. Морьдоо тохом татаж уяж орхиод, хоёул гэрийн хаяанд байсан панагт ороод тас тас үсэрцгээлээ. Нэг мэдэхнээ нь хөнжил хуу татаад л хаяж байна. Харвал аав сүрхий ууртай, “Босоцгоо, дүрсгүй моншнууд” гэж байна. Арай л шиндүүгээр ороолгосонгүй. Мэдэхнээ нь өглөө эртээ том эгч маань “Шөнө хонь мал үргээд, яндан дүнгэнээд, нэрээр дуудаад унтуулсангүй, уушги зүрх амаар гараад, ухаан санаа алдахаа шахав, яадаг хэрэг вэ? Өргөн харын мод чинь чөтгөртэй болчихсон байна” гэсээр манайд ирсэн ажээ. Мэдээжийн хэрэг, тэр хүн амьтан унтуулдаггүй чөтгөрүүдийг олоход юухан байхав дээ. Хэргийн эзэд, хэнгэрэгийн дохиурууд хосоороо гэрийн хаяанд хурхирч байгаа юм чинь....

ЗҮГГҮЙТЭЖ ЯВСАН МИНЬ...

 

МАУЗЕР УРЛАДАГ ДАРХЧУУЛ БОЛСОН МИНЬ...
Чоно, чөтгөр болдгийн түрүү жил, зургадугаар ангид байсан юм байна. Хөдөөгийн суманд сургуулийн хаврын амралт бүтэн сар үргэлжилдэг байлаа. Сумын төвийн бид юу хийхэв дээ, дэмий уйдсан амьтад, хаврын хавсарга дотор яахаа мэдэхгүй гинэрч байснаа ямар чөтгөр нь бас хатгаж орхисон юм, Гантулга бид хоёрын толгойд нэгэн гайхалтай санаа төрөв. Чухам хэн нь эхэлж санасныг мэдэхгүй, ер нь бид хоёр яг нэгэн зэрэг нэг зүйлийг санаад байх шиг байдаг юм. 
“Төөрсөөр төрөлдөө” гэдэг кино үзээд, Балтын олдог орос цэргийн даргын маузер шиг буутай болох юмсан гэдэг бодол бид хоёрын толгойноос ер гарахаа байв. Тэгээд хаврын нэгэн бүүдгэр үдшээр тэр бууг өөрсдөө хийчих юм байна гэсэн тунчиг мэргэн санаа бидний тархин дундуур харваад л өнгөрлөө дөө. Тэр шөнөдөө хоёул сууж, бууныхаа эд ангиудыг зургийн дэвтрийн цаасан дээр зурлаа. Гох дарахаар хэрхэн яаж бууддаг, замаг нь ямар байх, энэ тэр гээд. Үндсэндээ олон үсэрдэг зэвсэг зохион бүтээх товчоо ажиллаж байна гэсэн үг. Манай амбаарт лаа барьж байгаад ганцхан шөнийн дотор бүтэл бүтэн институтын хийдэг калибр гар бууны эд ангиудын тооцоо, нарийвчлал бүгдийг нь гаргаад өглөө гэхэд бэлэн болгочихож байгаа юм. Нэг жижигхэн ширээ, транспорматор, гортиг, бүдүүн нарийн хоёр харандаа, харандаа үзүүрлэгч, баллуур, хорин см-ийн модон шугамаар л тийм хэмжээний ажлыг гялалзуулчихав. За тэгээд хоёул эхлээд багажаа үзлээ. Аавын дархны багаж, хөөрөг бэлэн. Гантулгын маань аавын холбооны гагнуурын жижигхэн алх ч бэлхэн. Хийх материалаа үзэв. Маузерийнхээ бариулыг Бэхжав ахын амбаарт хэвтэж байсан Эх орон – 52 радионы шар шахмал дүүбэн модоор хийхээр болов. Гоё ч болсон гэж жигтэйхэн. Хамгийн олдохуйяа бэрх нь гол төмөр, гурван төрлийн пүрш байлаа. Гантулгын аав Бэхжав ах бол сумын холбооны эрхлэгч тул элдэв төмрийн хогтой хайрцган дотроос нь хоёр пүрш олсон ч яг замгандаа хэрэглэх пүрш олддоггүй ээ. Одоотой адилгүй цаг үе байлаав шүү дээ, тэгэхэд чинь. Харин сум-нэгдлийн нэгдсэн граашны хашаан доторх нэг том тракторын мотор дээрээс калибр ТОЗ-8-ын сум яг таардаг ган труба оллоо. Тэр маань цагаан толгойтой орны голын цагаан савханы дундуур яг сайхан таарч байна. Ингээд хоёул гялалзсан, яг захиалгын мэт 23 см, 12 мм урттай тунчиг сайхан гол төмөртэй болоод авлаа. Гуравдахь пүршээ аймгаас ирсэн худаг ухдаг Кашка өрөмний жолоочийн арын хогон дотроос олов. Ингээд л хоёул маузер буугаа дархлах ажилд ханцуй шамлаад орж явчихалгүй хаачихав. Долоо хоног нүдлээ. Өдөр шөнөгүй ээ, хүн чинь дуртай юмандаа ухаанаа алдчихдаг юм. Манай амбаарт буюу аавын дархны газарт л үзэж тараад байгаа. Хааяа аав орж ирж өлийж харчихаад, “Дүрсгүй золигнууд юу ч сэтгээ бол доо. Битгий амбаар түймэрдчихэж үзээрэй” гэхээс өөрийг хэлэхгүй. Цаагуураа бол биднийг ямар нэгэн зүйлд тийм улайрган зүтгээд буйг маань дэмжээстэй, бас жаахан өхөөрдсөн ч биз. Бэхжав ах бол “Баяа ах (Манай аавыг тэгэж дуудна) мэдэж байгаа бол гайгүй биз” гэсхийгээд тоохгүй. Харин ээжүүд бол үргэлж шавьтнаастай, ядаргаа болно. Ядахдаа л ид улайрчихсан үзэж тарж байхад “Хөөе хоол чинь хөрчихлөө” гээд бархиралдаад бөөн төвөг болно. 
Тэгэж тэгэж хоёул гол төмөрнийхөө зүүрээс бариулынхаа ар хүртэл уртаашаа 36.18 см урттай, майхан овоотой, хонгионыхоо тийрэлтээр эргээд цэнэглэгдчихдэг жинхэнээсээ жинхэнэ маузер буу бүтээгээд орхидог байгаа. Гоё ч гэж жигтэйхэн. Хоёул ээлжлээд сэм өвөртөлж унтаастай. Бариулыг нь өнөөх Эх орон – 52-ын шар модон дүүбээр хийсэн учир гялалзаж гялтганаад янзтай. Нэгэнт хийгээд авсан хойно аав, ээжүүдээс тас нууж, нүдэнд нь ч хялайлгасангүй. Харсан бол аягүйдвэл коммун царайлаад хураагаад авчихвал ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч чинь жинхнээсээ болно шүү дээ. 
Тэгээд нэгэн бүрий үдшээр хоёулаа арваад сум аваад, нэг зуухны зэвэрсэн халиван дээр багшаасаа сэм туусан шохойны булангаар таван давхарласан бөөрөнхийтэй, бөөрөнхий бүр дээр нь тоо бичээтэй бай зураад, сумын төвийн урд хаяанд байх орхигдсон хэдэн шавар тагзны дэргэд очлоо. Халиван байгаа шавар тагзны хананд тогтоож байгаад яг тоолж 25 алхам зайнаас буудав. Эхлээд би буудав. Гох дарангуут замаг тасхийгээд л буулаа. Гэвч буу ассангүй, дахиад цэнэглээд дарав. Байдаггүй. Гантулга маань аваад буудав. Таг дүлий... Гайхаад сумаа сольж үзэв. Бас л таг. Үзэхнээ нь сумны хонгионы голыг цөм цохижээ. Голыг нь цөм цохиод байхад асддаггүй яадаг муу сумнууд вэ гэлцээд гэрлүүгээ гүйж, дахиад хэдэн сум авчирч үзэв. Байдаггүй. Хориод сумны хонгионы голыг цөм цохиж орхилоо. Хоёул бүр учраа олохыг байдаг юм. Тэгтэл Гантулга маань замгыг нь арагш нь татаж байгаад дархны жижигхэн алхны ишээр “Ингээд асахгүй байгаарай” гээд сумны араас зөөлхөн тоншиж орхитол тасхийгээд явчихдаг юм. Арагшаа үсэрсэн хонгио нь Гантулгын хөмсөгийг сэт цохиж орхив. Гайхаад өнөөх голыг нь цөмлөөд орхичихсон сумнуудаа нэг нэгээр нь тоншиж үзвэл бүгдээрээ асаж байна. Тэгэхэд л чухам яагаад сум асахгүй байсны учрыг ойлгож, хоёул бараг зэрэг духаа алгадаж, дуу алдсан даа.
Учир юу вэ гэвэл калибрын сумны гал нь хонгионыхоо голд биш ирмэг дээр нь байдаг ажээ. Шөнө нойр хүрсэнгүй. Маргааш үүрээр аавын калибрыг сэм авч гараад хоёул өнөөх байн дээрээ ирээд буудаж, хонгиог нь шалгаж үзвэл бид хоёрын онош яг таг 1000 хувиар батлагдаж байна. Калибр ТОЗ-8 бууны замагны шөвөг төмөр нь сумны хонгионы голд нь биш, харин ирмэг дээр нь цохиж гал өгдөг ажээ. Ингээд хоёул дахиад буугаа задалж, зарим эд ангийг нь шинээр хийж, заримыг нь хасаж янзалсаар гурван шөнө нойргүй нүдсэний эцэст нэг юм манай хайртай маузер бууны маань замагны шөвөг төмөр ямар ч алдаагүйгээр сумны хонгионы ирмэг дээр цохидог болгож чадлаа. Тэгээд дахиад л өнөөх нууц буудлагынхаа газарт очив. Буудлаа. Гох дарангуут л буу тасхийж байна. Харайж очоод байгаа үзвэл ямар ч ор мөр байдаггүй. Буудах бүрдээ хоёул 5 мертээр урагшилсаар байгаад адаг сүүлдээ бүр 5 метр зайнаас буудах болов. Яагаад сум маань байндаа тусахгүй, гэхдээ бүр бүхэл бүтэн тогооны томоос том халивыг үүдэн хоймрын зайнаас онохгүй дэмий чалчаад байгаагийн учрыг огтоос олсонгүй. 5 метрийн зайнаас буудтал харин халивны доод ирмэгт ялимгүй жаахан мөр гаргажээ. Байныхаа голд биш, дээд ирмэгт нь барьж байгаад буудвал голд нь тусаж байна. Үндсэндээ онош тодорхой болов. Сумны эрч маш сул байгаа ажээ. Харин яагаад гэдгийг 6 дугаар ангийн хоёр хөвүүн яаж ч хичээгээд бодон олж эс чадав. Аргаа барьж гүйцээд, хуйхаа маажиж, оросын “Спутник”, монголын “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг сумын номын санд очиж онгичиж үзээд ч нэмэр болсонгүй. Сүүлдээ эрхгүй ааваас асуухаас өөр арга олдсонгүй. Тэгээд аавд үзүүллээ. Эхлээд аав аюултай уурлав. “Аюултай хар хижигнүүдийг хараач тэр, хүн амьтан алах нь уу. Ядаж л гал гавир алдаад өөрсдийгөө буудчихна шүү дээ” гэж дуу алдан шогширч гарав. Удалгүй тайвширч, бидний дархалсан үзэсгэлэнтэй сайхан бууг маань сайтар үзсэний дараа бүр таашааж, “Тэр хараач, айхтар моньднуудыг ээ” гэж байна. Тэгээд бидний алдааг хэлж өгсөн юм. Яагаад хэлж өгсөн бэ гэвэл биднийг яагаад ч тэр алдаагаа засаж чадахгүй гэдгийг мэдээд тэр...
Бидний алдаа болбоос хоёр зүйлд байлаа. Нэгд, ямар ч бууны гол төмөрт бянт гэдэг нэн чухал зүйл байдгийг бид огтоос анзаарсангүй ээ. Тэр бянт үгүй бол сум хүчгүй болдог. Бянтан дундуур гарсан сум маш хүчтэй эрчлэн эргэлдсэнээр агаарын эсэргүүцлийг давах чадвартай болдог байна. Тэгээд аав калибр бууны замгийн мултлаад гэрлийн эсрэг гол төмрийн хөндий нүхийг харуулан тайлбарлаж өгөв. Гол төмөр дундуур мушгирсан ховил нэвт гарсан байх аж. 
Хоёрдахь алдаа маань калибрын замаг нь сумныхаа араас бат найдвартай дарж байж, тугалга нь урагшаа хүчтэй тийрэлттэй болдог аж. Харин бидний зохион бүтээсэн механизмд түүнийг нь бүрэн орхигдуулснаар гал өгч, хонгион дотор дэлбэрэлт болсон ч хонгио нь ардаа ямар ч тулгуур үгүй тул арагш үсрэн, сумныхаа араас өгөх тийрэлтийн хүчний хагас нь замхарчихдаг ажээ. Энэхүү хоёр дахь алдаагаа бид засаж чадах ч харин тэр гол төмөр дотор хэрхэн яаж бянт татах учрыг лав л бүтэн жил бодоод олж чадаагүй юм. Хоёрын хоёр толгой өдөр шөнөгүй, хоол идэж байхдаа ч, тоглож байхдаа ч, бүр унтаж байхдаа зүүдэндээ хүртэл бодоод бодоод чадаагүй л юм даа. Яахын аргагүй 6-р ангийн хүүхдийн хэр хэмжээнээс хэтийдсэн техникийн шийдэл байсан хэрэг. 
Гантулга бид хоёрын маузер буу дархалсан түүх маань нэг иймэрхүү. Тэгээд өнөөх сайхан буугаараа байлдаж тоглохоосоо ч ичиж, нэрэлхээд орны гудсан дор таг дараастай бүтэн жил болсны хойно яалаа даа байз, нэг тийш нь л болгосон юм. Одоо бодож байхнээ нь ичиж нэрэлхсэнийх ч бас биш юм, хийж чадаагүйг маань үргэлж сануулаад зовоогоод байж мэдэх тул ил гаргахаас ч эмээдэг байж...
Хожмоо яг үүнтэй адилхан түүхийг олж сонсоод, бас өөрсдөөрөө бяцхаан бахархаж, урам зориг маань баахан бадрах аядаж билээ. Тэр юу вэ гэвэл, Бугат суманд Монхооног гэж нэг аюулын дархан хүн буу хийж дээ. Тэгээд буудтал сум нь гол төмөрнийхөө үзүүрээс гарангуут л уначихаад байж. Яг л бидний яруу алдарт маузер бууны нэгэн адил... Гайхаж ядсан Монхооног дархан намар оройхон хярын Дөрөлжийн нуураас морио усалж зогсож гэнэ. Нуурын ус зайрмагтаж, өрөмтөөд байжээ. Морь нь ус уухаар мөсний ирмэг дээр гишгэтэл үүд хоймрын зайд байсан бяцхаан цоорхойгоос ус дээшээ хүчтэй годгодсон байна. Түүнийг харсан Монхооног дархан духаа тас хийтэл алгадчихаад морио ч услалгүй гэрийнхээ зүг давхиулж очоод, дөш, алдаа шүүрээд авсан гэдэг. Учир нь тэр мөсний нарийн нүхээр ус гарахдаа эргэлдэн буйг үзээд бууны гол төмөрт бянт татах ёстойг ойлгосон гэдэг. Үнэн худлыг бүү мэд, юутай ч тэгэж ярилцацгаадаг. Яачихсан мөсний цоорхойгоор ус эргэлдэн гардгийг шалгах гэж би хожмоо тэр Дөрөлжийн нуурыг зайрмаг мөсийг мөн ч олон цоолсон доо. 
Тэгээд юутай ч Монхооног дархан бууныхаа гол төмөрт бянт татаж чаджээ. Гэхдээ яаж татсаныг нь ёстой чөтгөр бүү мэд. Учир нь Монхооног дархан ямар нэгэн зүйл хийхдээ зөвхөн түүндээ таарсан багаж зохион бүтээдэг, тэгээд хийгээд дуусчихсан хойноо багажаа эвдээд орхидог байсан байгаа юм. 
Харин мань хүн бууныхаа гол төмрийг бол төмөр лоомоор хийсэн байдаг. Бугат сумын төвийн урд хонхорт байх бяцхан хадан толгой дээр салхин сэнс зоогоод, сэнснийхээ гол дээр өрмийн хошуу зоож, түүндээ лоом төмөр тулгаад бэхэлчихсэнд салхи эргэх хэрээр гол төмөрлүү өрөмдсөөр голоор нь ямар ч зардал чирэгдэлгүй нүхэлж орхисон байгаа юм. Тэгээд дархан хүн чинь лоомны муу махан төмрийн яаж л бол яаж хатаана шүү дээ. 
Хожмоо тэр нь сэцэн гэж гайхалтай буу болсон гэдэг юм билээ. Ер нь Монхооног дархны тухай үлгэр домог шиг зүйлсийг бичвээс энд барагдахгүй, бүтэн ном ч болж мэднэ, харин би энд Гантулга бид хоёрын дүрсгүйтэж явсан тухай л бичих гэж зорьсон учир түрдээ Монхооног хэмээн Алтайн их дарханы тухай яриагаа үүгээр хязгаарлахаас аргагүй болж байна. Монхооног дарханы тухай энд бичсэнээс минь арай илүүг уншихийг хүсвэл Төрийн соёрхолт зохиолч, хар хэмээгдэх Д.Норов ахын “Хөх сайрын чулуу” туужыг уншаарай. Тагтаагийн сонголтоор хэвлэгдсэн “Тэжээвэр” тэргүүт шилмэл бүтээлийнх нь цоморлигт байна билээ. Баясгалан Батсуурь Харин миний сонссон бол Норов ахын туужаас хувь илүү ч байж мэднэ. 
Ингээд бид хоёрын муазер буу дархалсан түүх маань өндөрлөвэй. 
Түүнээс гадна Гантулга бид хоёр жинхэнэ далайн дээрэмчний тохой урт махир чинжаал хутга ч урласан. Ногоон сарьсан эмжээртэй, хар бульгааран гэртэй тэр том хутгаа бүсэндээ зүүгээд мориндоо мордоход 6-р ангийн хөвүүн биш, их замын дээрэмчин мэт өөрийгөө сэтгэдэг байв шүү. Манай нагац өвөө нэгэн үе Ховдоос Бээжин, Улиастай амбангаас Бор Цонж, Өрөмч ордог Наймаа замын сайн эрсийн нэг байсан юм гэнэ билээ. Удмын юм хатгадаг ч байж мэднэ. Бас 5 дугаар ангидаа Гантулга бид хоёр Үлмэдэх ба Ихмэдэх ч болж, сумын тайзан дээр мандуулж явав гэх мэтчилэн дүрсгүйхэн адал явдлуудаа бичээд байваас бас нэлээд урт болж мэдэх тул мөнхүү үүгээр өндөрлөе. Өнөөдөр багынхаа найзаа эмнэлэгт эргэх ялдамд хуучин дурсамжууд маань нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрдөг юм даа. 
Багадаа зүггүйтэж яваагүй нь ер ховор байх... тийм ээ...
Орос Киргиз билүү, Узбек ч билүү нэгэн зохиолчийн “Дүрсгүйтэж явсан минь” гээд томоо роман бий. Уншаад орон дээрээсээ өнхөрч унатлаа хөхөрдөг байлаа. (Гантулга маань ч бас ном сайн уншдагсан. Одоо ч уншсан хэвээр л байна. Эмнэлгийн орон дээр нь ном сонин хөглөрөөстэй.)
Бидний бага насны намтар түүнээс ер дутахгүй, магадгүй илүү ч байх. Хожмоо ном ч болгосон ч яахав. 
Б.Номинчимэд
.
Зураг дээр
1. Гантулга бид хоёр... Багадаа тийн дүрсгүйтэж явахдаа зургаа авхуулах санаа ёстой орж байсангүй дээ. Хожмоо 30 жилийн дараа...
2. Бид хоёрын дархалсан маузер буу нэг иймэрхүү дүртэй. Буу маань бүтэлтэй болсон бол модон хуйг нь харин ч нэг хялбархаан хийчих л байсан.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол