📅

СОЛОНГОНД ГЭРЭЛТЭГЧ ӨВС

🕔 2018/01/13 15:14

СОЛОНГОНД ГЭРЭЛТЭГЧ ӨВС

 

Тэнгэр бүүдийсэн гунигтай өдрүүдэд түүнийг санан бэтгэрч, түүнтэй өнгөрүүлсэн ахуйдаа очих гэж дурсамж сэмлэн суудагсан. Сэмэрсэн их дурсамж сэтгэл уужруулах шиг болоод нэг сайхан гүнзгий амьсгалаад сайхан ахынхаа тухай хэсэгхэн бодролоо хүргэж байна.

АХ ОЮУТАН БОЛСОН НЬ

Ах аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцон эхний байр эзэлж, тэтгэлгээр “Их монгол” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцахаар хот явлаа. Нэг зун ах нийслэлээс ирлээ. Бид аймгаас хүн ирнэ гэж баярладаг байсан бол энэ удаад хотоос хүн ирнэ гэхээр бүгд өмнөхөөсөө ч илүүтэйгээр баяр хөөр болон ахыг угтлаа. Том ах оюутан болчихсон чинь ганган, цэвэрхэн гэж жигтэйхэн, царай нь хүртэл цагаан цайвар болчихсон байв. Цүнхээ ухахаар нь бидэнд чихэр өгөх гэж байна гээд горьдож зогссон чинь “Май унш” гээд баахан уран зохиолын ном гаргаж өгөөд “Та нар бүгдийг нь уншина шүү” гэж хэлээд зузаан, зузаан ном бидний өмнөөс сарвайж билээ. Жаахан байхад бид номны зузаан, нимгэнийг нь харж байж унших үгүйгээ шийдэж, уншдаг байлаа. Тэгтэл ах сүрдмээр зузаан номууд авчраад авдар дээр тавьчихсан нь тэр. Бид, ялангуяа би “Яаж уншина даа. Уншихгүй бол ахад загнуулах байх даа” гэж бодно. Гэвч хөдөөний ажил барагдахгүй, бүгд л эрвийх дэрвийхээрээ хөдөлж, хөдөлмөрлөж байж үд хэвийд л жаахан завтай болно. Уг нь ахыг ирэхээс өмнө бүгд энэ цагт унтдаг байсан юм. Гэтэл тэр зуны халуун өдрүүдэд унтлагын цагаар гэрийнхэн маань гэрт, гадаагүй сүүдэр бараадан суух нь сууж, хэвтэх нь хэвтээд уншиж гарна. Энэ мэт өдрүүд урсан өнгөрч юу, юугүй л намартай золгоно доо. Бид аймгийн төв рүү хичээл сургуульдаа явж, ах Улаанбаатар хот руу их сургуульдаа явах боллоо. Тэр үед ах “Цагаан танк”-ийг аваад аймаг явсныг би тод санадаг. Тэр цагаас хойш “Цагаан танк” эргэж ирээгүй. Сүүлд сонсох нь ээ хамгийн хайртай тэмээг минь аймгийн малын бойд өгч, ахын сургалтын төлбөрийг төлсөн гэсэн. 
Өдөр хоногууд ээлжлэн ээлжилсээр дахиад л зуны амралт эхлэв. Ах ч ирлээ. Бид ч хоног тоолон хүлээж, санаж бэтгэрсэн ахыгаа тосон очлоо. Бидний л мэдэхээр сумын хүү байсан ах минь энэ удаад ирэхдээ бүр огт өөр хүн болоод ирэх нь тэр. Харааны шил зүүж, үсээ гялалзтал тосолчихсон (гелдчихсэн) толийсон хүн өнөөх том цүнхэндээ дүүрэн яруу найргийн ном хийж үүрээд иржээ. Энэ удаад биднийг уншаарай ч гэсэнгүй. Бид ч унш гэж хэлэхээс нь өмнө эргүүлж, тойруулж хардаг болсон байлаа. Тэр зун бидний хувьд шинэ сонин үйл явдлаар дүүрэн өнгөрсөн. Учир нь ах ирсний маргаашаас нь бид үүрийн таван  цагт босож, ахын тушаалаар үхэр, ямаагаа саагаад сүүг нь аймгийн төв дээр аваачиж зардаг байлаа. Заримдаа цагаан идээ бэлтгэж, ээж минь бас төв оруулан танил найз нөхөддөө ч борлуулж байсан билээ. Ийн бүгд ажилд орж, мөнгөний эрэлд гарсан шалтгааныг тухайн үед бид анзаарч, тоогоогүй ч одоо бодох нь ээ ахын сургалтын төлбөр, бусад зардлын мөнгийг л тийнхүү хуримтлуулсан байх. Хамгийн чухал нь тэр зуны үйл явдлууд  бүгдийнх нь хувьд хэзээ ч мартахааргүй хөгжилтэй, хөгтэй дурсамжуудын цуглуулга байсан даа. 

АХ ГАДААД ЯВСАН НЬ

Их сургуулийн нэгдүгээр курсийн 200 гаруй оюутан нэг танхимд хичээллэж байлаа. Тэгтэл сургуулийн номын санч орж ирээд “Шуудангаар гадаадаас захидал ирлээ. Тэр ангийн Бэрцэцэг гэдэг оюутан байна уу” хэмээн олны дунд чанга яригчаар зарлав. Би ичих, магадгүй бахархах зэрэгцээд нүүр улайгаад гараа өргөлөө. Тэр үеэс хойш манай ангийнхан, нөгөө ангийнхан “Танай ах чинь хаана байдаг юм. Ямар гоё юм бэ. Захиандаа юу гэсэн байна” гэх мэт асуудаг боллоо. Ах маань захиандаа “Дүүгээ оюутан болсонд маш их баяртай байна. Миний дүү ном уншиж, гадаад хэл сайн сураарай” хэмээгээд ил захидалдаа “Баярлалаа” гэдэг үгийг 30 орны хэлээр бичиж, унших номын жагсаалтыг нэг бүрчлэн бичсэн байлаа. Ах гадаадад байхдаа утсаар бараг ярихгүй, улиралдаа нэг захидал бичдэг байлаа. Захидалдаа заримдаа таван евро хавчуулсан байдаг байж билээ. Оюутан хүнд нэг евро ч их мөнгө шүү дээ. Төрсөн өдрийг минь мартсан тохиолдол нэг ч үгүй. Дандаа гоё зурагтай ил захидал илгээдэг байж билээ. Сүүлд нэг захиандаа “Миний дүү их завгүй байгаа сурагтай. Сайн байна. Өөрийгөө бүхий л талаар нь хөгжүүлээрэй. Хүчтэй, мундаг бүсгүй болно гэдэгт итгэж байгаа шүү. Багын л уйлаад суудаг байсан жаахан охиноор чинь санах юм. Гэтэл одоо их сургуулиа төгсөх гэж байх юм” гэж бичжээ. 
Ах минь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр нэг л өглөө “Ааваа, ээжээ хүү нь Австри Улс руу явлаа. Тэнд очиж англи хэл сурна. Дэлхийн хүн болохын тулд дэлхийн хэл сураад ирье” гэсээр ирээд, ирсэн шигээ харийн орныг зорьсон билээ. Ер нь ах ямарваа нэг зүйлийг удаан бодож, төлөвлөөд байхгүй. Шууд шийднэ. шийдсэн зүйлийнхээ үр дүнг үзэх гэж эргэлт буцалтгүй зүтгэдэг зантай. Австри тэргүүтэй европын орнуудад ах минь цөөнгүй жил сурч, ажиллаж, амьдарсан билээ. Ахыг эхлээд сумын төвөөс дараа нь Улаанбаатараас номнуудаа үүрсээр ирэхийг тэсэн ядан хүлээдэг байсан бол энэ удаад Австри Улсаас, Европ тивээс гэртээ, эх орондоо инээсээр ирэхийг нь хүлээдэг болсон юм. 

АХ  ЭХ ОРОНДОО ИРСЭН НЬ

Дэлхийн хүн болохоор хилийн дээс алхсан ах минь гэнэт нэг өдөр явлаа гэсэн шигээ гэнэтхэн хүрээд ирсэн. Тэгж ирэхдээ ч хэдэн дүү нартаа элдэв бэлэг сэлт биш чемодон чемоданаар нь ном авчирч билээ. Түүний амьдралыг битгий хэл нэг өдрийг нь ч ном, сонингүйгээр төсөөлшгүй. 
Анхны яруу найргийн номоо гаргах гээд хэдэн шүлгээ багшдаа уншуулах санаатай явж байгаад ахтай таарчихав. Тэрбээр “Алив, би шүлгүүдийг чинь уншаад үзье. Нэг гэрт нэг л төрөлхийн яруу найрагч байдаг юм. Тэр нь хэн байх вэ гэдэг их сонирхолтой байна. Чамайг шүлэг бичдэг гэдгийг хүмүүсээс сонссон. Миний дүү яруу найрагч болох хэцүү дээ. Ер нь дэмий. Ах нь дүүгээ шаналж явааг хармааргүй л байна. Гэхдээ бурхан чамд авьяас билэг бэлэглэсэн бол ах нь түүнийг нь үгүйсгэхгүй ээ” гээд шүлгүүдийг минь уншихаар авч одов.  
Тэр явдлаас нэг их удалгүй ах инээсээр манай гэрт орж ирлээ. Хүүхдүүдийг маань нэг бүрчлэн үнсээд эгдүүрхэн эрхлүүлнэ. Манай хүү том ахыг харахаараа томоотой болчихдог байж билээ. Би ч гэсэн хар багын л ахаас эмээдэг хэвээрээ, биеэ цэгнэн суув. Тэгтэл ах цай уухын завдалгүй “Ах нь ганц нэг үг үсгийн алдаа л заслаа. Болж байна. Сайн байна” гэж догдолсон аястай хэлэв. Би юу хэлэхээ мэдэхгүй баярлаж зогстол гэнэтхэн “Гэхдээ ясны яруу найрагч байх хэцүү дээ. Ах нь болдог бол чамайг битгий шүлэг бичээсэй гэж хүсэх юм” гэж билээ. Гэсэн ч ах минь миний анхны номыг ариутган шүүж, өмнөх үг бичиж өгч, хэдэн бор шүлгийг минь өөрийнх юм шиг хайрлан уншсаар суусан билээ. Миний ах намайг үргэлж дэмжиж, урам өгч, үлгэр жишээ минь байж чадсан юм.

АХ СОЛОНГО БОЛОН ТАТСАН НЬ

Том том цас хаялсан намуухан өглөө ахыг эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад нь ороод чихэнд нь “Агаа, гадаа цас орж байна” гэж шивнэхэд ах минь гараа хөдөлгөж, нүдээ нээх гэж оролдсон юм. Бид ухаан орчихлоо хэмээн баярлаад эмч нар ч хагалгаа хийх тухай нааштай мэдээ дуулгалаа. Бид санаа амарч, гэртээ харьцгаачихаад маргааш өглөө нь эмнэлэгт очтол ахыг эмчилгээгүй болсон гэдгийг эмч нар хэлэв. Би юу ч ойлгосонгүй, эмч нарт ч итгэхгүй “Ах минь зүгээр л унтаж байгаа” гэж бодлоо. Гэтэл аав нэг их гүн бодол болоод, ээж эмнэлгийн булан тохой бараадан нулимс дуслуулна. Эгч, ах нар сандралдаж, ийш тийш утсаар ярьж хүмүүст таагүй мэдээ дуулгана. Яагаад ч юм уйлж болохгүй гэсэн аавын үг санаанд ороод ахыг зүгээр л унтаж байгаа гэдэгт итгэсээр байлаа. 
Эмнэлгийн хүйтэн өрөөнд түүнийг цагаан даавуугаар хучаад, цэнхэр хадгаар нүүрийг нь боосон байлаа. Лам ном уншиж, бүгд уйлсаар байв. Би байн байн аав руугаа хараад аав уйлаагүй бол “Би уйлахгүй шүү” гэсэн юм бодоод тэвчиж байлаа. Түүнийг олонтойгоо явсан, сайхан хүн байсныг хүн болгон л бидэнд ярьж байв. Найз нөхөд, ахан дүүс нь түүний тухай түүх сөхөж, санан дурсаж байсан юм... 
Хүйтэн хов хоосон гэрт ахыг минь орон дээр хэвтүүлжээ. Хамгийн эхэнд би түүний биед гар хүрч бусад хүн миний дараа гэрт орох ёстой байсан юм. Тэр үед ч гэсэн би бодит үнэнд итгэхийг хүссэнгүй. унтаж байгаа л гэж бодсон хэвээр. Ахыг хөдөөлүүлдэг өдөр их хүйтэн салхитай, тэнгэр бүүдийсэн өдөр байсан. Үүрд үлдээхээр зорьж буй газар руу нь явж байхдаа би хэсэгхэн дугхийчихсэн байв. Тэгэхдээ дулаахан нарны гэрэлд солонго татаж байна гэж зүүдэлсэн юм. Сонин нь ахын минь тэнд байгааг гэрчлэх тэмдэг болох чулуун дээр яруу найрагч Сэрээнэнгийн Билигсайхан (1983-2017) “Урд уулын энгэр хүртэл татсан солонгонд  гэрэлтнэм би” хэмээн өөрийх нь шүлгийн мөрийг сийлсэн байж билээ. 
Түүнийг солонго болсноос хойш хоёр сар өнгөрчээ. Ээж минь үүрээр уйлж, аав минь алсын бараа ширтэж, санаашран суусаар байхыг үзээд бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн ч миний ах миний сэтгэлд үүрд амьд сэрүүнээрээ, мөнхөд солонго татуулсаар байх билээ. Түүний шүлгээр ахынхаа тухай бодролоо төгсгөе.

Ай хөхөө хөхөө 
Би хэд наслах вэ?
Эргэн тойрон аниргүй!
        
Шувуудын хойноос 
Дэрсэн толгой бөхөлзөнө
Бодохоос ч уйтай!
        
Тээр дээр нисэж байгаа шувуунд 
Тэнгэр яасан гоё зохино вэ
Зуны цэлмэг өдөр 
        
Хойд насандаа би 
Хонин гүрвэл болж төрөөд 
Элээний нүдэнд өртөх юм бол 
Ээ дээ мөн ч их баярлана даа
        
Өөдөө харахаар чамайг санадаг гэнэм
Уруугаа би харнам
Өлмий дээрээ зогсохоор чи харагддаг гэнэм
Өвсөн дунд нуугднам би
        
Намрын манан дундахй
Энэ олон хөшөөнүүдийг 
Надаас өөр хэн ч харахгүй 
Чулуу болохын цагт намайг хүмүүс танина даа

 

 

С.БЭРЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол